“8-р сарын 1–7. Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42: ‘Гэсэн ч би Түүнд найдах болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“8-р сарын 1–7. Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
8-р сарын 1–7
Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42
“Гэсэн ч би Түүнд найдах болно”
Та Иовын түүхийг судлахдаа өөрийнхөө амьдралд зориулсан ямар захиасыг олж мэдсэн бэ? Заадаг хүүхдүүд тань эдгээр захиасын алиныг нь сонсох хэрэгтэй гэж та бодож байна вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Иовын зургийг хүүхдүүдэд үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Зурган дээрх эрэгтэй юу бодож байж болохыг хүүхдүүдээс асуу. Тэднийг Иовын талаар мэддэг бусад зүйлээ хуваалцахад урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Намайг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэлтэй байх үед тэд надад хэцүү цагт туслах болно.
Иов Бурханд итгэдэг байсан бөгөөд маш хэцүү саад бэрхшээлүүдтэй тулгарах үедээ ч үнэнч хэвээр үлдсэн юм. Иовын түүх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ бэхжүүлэхэд нь хүүхдүүдэд тусалж чадах бөгөөд тэгснээр тэд өөрсдөдөө тулгарах хэцүү бэрхшээлийг туулах бэлтгэлтэй байх болно.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг Иовын талаар мэддэг зүйлээ хуваалцахад урьж, түүнд юу тохиолдсоныг ойлгоход нь тусал (Иов 1–2-ыг мөн Хуучин Гэрээний түүхүүд дэх “Иов”-ыг үзнэ үү). Хэрэв тэд Иовын оронд байсан бол тэдэнд ямар санагдах байсныг асуу. Бидний амьдралд гунигтай зүйл тохиолдоход бидэнд хэн тусалж чадах вэ? Есүс Христийн зургийг үзүүлж, Иовын Их Эзэнд итгэх итгэл саад бэрхшээлээ туулахад нь түүнд тусалсан гэдгийг тайлбарла (Иов 1:21-ийг үзнэ үү).
-
Хүүхдүүдэд Иов 13:15 дээрх “Би түүнд итгэн найддаг” гэж хэлсэн үгсийг уншиж өг. Бурханд итгэнэ гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд тэдний итгэдэг хүмүүсийн талаар тэдэнтэй ярь. Жишээлбэл, бид эцэг эхээ юу хийнэ гэж итгэдэг вэ? Багш нараа юу хийнэ гэж бид итгэдэг вэ? Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг юу хийнэ гэж итгэдэг вэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэдгээ илэрхийлээд, Тэднийг хайрлаж мөн Тэдэнд итгэдгээ харуулах арга замуудыг бодоход хүүхдүүдэд тусал.
Есүс Христ бол миний Гэтэлгэгч.
Иов Их Эзэнд итгэлтэй байснаар өөрийн бэрхшээл зовлонг эцсээ хүртэл тэвчиж чадсан юм. Та хүүхдүүдэд Гэтэлгэгч Есүс Христэд итгэдэг болоход нь хэрхэн туслах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Есүсийн загалмай дээр байгаа эсвэл хадан булшинд оршуулагдаж байгаа зургийг харуул (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 57, 58-ыг үзнэ үү). Зурагт дүрсэлсэн үйл явдлыг тайлбарлахыг хүүхдүүдээс хүс. Иов 19:25 дээрх Иовын гэрчлэлийг хүүхдүүдэд уншиж өг. Амилсан Аврагчийн зургийг харуулж (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 59, 60; түүнчлэн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Есүс Христ амилсан бөгөөд өнөөдөр ч амьд гэдгийг гэрчил. Яагаад бид Есүс Христийг амилсанд талархдаг вэ?
-
Иовын зургийг үзүүлэн, түүний арьс тэр чигтээ шархалсан учраас маш их өвдөж байсан гэдгийг тайлбарла. Тэр гэр орноо алдаж мөн хүүхдүүд нь нас барсан. Гэхдээ Иов өөрийг нь тайвшруулсан нэгэн маш чухал зүйлийг мэддэг байв. Иов 19:25-ыг уншаад, Иовын мэддэг байсан зүйлийг хүүхдүүдээс асуу. Есүс Христ амьд гэдгийг хэрхэн мэддэг талаараа хүүхдүүдтэй хуваалцаж, тэднийг Түүний талаарх гэрчлэлээ хуваалцахад урь.
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг будахыг хүүхдүүдээс хүс. Үүнийг хийх зуур нь, “Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?” эсвэл “Есүс амилсан!” (Хүүхдийн дууны ном, 45, 44) зэрэг Есүс Христийн Амилалтын тухай дууг дуулж эсвэл тоглуул. Тэднээс Есүсийн талаарх бодлоо хуваалцахыг хүсэж, Есүс Христийг бодит гэдгийг мэдэхэд туслах сайхан мэдрэмжийг бид Ариун Сүнснээс авч чаддаг гэдгийг ойлгоход нь тусал.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэлтэй байснаар Тэд бэрхшээлээ туулахад минь тусалж чадна.
