“7-р сарын 18–24. Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8: ‘Би агуу ажил хийж байна,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“7-р сарын 18–24. Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
7-р сарын 18–24
Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8
“Би агуу ажил хийж байна”
Та суралцах явцдаа Езра, Нехемиа хоёрын аль захиасууд таны заадаг хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй талаар бод. Ариун Сүнснээс хүлээн авсан өдөөлтүүдээ багтаасан заах төлөвлөгөө гарга.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Самбарт Зеруббабел, Езра, Нехемиа гэж бич. Эдгээр хүнтэй холбоотой, ариун сүм, судрууд, Иерусалимын хана хэрэм зэрэг зүйлсийн зургуудыг зур эсвэл үзүүл. Хүүхдүүдэд уг нэрсийг зурагтай нь тохируулахад туслан, энэ хүмүүсийн хийсэн зүйлсийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүс.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Ариун сүм надад баяр хөөр авчирч чадна.
Зеруббабел болон иудейчүүд ариун сүмийг дахин барьсан тухай түүх таны заадаг хүүхдүүдэд Их Эзэний өргөөнөөс ирдэг адислалуудад баясахад тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Өөрсдийг нь баяр хөөртэй болгодог зүйлсийн тухай ярихад хүүхдүүдийг урь. Ариун сүмийн өмнө инээмсэглэж байгаа хүний зургийг (энэ тойм дахь зураг гэх мэт) үзүүлэн, уг хүн яагаад ийм баяр хөөртэй байж болохыг хүүхдүүдээс асуу. Ариун сүм бол Их Эзэний өргөө гэдгийг гэрчлэн, ариун сүмийн ачаар баяр хөөртэй байсан үеийнхээ талаар ярьж өг.
-
Хүүхдүүдэд Езра 3:12-ын сүүлийн хэсгийг уншиж өгөхдөө, иудейчүүдийг ариун сүмийн суурийг тавих үед “олонх нь баярлан шуугиж” байсан гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг баяр хөөртэйгөөр хашгирахад урь. Ариун сүмийн талаар баярлан хөөрөх шалтгаануудыг бодоход нь тэдэнд тусал. Жишээлбэл, бид гэр бүлээрээ мөнхөд хамтдаа байх боломжийг олгодог амлалтуудыг ариун сүмд Бурхантай байгуулдаг.
-
Хүүхдүүдтэй хамт “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) гэх мэт ариун сүмийн тухай дууг дуул. Мөр болгоны дараа түр завсарлан, ариун сүмийн талаар дуртай зүйлээ хуваалцахыг аль нэг хүүхдээс асуу.
Их Эзэн Өөрийнх нь ажлыг хийхэд надад туслах болно.
Нехемиаг Иерусалимын эргэн тойрон дахь хана хэрмийг засаж янзлах үед дайснууд нь түүнийг зогсоохыг оролдсон боловч тэр өөрийн үүрэг даалгаварт үнэнч үлдсэн. Их Эзэн хүүхдүүдээр хийлгэхийг хүсдэг ямар чухал зүйлс байдаг вэ? Энэ ажилд үнэнч байхад та тэднийг хэрхэн урамшуулж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд Нехемиагийн түүхийг хуваалц (Нехемиа 2:17–20; 6:1–9; Дийтр Ф.Угдорф, “Бид агуу ажил хийж байна. Тиймээс ухарч болохгүй,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулганы материалыг үзнэ үү). Иерусалимын хана хэрмийг засахыг хүссэнийх нь төлөө хүмүүс Нехемиаг шоолоход тэрээр юу гэж хэлснийг хүүхдүүдэд ярьж өг. “Тэнгэрийн Бурхан бидэнд амжилтыг өгнө. Тиймээс Түүний зарц нар бид босоцгоон барих болно” (Нехемиа 2:20). Босож зогсоод, Иерусалимын ханыг засаж байгаа дүр үзүүлэхэд хүүхдүүдийг урь.
-
Ангидаа хэдэн дөрвөлжин зүйл авчирч, тэдгээрийг ашиглан хана барихдаа хүүхдүүдээр туслуул (эсвэл самбар дээр хана зур). Судруудыг уншиж сурах зэрэг Тэнгэрлэг Эцэгийн тэднээс хийхийг хүсэж болох зарим чухал зүйлийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Тэднийг санаагаа хуваалцах бүрд ханан дээр нэг дөрвөлжин нэмж барихад урь. Нехемиаг Иерусалимын ханыг засах чухал ажил хийж байхад хүмүүс зогсоохыг оролдсон гэдгийг тайлбарла. Нехемиа 6:9-ийг уншаад, таныг “гарыг минь тэнхрүүлээч” гэж унших үед хүүхдүүдийг гараа дээш өргөхөд урь. Таныг Бурханы ажлыг хийх үед Тэрээр гарыг тань тэнхрүүлж, дэм өгөхийг мэдэрсэн үеийнхээ талаар хүүхдүүдэд ярьж өг.
Судрууд бол адислал мөн.
Бид судартай байхаар хэрхэн адислагдсан тухай бодоход хүүхдүүдэд туслахын тулд та Езрагийн хуулийг уншиж өгч байгаа түүхийг ашиглаж болно.
