“8-р сарын 15–21. Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86: ‘Миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“8-р сарын 15–21. Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
8-р сарын 15–21
Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86
“Миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье”
Сайн мэдээ суралцагчийн хувьд таны үлгэр жишээ хүүхдүүдэд хүчтэй нөлөөлж чадна. Сайн мэдээнээс суралцсан сүнслэг туршлагаасаа тэдэнтэй хуваалц.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Танд Аврагчийн хайрыг мэдрэхэд тусалдаг магтаал, дуулал эсвэл хүүхдийн дуунаас нэг шүлгийг хүүхдүүдтэй хуваалц. Хүүхэд бүрд ийн хуваалцах боломж олго.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Намайг буруу сонголт хийсэн үед Есүс Христ өөрчлөгдөхөд минь тусалж чадна.
Алдаа гаргах нь эгэл амьдралын нэг хэсэг гэдгийг мөн тэдгээрийг ялан дийлэхдээ бид Есүс Христээс тусламж хүлээн авч чадна гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Буруу сонголт хийсэн боловч илүү сайн байхын тулд Аврагчаас тусламж авсан нэг энгийн түүхийг өөрийнхөө амьдралаас юм уу Найз эсвэл Лиахона сэтгүүлээс хуваалц (жишээлбэл, ChurchofJesusChrist.org дээрээс “The Shiny Bicycle” видео бичлэгийг үзнэ үү). Дуулал 51:10-ыг уншиж, Аврагч “цэвэр зүрх,” “зөв сүнстэй” байхад тань туслах үед мэдэрдэг баяр хөөрөө хуваалц.
-
Хүүхдүүдэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзүүл. Зураг бүр лүү зааж, харж буй зүйлээ дүрслэн хэлэхийг хүүхдүүдээс хүс. Наманчлал, өршөөл зэргийн талаар суралцахад нь хүүхдүүдэд туслахын тулд тайлбарыг уншиж өг.
Би Есүс Христийн тухай бусдад ярьж чадна.
Хүүхдийн бүрэн итгэлтэй үгс зүрх сэтгэлийг хөндөх онцгой хүч чадалтай. Есүс Христийн талаарх гэрчлэл бусдад тусалж чадна гэдэг итгэлийг тэдэнд өг.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд Дуулал 71:8-ыг уншиж өгөөд, самбар дээр том ам зур. Есүс Христийн талаар бусдад хэлж болох зүйлсээр энэ амыг “дүүргэхэд” туслахыг тэднээс хүс.
-
Есүс Христийн зургийг тойруулан дамжуул. Хүүхдүүдээр энэ зургийг ээлжлэн бариулж, Түүний талаар мэддэг нэг зүйлээ хэлэхийг хүс. Тэр бидний төлөө юу хийсэн бэ? (Сайн мэдээний уран зургийн цуглуулга дахь зургууд санаа өгч болох юм.)
Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.
Дууллын олон нь тусламж, удирдамж, хамгаалалтын төлөө Бурханд хандсан залбирал адил юм. Хүүхдүүдийг залбирах үед Тэнгэрлэг Эцэг тэднийг сонсож мөн хариулдаг гэсэн итгэлийг хөгжүүлэхэд та тэдэнд хэрхэн тусалж чадах талаар бодож үз.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдээс хол хөндий амьдардаг хүмүүстэй хэрхэн ярьдгийг асуу. Утас, захидал зэрэг холбоо барихад ашиглаж болох зарим зүйлийг тэдэнд үзүүл. Тэдэнд Дуулал 86:7-г уншиж өг. Бид Тэнгэрлэг Эцэгийг хэрхэн “дууддаг” вэ? Тэр бидэнд хэрхэн хариулдаг вэ?
-
Хүүхдүүдийг өглөө сэрж, өглөөний хоол идэж байгаа мөн сургуульдаа явж эсвэл орондоо орж байгаа зэрэг өдөр бүр хийдэг зүйлсээ жүжигчлэн үзүүлэхэд урь. Өдрийн турш Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч чадах цагийг олоход нь тэдэнд тусал. Бид Түүнд хандан хэзээ ч залбирч чадах бөгөөд Тэр биднийг үргэлж сонсох болно гэдгийг гэрчил.
-
“Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6–7) зэрэг залбирлын тухай дууг хамтдаа дуул. Бурхан таны залбиралд хариулсан үеийн тухай ярьж өг.
“Их Эзэний үйлсийг би санана.”
Судрууд Түүний “эрт үеийн гайхамшгуудыг” санахад бидэнд тусалснаар Есүс Христэд итгэх итгэлийг бэхжүүлж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд Дуулал 77:11-ийг уншиж өгөөд, та “Их Эзэний үйлсийг санахыг,” үүний дотор өдөр тутмынхаа амьдрал дахь Түүний үйлсийг санахыг хэрхэн хичээдэг талаар хэл. Түүний хийсэн агуу зүйлсийг санахад хүүхдүүдэд туслах зургуудыг зурахад тэднийг урь.
