“8-р сарын 8–14. Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46: ‘Их Эзэн бол миний Хоньчин,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“8-р сарын 8–14. Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
8-р сарын 8–14
Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46
“Их Эзэн бол миний Хоньчин”
Энэ тойм нь хүүхдүүдийг адислах, Дуулал номон дахь гайхалтай хэсгүүдийг санал болгодог бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлах хэрэггүй. Сүнсний удирдамжийг дага.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хэдэн өдрийн өмнө урьдчилж цөөн хүүхдийг өөрсдөө болон гэр бүлийнхэнтэйгээ хамт энэ долоо хоногт Дуулал номоос уншсан зүйлсийнхээ зургийг, тухайлбал хоньчин (Дуулал 23:1-ийг үзнэ үү), аяга (Дуулал 23:5-ыг үзнэ үү) эсвэл зүрх (Дуулал 24:4-ийг үзнэ үү) зэргийн зургийг хичээлдээ авчрахад урь. Тэднийг зурсан зүйлийнхээ талаар мөн эдгээрийг дурддаг Дуулал ном дахь шүлгийн талаар ярихад урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
“Тэнгэр нь Бурханы алдар сууг зарладаг.”
Дуулал 19 болон 33 нь бид өөрсдийн эргэн тойрон дахь Бурханы үзэсгэлэнт бүтээлүүдээс Бурханы алдар суу мөн сайн сайхны нотолгоог олж чадна гэдгийг заадаг. Эргэн тойрноосоо Бурханы мутрыг олж харж сурахад нь хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Бурханы бүтээсэн үзэсгэлэнт зүйлсийн хэд хэдэн зургийг хүүхдүүдэд үзүүл. Эсвэл эдгээр зүйлийг харахаар хамтдаа цонхоор хар. Тэнгэрлэг Эцэгийн бүтээлүүдийн юунд нь хүүхдүүд хайртайг асуу. Дуулал 19:1 эсвэл 33:5-ыг уншаад, хүүхдүүд Тэнгэрлэг Эцэгийн бүтээлүүдийг харах үедээ Түүний талаар ямар бодолтой байдгийг асуу.
-
“Сайхан дэлхий” (Хүүхдийн дууны ном, 123) зэрэг Бурханы бүтээлүүдийн тухай дууг хамтдаа дуул. Хүүхдүүдийг Бурханы бүтээсэн ямар нэгэн зүйлийг сонгоод (дуун дээр гарсан ямар нэг зүйл гэх зэрэг), зургийг нь зуран, гэр бүлийнхэндээ үзүүлэхэд урь.
“Их Эзэн бол миний Хоньчин.”
Хэрэв хүүхдүүд бага наснаасаа Их Эзэн тэдний хоньчин гэдгийг мэдэж авах юм бол, тэд “зөв шударгын зам дээр” Түүнийг дагах магадлал өндөр байх болно.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхэд бүрд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг өг эсвэл тэдэнд нэг нэг үйл ажиллагааны хуудас өг. Та Дуулал 23-ыг уншихдаа тэднээс сонсохыг хүс. Дуулал номд дурдсан хэсгийг сонсох үедээ зургаа дээш барьж эсвэл заахыг тэднээс хүс. Хоньчин хоньдоо харж ханддаг шиг Есүс биднийг харж ханддаг гэдэг гэрчлэлээ хуваалц.
-
Аврагч танд хайртай гэдгийг мэддэг болсон зарим арга замаа хүүхдүүдэд ярьж өг. Хүүхдүүдийг нэг нэгээрээ ээлжлэн зогсоод, Есүс өөрсдөд нь хайртай гэдгийг мэддэг зарим арга замаа хуваалцахад урь. “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42–43) зэрэг тэдэнд санаа өгөх дууг хамтдаа дуул.
Есүс Христ гунигийг баяр хөөр болгон хувиргаж чадна.
Гунигтай үедээ Есүс Христийн санал болгодог баяр хөөрийг өөрсдийн биеэр мэдрэхэд нь хүүхдүүдэд хэрхэн туслах талаар тунгаан бодно уу.
Боломжит үйл ажиллагаа
-
Таныг Дуулал 30:5 дээрээс “Шөнөд уйлаан байж болох ч” гэж унших зуур уйлж байгаа дүр үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Тэгээд таныг “Өглөөд баярын уухай ирдэг” гэж унших үед баяр хөөртэй болохыг тэднээс хүс. Эдгээр үгийг хэдэн удаа давтан хэлээд, бидний энэ амьдралд мэдэрдэг уйтгар гуниг Есүс Христийн ачаар баяр хөөрөөр солигдож чадна гэдгийг хүүхдүүдэд гэрчил.
-
Аврагчийн зургийг үзүүлээд, танд баяр хөөр авчирдаг, таны төлөө Түүний хийсэн зарим зүйлийг хүүхдүүдэд ярьж өг. Хүүхдүүдэд зургийг ээлжлэн бариулаад, Есүс тэдэнд баяр хөөрийг авчирдаг юуг хийсэн талаар хуваалцуул.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Их Эзэн надад амар амгалан, хүч чадал, удирдамжийг санал болгодог.
Дууллын олон ном бидний амьдрал дахь Их Эзэний адислалуудын талаар гэрчилдэг. Түүнд итгэн найдаж, Түүн рүү хандаж сурахад нь хүүхдүүдэд туслахаар та Дуулал номыг ашиглаж болно.