Хүн бүрд хэцүү өдөр тохиолддог мөн зарим хүнд удаан хугацаагаар үргэлжилдэг зовлон бэрхшээл тулгардаг. Иовын Бурханд итгэх итгэл зовлон бэрхшээлээ туулахад нь түүнд тусалсан. Хүүхдүүд одоо мөн ирээдүйд өөрсдөд нь тулгарах зовлон бэрхшээлд бэлтгэлтэй байхын тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь энэ түүх хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах талаар бодно уу.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдээс Иовын талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүс. Тэр ямархуу хүн байсан бэ? Түүнд юу тохиолдсон бэ? Тэр өөрийн бэрхшээлд хэрхэн хандсан бэ? Тэдэнд уг түүхийг ярихад нь тусалж, Иов 1–2 дээрх шүлгүүдийг үзүүл (Иов 1:1, 13–22; 2:7–10; түүнчлэн Хуучин Гэрээний түүхүүд дэх “Иов”-ыг үзнэ үү). Иовын түүхийн үндсэн захиасыг юу гэж бодож байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Есүс Христ хүмүүстэй ярьж байгаа цөөн зураг үзүүлж, Есүс Христ гэж хэн болох мөн ямархуу хүн болох талаар бидэнд эдгээр зураг юу зааж байгаа талаар бодож байгаа зүйлийг нь хүүхдүүдээс асуу. Бид Түүний талаар өөр юу мэдэх вэ? Их Эзэний талаар Иовын мэддэг байсан зарим зүйлийг олж мэдэхээр дараах шүлгүүдийн заримыг уншихад хүүхдүүдийг урь. Үүнд: Иов 12:10, 13, 16; 19:25–27. Яагаад Аврагчийн талаар эдгээр зүйлийг мэдэх нь эрхэм чухал вэ?
-
Хүүхдүүдийг Иов 19:14–19-ийг уншихад урьж, бусад хүн Иовд хэрхэн хандаж байсан талаар эдгээр шүлэг юу гэж хэлж байгааг тэднээс асуу. Хэрэв бидэнд ийм зүйл тохиолдвол ямар санагдаж болох вэ? Иов энэ нөхцөлд хэрхэн тайвширсныг олж мэдэхээр Иов 19:23–27-г уншихад хүүхдүүдийг урь. Эдгээр шүлэг Аврагчийн талаар бидэнд юу зааж байна вэ? Тэр амьд мөн бидэнд хайртай гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? (Иохан 17:3-ыг үзнэ үү).
-
“Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х 38) гэх мэт Есүс Христийн талаар гэрчилдэг дууг хамтдаа дуул. Есүс Христ амьд гэдэг гэрчлэлтэй байх нь яагаад чухал талаар энэ дуу юу өгүүлж байна вэ? Аврагч амьд гэдгийг хэрхэн мэддэгээ мөн энэ мэдлэгийнхээ төлөө яагаад талархдаг талаараа хүүхдүүдэд ярьж өг. Түүнчлэн тэднийг бодол, гэрчлэлээ хуваалцахад урамшуул.
Сайн найзууд нэг нэгнээ өргөж, урамшуулдаг.
Иовыг хэцүү байдалд байхад найзууд нь түүнийг нүгэл үйлдсэн болохоор Бурхан шийтгэж байна гэж хэлжээ. Найзыгаа хэцүү байдалд байхад нь хэрхэн зөв хандах талаар хүүхдүүдэд заахад тань энэ түүх тусалж чадна (Иов 16:1–5-ыг үзнэ үү).
Боломжит үйл ажиллагаа
-
Иовд тохиолдсон маш олон хэцүү зүйлийг эргэн харахыг хүүхдүүдээс хүс (Иов 1:13–19; 2:7-г үзнэ үү). Иов 19:14, 19-ийг хамтдаа уншин, Иовын найзууд түүнд тулгарсан бэрхшээлүүдэд хэрхэн хандсаныг олж мэд (түүнчлэн Иов 22:1–5-ыг үзнэ үү). Хүүхдүүдийг өөрсдийгөө Иовын найзууд гэж төсөөлөхөд урь. Тэд түүнд яаж туслахыг хичээх байсан бэ? Тэднийг хүнд үеийг туулж байж болох нэг найзынхаа талаар бодож, найздаа хайр, дэмжлэг үзүүлэх нэг зүйлийг хийхээр төлөвлөхөд урамшуул.
-
Сайн найзын зарим шинж чанарыг жагсаан бичиж, эдгээр шинж бүхий нэг найзаа нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Есүс Христийн зургийг үзүүл. Есүс ямар замаар бидний хүн нэг бүрийн сайн найз байдаг вэ? Бид хэрхэн Түүний жишээг дагаж чадах вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Гэр бүлийн гишүүн эсвэл нэг найздаа хэцүү бэрхшээлтэй байгаа үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тэдэнд тусалж чадах нэг арга замыг хуваалцахад хүүхдүүдийг урь.