-
Их Эзэний Өөрийн хүмүүсийн төлөө хийсэн агуу зүйлсийн талаар Хуучин Гэрээнээс сурсан түүхүүдийг нь хүүхдүүдэд сануулахын тулд энэ номоос эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагаас зургуудыг үзүүл. Тэднээс эдгээр түүхийн алинд нь хамгийн дуртай мөн яагаад гэдгийг асуу.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Наманчлал бол зүрх сэтгэлийн өөрчлөлт юм.
Дуулал 51 нь наманчлалын тухай хэд хэдэн үнэнийг агуулдаг. Та энэ үнэнийг олж мэдэхэд нь хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрх судрын эшлэлүүдээс нэгийг уншуулахаар хүүхэд бүрд хуваарил. Наманчлалын талаар зааж байгаа үгсийг олохыг тэднээс хүс. Эдгээр үгийг тэднээр самбар дээр бичүүл. Хүүхэд бүрийг хуваалцсаны дараа “Наманчлах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?” гэж найзыгаа асуувал түүнд юу гэж хариулахыг тэднээс асуу.
-
Самбар дээр нэг зүрх зур. Сатаны биднээр үйлдүүлэхийг хичээдэг зарим нүглийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Эдгээр нүглийг зүрхэн дотор бич. Хүүхдүүдээс Дуулал 51:10, 17 дээрээс зүрх гэдэг үгийг олохыг хүс. Эдгээр шүлэг наманчлалын талаар бидэнд юу заадаг вэ? (6-р шүлгийг үзнэ үү). Бид нүгэл үйлдэхээ больсон хэдий ч наманчлахын тулд зүрх сэтгэл маань өөрчлөгдөх хэрэгтэй гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Самбар дээрх зүрхэн дотор бичсэн нүглүүдийг арилгаж, наманчлах үед бидний зүрх сэтгэлд гардаг өөрчлөлтийг дүрслэх шинэ үгс бичихийг хүүхдүүдээс хүс. Биднийг наманчлах үед Бурхан “[бидний] дотор цэвэр зүрхийг бүтээж” чадна гэдэг талаар гэрчлэлээ хуваалц (10-р шүлэг).
“Их Эзэний үйлсийг би санана.”
Израилчууд өөрсдийнх нь төлөө Бурханы гүйцэтгэсэн гайхамшгуудыг хүүхдүүддээ заасан бөгөөд тэгснээр хүүхдүүд нь “Бурханд итгэлээ өгч” (Дуулал 78:7) болох байв.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдээс судрын дуртай зарим түүхээ хуваалцахыг хүс (Сайн мэдээний уран зургийн цуглуулга дээрх зургууд тэдэнд түүхийг санахад нь тусалж болох юм). Тэд яагаад энэ түүхэнд дуртай вэ? Эдгээр түүх Их Эзэний талаар бидэнд юу заадаг вэ? Дуулал 77:11; 78:7-г хамтдаа унш. Яагаад “Их Эзэний үйлсийг санах” нь чухал вэ?
-
Хүүхдүүдээс Дуулал 66:16-г уншин, “Их Эзэн сүнсний минь төлөө юу хийсэн бэ?” гэдэг асуултад хариулах тухай бодож эсвэл хариултаа бичихийг хүс. Тэгээд тэднийг хүсвэл хариултыг нь хуваалцуул. Их Эзэний бидний төлөө хийсэн зүйлсийг “үргэлж дурсан санахын” (Moронай 4:3; 5:2) тулд бид юу хийж чадах вэ?
Их Эзэн өршөөхийг хүсдэг.
Хэрэв бид нүгэл үйлдвэл Их Эзэн хэзээ ч өршөөхгүй гэж бодуулахыг Сатан хүсдэг. Их Эзэн “уучлахад бэлэн; хайр энэрлээр элбэг” (Дуулал 86:5) гэдэгт итгэлтэй болоход нь хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Аврагчийн зургийг үзүүлээд (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрхтэй адилхан), Түүнийг дүрслэхдээ ямар үгсийг ашиглахыг хүүхдүүдээс асуу. Аврагчийг дүрсэлж байгаа үгсийг Дуулал 86:5, 13, 15 дээрээс олоход тэднийг урь. Шаардлагатай бол эдгээр үгийг тодорхойлоход тэдэнд тусал. Бурхан тэднийг нүгэл үйлдэхэд уурладаг гэж боддог найздаа бид юу гэж хэлэх вэ?
-
“I Stand All Amazed” (Hymns, no. 193) зэрэг Аврагчийн өршөөнгүй чанарыг ойлгоход тусална гэж бодож байгаа дууг хүүхдүүдтэй хамт дуул. Есүс Христ биднийг өршөөхийг хүсдэг тухай гэрчлэлээ хуваалц.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрладаг нэг шалтгаанаа нэрлэхэд хүүхэд бүрийг урь. Уг шалтгааныг гэртээ байгаа хэн нэгэнтэй хуваалцахад тэднийг урамшуул. Тэдний үгс тэр хүнийг адислах болно гэдгийг гэрчил.