“8-р сарын 22–28. Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150: ‘Амьсгалтай бүхэн Их Эзэнийг магтагтун,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“8-р сарын 22–28. Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
8-р сарын 22–28
Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150
“Амьсгалтай бүхэн Их Эзэнийг магтагтун”
Заахад бэлдэж байхад тань нэмэлт санаа авах хэрэгтэй бол та энэ эх сурвалжийн эхэнд буй “Хүүхдүүдэд заахад зориулсан нэмэлт эх сурвалж” болон “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх нь” хэсгийг үзнэ үү.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрээс зарим зургийг үзүүлээд, зурган дээрээс юу харж байгаа талаараа ярихад хүүхдүүдийг урь. Эдгээр зураг болон Дуулал номоос сурч байгаа зүйлийн хоорондох холбоог олж харахад тэдэнд тусал.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Бурханы үг гэрэлтэй адил.
Таны заадаг хүүхдүүд Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очих зам дээр явж байгаа. Бурханы үг тэднийг одоо төдийгүй амьдралынх нь туршид уг зам дээр байхад тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Дуулал 119:105-д дурдсан зүйлсийн зургуудыг үзүүлж, таныг эдгээр шүлгийг унших зуур уг зургуудыг зөв дараалалд оруулан тавихад хүүхдүүдийг урь. Таныг зургууд руу заах үед уг шүлгэн дээрх үгсийг тантай хамт давтан хэлэхийг хүүхдүүдээс хүс.
-
Харанхуйд байх нь ямар санагддаг талаар ярихад хүүхдүүдийг урь. Харанхуйд ямар ямар зүйлийг хийхэд хэцүү байдаг вэ? Та зураг зурах гэх мэт ямар нэгэн зүйлийг нүдээ аньж байгаад хийхээр оролдоход нэг хүүхдийг урьж болох юм. Эдгээр зүйлийг гэрэлтэй байхад хийх нь яагаад илүү амархан байдаг вэ? Сударт байгаа Бурханы үг болон амьд бошиглогчдын үгс хэрхэн Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очих замыг маань гэрэлтүүлдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр намайг мэддэг мөн надад хайртай.
Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр биднийг хувь хувьд маань мэддэг гэдгийг бид амьдралынхаа туршид санадаг байх хэрэгтэй. Дуулал 139 нь Тэд тэднийг мэддэг мөн тэдэнд хайртай гэдгийг хүүхдүүдэд заахад тань тусална.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхэд бүрийн тухай мэддэг зүйлийнхээ талаар богино жагсаалт гарга. Та эдгээр жагсаалтыг нэг нэгээр нь унших зуураа, аль хүүхдийг дүрслэн хэлж байгааг таахыг хүүхдүүдээс хүс. Дуулал 139:1–3-ыг уншиж, мэдэхгүй байж болох үгсийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр тэднийг маш сайн мэддэг бөгөөд тэдний нэрийг төдийгүй, юу тэднийг баяр хөөртэй, гунигтай болгодог гэдгийг, түүнчлэн тэдний юу сайн хийдгийг мэддэг гэдгийг гэрчил.
-
Дуулал 139:23-ыг уншиж, таныг “зүрх” гэж хэлэхэд зүрхэн тус газраа гараа тавьж, “бодлууд” гэж хэлэхэд толгойдоо гар хүрэхэд хүүхдүүдийг урь. Бурхан таны зүрх сэтгэл болон бодлыг мэддэг гэдгийг мэдэрч байсан үеийнхээ талаар хуваалц.
Би Их Эзэнийг магтан дуулж чадна.
Их Эзэнийг магтан дуулах гэдэг нь Түүнийг хайрлаж, Түүнд талархаж явдгаа илэрхийлэх гэсэн утгатай. Бид дуулж, залбирч, Түүний сургамжийг дуулгавартай дагах зэрэг зүйлсийг хийхдээ Түүнийг магтан дуулж байдаг гэдгийг сурахад нь хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Хэн нэгэн тэднийг магтаж, сайн зүйл хийсэн гэж хэлсэн туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Их Эзэний хийсэн зарим сайн зүйлийг Дуулал 146:6–9 дээрээс хуваалцаж, бидний төлөө хийдэг бусад зүйлийнх нь талаар ярилцахад хүүхдүүдийг урь. Эдгээрийн төлөө Түүнийг магтан дуулах арга замуудыг бодоход тэдэнд тусал.
-
“Beauty Everywhere” (Children’s Songbook, 232) зэрэг магтаалын дууг хамтдаа дуул. Эрт цагт Дуулал нь израилчуудын хувьд бидний өнөөдөр Бурханыг шүтэн биширч, магтахдаа дуулдаг дуу адил байсан гэдгийг тайлбарла.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Их Эзэн намайг тайтгаруулж, найдвар төрүүлдэг.
