Хуучин Гэрээ 2022
7-р сарын 4–10. 2 Хаад 2–7: “Израильд эш үзүүлэгч байдаг”


“7-р сарын 4–10. 2 Хаад 2–7: ‘Израильд эш үзүүлэгч байдаг,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“7-р сарын 4–10. 2 Хаад 2–7,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Елиша галан морьдыг зарцад үзүүлж байгаа нь

Елиша галан морьдыг зарцад үзүүлж байгаа зураг, © Review & Herald Publishing/licensed from goodsalt.com

7-р сарын 4–10

2 Хаад 2–7

“Израильд эш үзүүлэгч байдаг”

Энэхүү тоймын үйл ажиллагаанууд нь таны бүтээлч санаа бодлыг өдөөх зорилготой. Та залбирч судалснаар, заадаг хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангах сүнслэг өдөөлтийг хүлээн авч чадна.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Бошиглогч Елишагийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урамшуулахын тулд түүний хийсэн нэг зүйлийг зурахад тэднийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

2 Хаад 4–5

Бурхан миний амьдралд гайхамшгуудыг үйлдэж чадна.

Их Эзэн бошиглогч Елишагаар дамжуулан олон хүнийг гайхамшигт арга замуудаар адисалсан. Их Эзэний гайхамшгуудыг амьдралдаа олж харахад нь хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • 2 Хаад 4–5 (Хуучин Гэрээний түүхүүд дэх “Бошиглогч Елиша,” “Елиша Нааманыг эдгээсэн нь” зэргийг үзнэ үү). Эдгээр түүхийн талаар таалагдсан зүйлээсээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэднийг эдгээр түүхийг нэг нэгэндээ дахин ярьж өгөхөд урь.

  • Их Эзэн бидэнд туслахаар агуу зүйлсийг хийхдээ Өөрийн хүчийг ашигладаг гэдгийг гэрчил. Бид эдгээрийг гайхамшгууд гэж нэрлэдэг. Их Эзэн таныг хайрладаг хайраа хэрхэн том, жижиг арга замаар харуулсан талаар хуваалц. “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, д. 16) зэрэг Бурханы хайрын тухай дууг хамтдаа дуул. Хүүхдүүдээс Тэнгэрлэг Эцэг өөрсдөд нь хайртай гэдгийг хэрхэн мэддэг талаараа хуваалцахыг хүс.

2 Хаад 5:1–15

Би Бурханы Өөрийн бошиглогчоор дамжуулан зарлигласан зүйлсийг хийхээр сонгож чадна.

Бошиглогч Елиша Нааманд уяман өвчнөөс хэрхэн эдгэрэх талаар хэлэхэд түүнд үүнийг дагахад хэцүү байсан. Дуулгавартай байснаар ирдэг адислалуудыг ойлгоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах тухай бодоорой.

Боломжит үйл ажиллагаа

  • Нааманы түүхийг ярьж өг. (2 Хаад 5:9–14; Хуучин Гэрээний Түүхүүд дэх “Елиша Нааманыг эдгээв” түүнчлэн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх Нааманы зургийг үзнэ үү). Елиша Нааманы өвчнийг эдгээнэ гэж хэлсэн ч Нааман эхэндээ Иордан голд угаахыг хүсээгүй гэдгийг онцлон хэл. Та өөрөө зөв зүйлийг хиймээр байсан эсэхдээ эргэлзэж байсан үеийн талаар ярьж, өөрсдийн жишээг бодоход нь хүүхдүүдэд тусал. Нааман зөвийг сонгосноор хэрхэн адислагдсан талаар хуваалц.

  • Хүүхдүүдэд 2 Хаад 5:13-ыг уншиж өгөөд, Нааманы зарц нар түүнд бошиглогч Елишаг дуулгавартай дагахаар шийдэхэд нь тусалсан гэдгийг тайлбарла. Бошиглогчийг сонсож, дуулгавартай дагахад нь найзууддаа болон гэр бүлийнхэндээ тусалж чадах арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал.

2 Хаад 6:8–17

Их Эзэн намайг харж хандаж байгаа.

Елишагийн зарц Сирийн их цэрэг өөрсдийг нь бүсэлж байгааг хараад маш их айсан. Гэвч Их Эзэн тэдэнтэй хамт байгаа учраас Елиша түүнд “бүү айгтун” хэмээн хэлжээ (2 Хаад 6:16).

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд 2 Хаад 6:15-ыг уншиж өг, эсвэл тэдэнд ойлгогдохоор ярьж өг. Елишагийн зарцын адилаар морьд, тэрэг бүхий их цэрэгт бүслэгдсэн байгаа гэж төсөөлөхөд хүүхдүүдийг урь. Тэдэнд ямар санагдах байсан бэ? Тэд юу хийх байсан бэ? Та 2 Хаад 6:16–17-г уншиж байхдаа тэднийг нүдээ анихыг хүс. Та “нүдийг нь нээгээч” гэж уншихдаа, хүүхдүүдээс нүдээ нээхийг хүс. Зарц өөрийг нь болон Елишаг юу хамгаалж байгааг харсныг тэдэнд дүрслэн ярьж өг. Их Эзэн биднийг харж хандаж байгаа гэдгийг хэрхэн мэддэг талаараа хуваалц.

  • Dearest Children, God Is Near You” (Hymns, д. 96) дууны нэгдүгээр бадаг зэрэг Бурхан биднийг халамжилдаг тухай дууг хамтдаа дуул. Дууны үгсийг хүүхдүүдийн нэрээр орлуулж, Бурхан тэднийг харж хандаж байдаг гэдгийг онцол.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

2 Хаад 4–5

Бурхан миний амьдралд гайхамшгуудыг үйлдэж чадна.

