“7-р сарын 25–31. Естер: ‘Энэ цагийн төлөө … та ирсэн,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“7-р сарын 25–31. Естер,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
7-р сарын 25–31
Естер
“Энэ цагийн төлөө … та ирсэн”
Бүх сударт Есүс Христийн тухай гэрчилдэг. Естерийн түүхээс Аврагчийн нөлөөг олж харахад нь хүүхдүүдэд хэрхэн туслах талаар тунгаан бодно уу.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Естерийн зургийг дамжуулан үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Хүүхдүүдээр зургийг бариулан, Естерийн түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад тэднийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би гэр бүлийнхэндээ үйлчилж чадна.
Естерийн эцэг эхийг нас барахад, түүний үеэл Мордехаи түүнийг асран халамжилжээ. Та тэдний туршлагыг гэр бүлийнхээ гишүүдэд үйлчлэх талаар ярих боломж болгон ашиглаж болох юм.
Боломжит үйл ажиллагаа
-
Естер, түүний эцэг эх, үеэл Мордехаи нарыг төлөөлсөн хүмүүсийг самбарт зур. Естерийн эцэг эх нас барсан учраас өөрийг нь асран халамжлах хүн Естерт хэрэгтэй байсан гэдгийг тайлбарла. Естер 2:7-г хүүхдүүдэд уншиж өгөөд, Мордехаин юу хийснийг сонсохыг тэднээс хүс. Гэр бүлийнх нь гишүүдэд байж болох, хүүхдүүдийн тусалж чадах хэрэгцээний талаар бодоход хүүхдүүдэд тусал.
-
Гэр бүлийнхээ хэн нэгэнд үйлчилж байгаа найрсаг үйлдлийг жүжигчлэн үзүүлэхэд зарим хүүхдийг уриад, бусад хүүхдээр тэдний хийж байгаа зүйлийг таалга. Тэднийг гэр бүлийнхнээ адислахын тулд юу хийдгээ ярихад урьж мөн өөрийн хийдэг зарим зүйлийг хэлж өг.
-
“Бусдад туслах дуртай” (Хүүхдийн дууны ном, 108) зэрэг гэр бүлийнхэндээ туслах тухай дуу дуул. Гэр бүлийнхэндээ туслах нь биднийг аз жаргалтай болгодог талаар гэрчлэлээ хуваалц.
Би зоригтой байж чадна.
Таны заадаг хүүхдүүд зоригтой байхын тулд Их Эзэний тусламж хэрэгтэй нөхцөл байдалтай тулгарах болно. Та Естерийн зоригтой жишээнээс суралцахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Таны заадаг хүүхдүүд зоригтой байх гэдэг нь юу гэсэн утгатайг мэддэг үү? “Зоригтой байх гэдэг нь айж байгаа үедээ ч зөвийг хийнэ гэсэн үг” гэх мэт энгийн тодорхойлолтыг хуваалц. Естерийн түүхийг хуваалцан (Хуучин Гэрээний түүхүүд дээрх “Хатан Естер” гэдгийг үзнэ үү), Естер хэрхэн зоригтой байсныг олж харахад хүүхдүүдэд тусал. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрх зургийг ашиглан, уг түүхийг хүүхдүүдээр дахин яриул.
-
Естерийн зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). “Би зоригтой байна” (Хүүхдийн дууны ном, 85) зэрэг зоригтой байх тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Дуун дээрээс Естерийг дүрсэлж байгаа үгсийг онцлон зааж, хүүхдүүдэд зоригтой байхад нь Аврагч тусалж чадна гэдгийг гэрчил.
-
Есүс Христийн зоригтой байсан үеийн тухай хүүхдүүдэд ярьж өг. Жишээлбэл, Тэр бидний гэм нүглийн төлөө Гетсеманид мөн загалмай дээр зовсон (Матай 26:36–39; 27:33–35-ыг үзнэ үү). Хүүхдүүдээс өөрсдийн зоригтой байсан үеийн талаар ярихыг хүс (гэр бүлийнхэнтэй нь урьдчилан холбоо барьж, хэдэн жишээ авахыг бод). Тэдэнд зоригтой байхад нь юу тусалсан бэ? Таныг айж байх үед Их Эзэн хэрхэн танд тусалсан тухай хүүхдүүдэд ярьж өг.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Бид Бурханы мутарт зэмсэг болж чадна.
Естерийг айж байх үед “энэ цагийн төлөө” (Естер 4:14) Их Эзэн түүнийг хатан болгосон байж болох юм гэж зааснаар Мордехаи түүнийг урамшуулсан. Их Эзэн таны заадаг хүүхдүүдийг бусдыг адислах боломжтой байхаар бэлтгэж байгаа тухай тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд зориулан хөгжим дээр дуу тоглох хэн нэгнийг урь эсвэл хөгжим тоглож байгаа хүний зургийг үзүүл. Бурханы мутарт зэмсэг болох гэдэг нь юу гэсэн утгатай талаар ярь. Естерийн түүхийг хүүхдүүдтэй хамт давтан үзэж (Хуучин Гэрээний түүхүүд дэх “Хатан Естер” гэдгийг үзнэ үү), Естер хэрхэн Их Эзэний зорилгыг гүйцэлдүүлэхээр Түүний мутарт зэмсэг байсан тухай ярилц. Бид хэрхэн Их Эзэнд зэмсэг байж чадах вэ?