Бурхан бидний зовлон шаналлыг мэддэг бөгөөд биднийг тайвшруулж, урамшуулахыг хүсдэг. Хэрэгтэй үедээ Бурханд хандаж болохын тулд Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Дуулал 102:1–2-ыг уншихыг нэг хүүхдээс хүс. Зовлон бэрхшээлт цаг үед Их Эзэн бидэнд хэрхэн тусалж чадах вэ? Бид Түүний тусламжийг хэрхэн гуйдаг вэ? Хэрэгцээтэй үед тань Бурхан таны залбирлуудыг сонссон гэдгийг мэдэрсэн туршлагаа хуваалцаж, хүүхдүүдийг туршлага, гэрчлэлээ хуваалцахад урь.
-
Хүүхдүүдийг Дуулал 103 дээрээс тайтгаруулж, найдвар төрүүлсэн үгсийг олоход урь. Эдгээр үг нь зовлон тулгараад байгаа хүмүүст хэрхэн тусалж чадах вэ? Сорилт бэрхшээл тулгарах үед нь Их Эзэн хүүхдүүдэд тусална гэдгийг сануулахын тулд утга учиртай санагдсан үгсээ бичиж авахад тэднийг урамшуул.
Бурханы үг надад Түүний замыг дагахад тусалдаг.
Хэдийгээр дэлхий заримдаа харанхуй мэт санагдаж болох ч Бурханы үг замыг маань гэрэлтүүлж, Өөр дээр нь буцаж очиход бидэнд тусалдаг.
Боломжит үйл ажиллагаа
-
Самбарт гэрлийн (дэнлүү гэх зэрэг) болон судрын зургийг зур. Хүүхдүүдийг Дуулал 119:105-ыг уншихад урь. Гэрэл бидэнд хэрхэн тусалдаг вэ? Бурханы үг бидэнд хэрхэн тусалдаг вэ? Самбар дээрх зургуудын хажууд хариултаа бичихийг хүүхдүүдээс хүс. Бурханы үг хэрхэн гэрэлтэй адил байдаг вэ? Энэ нь бидэнд Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очих зам дээр үлдэхэд хэрхэн тусалдаг вэ?
-
Хүүхдүүдийг хоёр хоёроор нь хувааж, хос бүрд дараах судрын хэсгүүдийн нэгийг оноож өг. Үүнд: Дуулал 119:47–48; Дуулал 119:105; 1 Нифай 11:25; 2 Нифай 31:20. Тэднийг энэ хэсгүүдийг уншаад, Түүн рүү буцаж очих зам дээр үлдэхэд туслах юуг Тэнгэрлэг Эцэг бидэнд өгснийг олж мэдэхэд урь. Хүүхдүүдийг сурсан зүйлсийнхээ ачаар юу хиймээр байгаагаа тунгаан бодож, хуваалцахад урь.
-
“I Will Walk with Jesus” (ChurchofJesusChrist.org) зэрэг Бурханы замыг дагах тухай дууг хамтдаа дуул. Зөв зам дээр хэрхэн үлдэх тухай энэ дуунаас бид юу сурч болох вэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн өсөж хөгжихөө мэдэхэд надад тусалж чадна.
Дуулал 139 нь Бурхан бидний талаар бүх зүйлийг, тухайлбал давуу тал болон дутагдлыг маань мэддэг гэдгийг заадаг. Хэрэв бид Түүнд хандах аваас, Тэр бидэнд Өөртэй нь илүү адил болохын тулд юу хийх хэрэгтэйг зааж өгч чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Самбарт Дуулал 139:23–24-ийн үгсийг бичиж, Бурханы бидний төлөө хийж өгч чадах зүйлсийг дүрсэлсэн үгсийн доогуур зурахад хүүхдүүдийг урь. Бид яагаад Бурханаар эдгээр зүйлийг хийлгэхийг хүсэх вэ? Бид хэрхэн “мөнхийн замаар [биднийг удирдахад]” Түүнийг урьж чадах вэ?
-
Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр дэх анхаарах дөрвөн талыг буюу сүнслэг болон нийгэм, бие махбод, оюун санааны талуудаа сайжруулан хөгжүүлэх арга замуудыг өөрсдийн амьдралд “эрэлхийлэхэд” хүүхдүүдийг урамшуул. Тэднийг эдгээр дөрвөн тал дээр хэрхэн сайжирч болохыг Их Эзэн мэддэг гэдгийг тэдэнд сануулж, Түүний удирдамжийг эрэлхийлэхэд урамшуул.
-
“Эцэг минь гуйя, надад туслаач” (Хүүхдийн дууны ном, 52) дууны хоёрдугаар бадаг гэх мэт, Тэнгэрлэг Эцэг бидэнд сайжрахад хэрхэн тусалж чадах тухай дууг дуул. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн танд сайжрахад тань тусалсан талаар хуваалц.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Та хүүхдүүдийн нэгийг мөн уг хүүхдийн гэр бүлийн гишүүдийн нэгийг, гэртээ сайн мэдээнээс суралцахын тулд юу хийж байгаагаа ангийнхантай хуваалцахад урьж болох юм. Эдгээр санааг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад ангийн бусад гишүүнийг урамшуулан дэмж.