Боломжит үйл ажиллагаа
-
Самбар дээр Их Эзэн бол гэж бич. Хүүхдүүдээс дараах судруудаас нэг юм уу хэд хэдэн судар уншуулахаар сонгуул. Үүнд: Дуулал 23:1; 27:1; 28:1; 28:7; 32:7; 46:1. Тэднийг судраас сурсан зүйлсээ ашиглан самбар дээр уг өгүүлбэрийг гүйцээхийг хүс. Эдгээр бэлгэ тэмдэг Их Эзэний тухай бидэнд юу заадаг талаар ярилцахад хүүхдүүдэд тусал.
-
Хурганы зургийг хүүхдүүдэд үзүүл. Хургыг аюулгүй, эрүүл байхад хэрэгтэй зарим зүйлийг нэрлэхийг тэднээс хүсэж, санаа авахын тулд Дуулал 23:1–4-ийг үзэхэд урамшуул. Тэгээд хүүхдийн зургийг үзүүл. Бид сүнслэг байдлын хувьд аюулгүй, эрүүл байхын тулд юу хийх хэрэгтэй вэ? Дуулал 23-ыг хамтдаа уншиж, энэ дуулал дээр хоньчны хийж байгаа зүйлсийг Есүс Христийн бидний төлөө хийдэг зүйлстэй хэрхэн харьцуулж болохыг хүүхдүүдээс асуу.
Их Эзэний өргөөнд орохын тулд бидэнд “цэвэр гар, ариун зүрх” хэрэгтэй.
Хүүхдүүдийг хэзээ нэгэн өдөр ариун сүмд орохоо тэсэн ядан хүлээхдээ, Аврагчийн Цагаатгалаар дамжуулан сүнслэг байдлын хувьд цэвэр болсноор ариун сүмд ороход бэлтгэж чадна гэдгийг ойлгоход тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд ариун сүмийн зургийг үзүүл. Тэднийг Дуулал 24:3-ыг уншиж, ариун сүмийг сануулах үгсийг олоход урь. Тэгээд хэн ариун сүмд орж чадахыг олж мэдэхээр 4-р шүлгийг (мэдэхгүй үгсийг тайлбарлаж өг) хамтдаа унш. Бидний гар хэрхэн бохирддог вэ? Бидний гар болон зүрх сэтгэл сүнслэг байдлын хувьд хэрхэн бохирлогддог вэ? Бид гараа хэрхэн цэвэрлэдэг вэ? Аврагч бидэнд гар болон зүрх сэтгэлээ сүнслэг байдлын хувьд цэвэрлэхэд маань хэрхэн тусалдаг вэ? (Хэрэв тустай бол, энэ шүлэг дэх “гар” гэдэг үг бидний үйлдлийг, “зүрх сэтгэл” гэдэг үг бидний хүслийг төлөөлж байгаа гэдгийг тайлбарла.)
-
Ариун сүмийн эрхийн бичиг авахад юу шаардлагатайг хүүхдүүдтэй хамт үзнэ үү (Рассэлл М.Нэлсон, “Хаалтын үгс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 138-ыг үз эсвэл эдгээр шаардлагын талаар ангийнхантай ярилцахаар бишопын зөвлөлийн гишүүнийг урь). Хүүхдүүдийг ариун сүмд орох зохистой байхаар бэлтгэхийн тулд хийх хэрэгтэй гэж бодож байгаа нэг зүйлийг сонгоход урь.
“Тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэд.”
Бидний эргэн тойрон дахь завгүй байдлаас үл хамааран, хүндэтгэлтэй, чимээгүй байх цаг гаргах нь бидэнд Бурхан амьд гэдэг гэрчлэлээ хөгжүүлэхэд тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд Дуулал 46:10-ын эхний өгүүлбэрийг цээжлэхэд тусал: “Тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэд.” Бодит байдалд мөн оюун санааны хувьд “тэмцэлдэхээ боль” гэдэг нь юу гэсэн утгатай байж болох талаар тэдэнтэй ярилц. “Тэмцэлдэхээ больсон” нь таны Тэнгэрлэг Эцэгийн талаар гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн туршлагаасаа хүүхдүүдтэй хуваалц. Хүүхдүүдээс өөрсдийн туршлагыг хуваалцахыг хүс. Тэмцэлдэхээ болих нь яагаад Бурхан амьд гэдгийг мэдэх чухал арга зам бэ?
-
Хүүхдүүдийг ердийн өдөр юу хийдэг талаараа ярихад урь. Өдрийн туршид “хөдөлгөөнгүй” байж, Тэнгэрлэг Эцэгт ойр байгаагаа мэдэрч болох мөчүүдийн талаар бодоход тэдэнд тусал. Ирэх долоо хоногийн туршид Тэнгэрлэг Эцэгийн талаарх гэрчлэлээ бэхжүүлэхээр эдгээр мөчийг ашиглах зорилго тавихад тэднийг урамшуул.
-
Тэнгэрлэг Эцэг бодитой бөгөөд бидэнд хайртай гэдгийг өөрсдөө олж мэдэхийн тулд бидний хийж болох зарим зүйлийг жагсаан бичихэд хүүхдүүдийг урь. Хийхийг хүсэж байгаа ямар нэг зүйлээ жагсаалтаас сонгоход тэднийг урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Дуулал номоос өнөөдөр ярьсан, өөрсдийн дуртай нэг шүлгийг сонгоход хүүхдүүдийг урь. Уг шүлгээ гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа хуваалцахад урамшуул.