-
Естерийн түүхийг давтан үзсэнийхээ дараа түүхэнд гарч байгаа хүмүүсийн нэгний нэрийг бичсэн цааснуудыг хүүхэд бүрийн нуруун дээр тогтоо. Хүүхдүүдийг “Энэ хүн зөв шударга хүн байсан уу?”, “Энэ хүн эмэгтэй хүн байсан уу?” гэх мэтээр бусад хүүхдээс асууснаар өөрсдийн нуруун дээрх хүний нэрийг олж мэдэхийг хичээхэд урь. Тэгээд Мордехаи, Естер хоёр хэрхэн Бурханы мутарт иудейчүүдийг аврах зэмсэг байсан талаар ярилц.
Тэнгэрлэг Эцэг надад айсан үедээ зоригтой байхад тусалдаг.
Та заадаг хүүхдүүдээ зоригтой байхыг хэзээ харж байсан бэ? Зоригтой байхад тань Их Эзэний тусламж хэрэгтэй байсан үеийн талаарх ямар туршлагыг та хуваалцаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Самбар дээр Мордехаи … -ээр зоригтой байдлыг харуулсан мөн Естер … -ээр зоригтой байдлыг харуулсан гэж бич. Зарим хүүхдийг Естер 3:1–11-ийг, бусдыг нь Естер 4:10–17-г уншихад урь. Самбар дээрх өгүүлбэрийг гүйцээн бичихийн тулд уншсан зүйлээ ашиглахыг тэднээс хүс. Тэгээд Би …-ээр зоригтой байгаагаа харуулна гэж бичээд, Тэнгэрлэг Эцэгийн тэднээс хийхийг хүсдэг, эр зориг шаарддаг зүйлсийг жагсаан бичихэд хүүхдүүдийг урь. Бид хэрхэн Мордехаи, Естер хоёртой адилхан байж чадах вэ?
-
Зөвийг хийхэд хэцүү байж болох, тэдэнд тулгарах нөхцөл байдлын талаар бодоход хүүхдүүдийг урь. Самбарт “Би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ” (Естер 4:16) хэмээх Естерийн зоригт үгсийг бич. “Хаан дээр орно” гэдгийг зөв шударга хэдий ч тэдний гаргах хэрэгтэй байж болох хэцүү сонголтоор орлуулаад, Естерийн үгсийг өөрсөдтэйгөө холбон хэлэхэд хүүхдүүдэд тусал. Тэгээд тэднийг “үхэх, үхнэ” гэдэг үгийг зөв зүйл хийснээр ирж болох таагүй зүйлээр орлуулахад урь. Яагаад хэцүү үр дагавар гарах байсан ч зөв зүйлийг хийх нь илүү дээр вэ?
-
“Choose the Harder Right” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлээд, амьдралдаа тэднийг “илүү хэцүү зөв” зүйлийг сонгож шийдэхэд урь. Есүс Христ хэрхэн энэхүү зарчмын жишээ болох талаар ярилц.
Мацаг барих нь надад тусалдаг бөгөөд бусдыг адисалдаг.
Хэрэгцээтэй цаг үе тохиолдоход Естер болон иудейчүүд мацаг барьсан. Та мацаг барьснаар ирэх сүнслэг адислалуудын талаар ойлгоход нь заадаг хүүхдүүддээ хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг мацаг барьж болох зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад урь (шаардлагатай бол, тэд Итгэлдээ үнэнч байх нь, х. 120 дахь “Мацаг барилт ба мацгийн өргөл”-ийг үзэж болно). Дараа нь иудейчүүд болон Естер яагаад мацаг барьсныг олж мэдэхийн тулд Естер 4:1–3, 10–17-г уншихыг тэднээс хүс. Их Эзэнээс онцгой тусламж хүсэх хэрэгтэй байж болох нэг шалтгааныг бодоход хүүхдүүдийг уриалаад, дараагийн мацаг барилтын ням гарагт мацаг барих шалтгаан болгохыг тэдэнд санал болго.
-
Хүүхдүүдийг мацаг барьдаг шалтгаанаа нэг найздаа тайлбарлаж байгаа дүр үзүүлэхэд урь. Тэд юу гэж хэлэх вэ? Тэдэнд тусламж хэрэгтэй бол тэднийг Судруудын удирдамжаас “Мацаг, мацаг барих” (scriptures.ChurchofJesusChrist.org)-ыг үзэхийг хүс. Их Эзэний тусламжийг авахаар мацаг барьсан туршлагаасаа хуваалц. Хүүхдүүдийг мацаг барихтай холбоотой туршлагаасаа хуваалцахад урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Өнөөдөр ангид сурсан зарчмынхаа тухай нэг дууг хамтдаа дуул (санаа авахын тулд Хүүхдийн дууны ном дахь сэдвийн индексийг үзнэ үү). Хүүхдүүдийг гэр бүлтэйгээ хамт дуулахад урь.