Елиша тохинууллынхаа үед олон хүнийг эдгээж мөн адисалсан. 2 Хаад 4–5 дээрх гайхамшгууд нь Тэнгэрлэг Эцэгийн мутар хүүхдүүдийн амьдралд илэрч байдгийг ойлгож ухаарахад тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Судруудаас санаж байгаа аль болох олон гайхамшгийг самбар дээр бичихэд хүүхдүүдийг урь. Тэгээд тэднийг 2 Хаад 4–5-ыг давтан харахыг хүсээд, тэдний жагсаалт дээр нэм (2 Хаад 4:1–7, 14–17, 32–35, 38–41, 42–44; 5:10–14-ийг үзнэ үү). Эдгээр гайхамшиг нь Тэнгэрлэг Эцэг бидний талаар ямар бодолтой байдаг тухайд юу заадаг вэ?

  • Гайхамшиг гэж юу болох талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол тэд Судруудын удирдамж дээрээс “Гайхамшиг” гэдгийг үзэж болно (scriptures.ChurchofJesusChrist.org). Есүсийн гүйцэтгэсэн зарим гайхамшгийг хуваалцахад тэднийг урь. Та амьдралдаа Бурханы хүч чадлыг хэрхэн харж байсан талаараа ярь. Та үүнд амар амгалан мэдрэмж, өдөр бүрийн амьдралын бэлэг эсвэл өдөр тутмын үүрэг даалгавартаа тусламж авдаг зэрэг өдөр тутмын гайхамшгийг багтааж болох юм. Хүүхдүүдийг өөрсдийн амьдрал дахь том, жижиг гайхамшгуудын талаар ярихад урь.

2 Хаад 5:1–15

Би итгэлтэй, даруу мөн дуулгавартай байхыг сонгож чадна.

Нааман уяман өвчнөөсөө эдгэрэхийг хүсэж байсан боловч Елишаг өөрт нь “Явж, Иорданд долоон удаа угаа” (2 Хаад 5:10) гэж ийм энгийн зааварчилгаа өгнө гэж бодоогүй байсан. Есүс Христэд итгэх итгэл, даруу болон дуулгавартай байдлын талаар хүүхдүүдэд заахдаа энэ түүхийг хэрхэн ашиглаж болох талаар бодоорой.

Боломжит үйл ажиллагаа

  • Самбарт итгэл, даруу байдал, дуулгавартай байдал гэж бичээд, эдгээр үг ямар утгатай болохыг хүүхдүүдээс асуу (Итгэлдээ үнэнч байх нь, 117, 83, 85-ыг үзнэ үү). Хүүхдүүдийг 2 Хаад 5:9–14-ийг уншихад урь. Та түүнчлэн “Naaman and Elisha” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийн хэсгийг үзүүлж болно. Нааман Их Эзэнд итгэх итгэл, даруу болон дуулгавартай байдлаа хэрхэн харуулсан бэ? Бид эдгээр шинж чанарыг эзэмших нь яагаад чухал вэ?

  • Нэг найз нь зөвийг сонгоход тусалсан үеийн тухай ярихыг хүүхдүүдээс хүс. Түүнчлэн та өөрийн туршлагаас хуваалц. Нааманы зарц нар бошиглогчийг дуулгавартай дагахаар сонгоход нь түүнд хэрхэн тусалсан тухай олж мэдэхээр 2 Хаад 5:10–13-ыг хамтдаа унш. Өнөөгийн бошиглогчоо дагахад бид бие биедээ хэрхэн тусалж чадах вэ?

  • Хүүхдүүдийг үйл ажиллагааны хуудсыг гүйцээн, 2 Хаад 5:1–15 дээрх Нааманы түүхээс сурсан зүйлээ гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа хуваалцахад урь.

2 Хаад 6:8–17

Би ганцаараа биш.

Таны заадаг хүүхдүүдэд заримдаа Елишагийн зарцын адил, өөрсдөд нь тулгарсан бэрхшээлийг хэрхэн туулахаа мэдэхгүй мэт санагддаг байж болох юм. Их Эзэн тэднийг ганцаар нь орхиогүй учраас “бүү айгтун” гэж тэдэнд заахын тулд та 2 Хаад 6:8–17 дээрх түүхийг ашиглаж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • 2 Хаад 6:15–17-г хамтдаа унш. Хүүхдүүдийн нэгийг Елишагийн зарцын дүрд тоглоход урьж, бусад хүүхдээс түүнд тохиолдсон явдлын талаар болон Сирийн их цэрэг хотыг бүслэх үед ямар санагдсан тухай мөн Бурханы их цэргийг харах нь ямар байсан зэрэг асуулт тавихыг хүс. Сайн мэдээний дагуу амьдрахыг хичээхдээ ганцаарддаг үеийн талаар хүүхдүүдтэй ярилц. Их Эзэн бидэнд ганцаараа биш гэдгээ мэдэхэд хэрхэн тусалдаг вэ?

  • When Faith Endures” (Hymns, д. 128) зэрэг Их Эзэнд найдах тухай дууг дуул. Энэ дуу бидэнд Их Эзэнд итгэн найдах тухай юу заадаг вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өөрсдийн амьдралд Бурханы мутрыг харж байсан үеийнхээ талаар гэр бүлтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Үүнтэй адил туршлагаасаа хуваалцахыг гэр бүлийнхээ гишүүдээс хүсэхэд тэднийг урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд янз бүрийн арга замаар суралцдаг. “Та олон төрлийн, үүний дотор түүх, үзүүлэн таниулах материал, дуу хөгжим гэх мэт заах арга барилыг ашиглавал хүүхдүүдэд заах хичээл зүтгэл тань хамгийн үр ашигтай байна” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).