Боломжит үйл ажиллагаа
-
Езра хүмүүст судруудыг уншиж өгдөг байсан гэдгийг хүүхдүүдэд хэл. Хүмүүс судрыг сонсоод юу хийснийг дүрсэлж байгаа, Нехемиа 8:2–3, 5–6, 8–9, 12 дээрх зарим үгийг чанга уншаад, жүжигчлэн тоглоход хүүхдүүдийг урь. Бид яагаад судартай байдагтаа талархдаг вэ?
-
Хүүхдүүдийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг будахад урь. Тэднийг будах зуур, судруудыг унших нь таныг Аврагчид хэрхэн ойртуулсан талаар хүүхдүүдтэй хуваалц.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Ариун сүм надад баясах шалтгаан өгдөг.
Та Зеруббабел болон иудейчүүд ариун сүмийг дахин барьж байгаа түүхийг хүүхдүүдтэй хамт давтахдаа, өнөөдөр бидэнд ариун сүмүүд байдаг учраас бидэнд ирдэг баяр хөөрийн талаар гэрчлэх арга замуудыг ол.
Боломжит үйл ажиллагаа
-
Иерусалим дахь ариун сүмийг дахин барих үед иедуйчүүдэд ямар санагдаж байсныг харуулах үгсийг Езра 3:10–13 дээрээс олохоор хамтран ажиллахад хүүхдүүдийг урь. Өнөөдөр дэлхий дээр ариун сүмүүд байгаад баярладгаа бид хэрхэн харуулж чадах вэ? Ариун сүмд орохоор бэлтгэх арга замуудын талаар бодоход нь хүүхдүүдэд тусал.
-
Ариун сүмийн талаарх бодол санаагаа хүүхдүүдтэй хуваалц. Ариун сүм Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид илүү ойртоход танд хэрхэн тусалсан бэ? Ариун сүмийг онцгойлон адислахад бид яагаад тэмдэглэдэг вэ? Хүүхдүүдэд ариун сүмийн талаар ямар бодолтой байдгаа бичих цаг өгөөд, бичсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урамшуул.
Их Эзэн намайг “агуу ажил” хийхэд хүчирхэгжүүлэх болно.
Заадаг хүүхдүүдэд тань зориулсан чухал ажил Их Эзэнд байгаа. Тэд саад бэрхшээлтэй тулгарсан ч уг ажилдаа тууштай, тэсвэртэй байх талаар Нехемиагаас юу сурч болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Нехемиа Иерусалимын хана хэрмийг зассан тухай, түүнчлэн түүнд тулгарсан эсэргүүцлийн талаарх түүхийг хүүхдүүдтэй ярилц. Нехемиа 2:19-ийг хамтдаа уншаад, зөв зүйлийг хийсний маань төлөө хэн нэгэн биднийг шоолж болох нөхцөл байдлуудыг хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Нехемиа 2:20-д өгүүлснээр, Нехемиа хэрхэн хандсан бэ? Зөв зүйл хийсний маань төлөө хүмүүс биднийг шоолж эсвэл шүүмжлэх үед бид хэрхэн хандаж болох вэ?
-
Нехемиа 6:1–9-ийг хамтдаа унш. Нехемиагийн дайснууд түүнийг хана хэрэм дээр ажиллахыг болиулахаар хэрхэн ахин дахин оролдсон бэ? Мөн тэрээр хэрхэн хариу хандсан бэ? Бурхан биднийг юу хийхийг хүсдэг вэ? (Жишээ нь, Moзая 18:8–10-ыг үзнэ үү). Бурханы биднээс хийхийг хүссэн зүйлийг хийхэд хэцүү байгаа үед бид хэрхэн 9-р шүлэг дэх Нехемиагийн жишээг дагаж чадах вэ?
Би судруудыг судлахдаа адислагддаг.
Езраг хүмүүст судар уншиж өгөх хүртэл Иерусалим дахь хүмүүс Бурханы үгсийг удаан хугацаагаар сонсоогүй байв. Судрууд бидэнд хэр чухал байх ёстойг Езрагийн түүх бидэнд сануулдаг.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүмүүс Бурханы үгийг сонсохдоо ямар бодолтой байсныг харуулах үг, хэллэгийг Нехемиа 8:1–12 дээрээс хайж олоход хүүхдүүдийг урь. Хүүхдүүдээс судар унших үед ямар санагддагаа хуваалцахыг хүсэж мөн өөрийн бодол сэтгэгдлийг хуваалц.
-
Нэг хүүхдийг Нехемиа 8:8-ыг уншихад уриад, судрыг ойлгоход юу тусалдаг талаар хүүхдүүдээс асуу. Судраас суралцахад туслах Судруудын удирдамж ба Gospel Topics (ChurchofJesusChrist.org) зэрэг материалыг хэрхэн ашиглахыг тэдэнд үзүүл. Судруудаас Аврагчийн талаар сурсан нэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг хүсэж буй, өнөөдөр сурсан нэг зүйлээ сонгоход хүүхдүүдийг урь.