Бусад эх сурвалж
Итгэл


“Итгэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 117–120

“Итгэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 117–120

Итгэл

Төлөөлөгч Паул “Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” (Еврей 11:1) хэмээн заасан. Алма мөн адил төстэй мэдэгдлийг буюу “Хэрэв та нар итгэлтэй аваас та нар үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах болно” (Алма 32:21) гэж заасан.

Итгэл бол үйлдэл, хүч чадлын зарчим юм. Та зөв зорилгын төлөө хөдөлмөрлөх бүрдээ итгэлээ хөгжүүлж байдаг. Та хараахан харж чадахгүй зүйлдээ найдаж байгаагаа харуулдаг.

Их Эзэн Есүс Христэд итгэх

Итгэл тань аврал өөд таныг хөтлөхийн тулд энэ нь Их Эзэн Есүс Христ дээр төвлөрөх ёстой (Үйлс 4:10–12; Moзая 3:17; Moронай 7:24–26; Итгэлийн тунхаг 1:4-ийг үзнэ үү). Танд Есүс Христийг амьдардаг гэсэн баталгаа, зан чанарынх нь талаарх зөв ойлголт, Түүний хүслийн дагуу амьдрахыг хичээж байгаа мэдлэг байгаа үед та Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж чадна.

Есүс Христэд итгэх итгэлтэй байна гэдэг нь Түүнд бүрэн дүүрэн найдах—Түүний хязгааргүй хүч, оюун билиг, хайранд итгэх гэсэн утгатай юм. Үүнд Түүний сургаалд итгэх итгэл ордог. Энэ нь Түүний ойлгодог бүх зүйлийг та ойлгохгүй боловч итгэсээр байхыг хэлдэг. Тэр таны бүхий л өвчин, зовлон зүдгүүр, сул дорой байдлыг мэдэрсэн учраас өдөр тутмын бэрхшээлээсээ өндийхөд тань хэрхэн туслахаа мэддэг гэдгийг сана (Aлмa 7:11–12; C ба Г 122:8-ыг үзнэ үү). Тэрээр “ертөнцийг ялсан” (Иохан 16:33) бөгөөд мөнх амьдралыг хүлээн авах замыг танд зориулан бэлтгэсэн юм. “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” (C ба Г 6:36) хэмээх Түүний гуйлтыг санах үед Тэрээр танд туслахад үргэлж бэлэн байдаг.

Итгэлээр амьдрах

Итгэл бол идэвхгүй үнэмшлээс хавьгүй илүү зүйл юм. Бид үйлдлээрээ буюу амьдарч байгаа байдлаараа итгэлээ харуулдаг.

Аврагч “Хэрэв та нар надад итгэлтэй байх аваас та нар миний хувьд шаардлагатай болох аливаа зүйлийг хийх хүчтэй байх болно” (Moронай 7:33) хэмээн амласан. Есүс Христэд итгэх итгэл таныг Түүний төгс жишээг дагахад урамшуулж чадна (Иохан 14:12). Итгэл тань сайн үйлс бүтээх, зарлигуудад дуулгавартай байх болон нүглүүдээ наманчлахад таныг хөтөлж чадна (Иаков 2:18; 1 Нифай 3:7; Aлмa 34:17-г үзнэ үү). Итгэл тань уруу таталтыг даван туулахад тусалж чадна. Алма өөрийн хүү Хиламанд “чөтгөрийн уруу таталт болгоныг, Их Эзэн Есүс Христэд итгэх өөрсдийн итгэлээр сөрөн зогсохыг тэдэнд заа” (Aлмa 37:33) хэмээн зөвлөсөн.

Их Эзэн таны итгэлийн дагуух амьдралд хүчит гайхамшгуудыг үйлдэх болно (2 Нифай 26:13). Есүс Христэд итгэх итгэл нь Түүний Цагаатгалаар дамжуулан сүнсний болон бие махбодын эдгэрлийг хүлээн авахад тусалдаг (3 Нифай 9:13–14-ийг үзнэ үү). Соригдох цаг мөч тулгарах үед бэрхшээл зовлонтой урам зоригтойгоор нүүр тулж, урагш алхах хүч чадлыг итгэл танд өгч чадна. Ирээдүй тодорхой бус санагдах үед ч Аврагчид итгэх итгэл тань амар амгаланг өгч чадна (Ром 5:1; Хиламан 5:47-г үзнэ үү).

Итгэлээ өсгөх

Итгэл бол Бурханаас ирдэг бэлэг боловч итгэлээ улам бат бөх байлгахын тулд арчилж тордох ёстой. Итгэл бол яг л гарын тань булчинтай адил. Хэрэв та хөгжүүлбэл энэ нь хүчтэй болдог. Хэрэв булчингаа дээш нь сойгоод орхивол сул болдог.

Та Тэнгэрлэг Эцэгт хандан, Есүс Христийн нэрээр залбирснаар итгэлийн бэлгээ тордож чадна. Та Эцэгтээ талархлаа илэрхийлж, Түүнээс өөртөө болон бусдад хэрэгтэй адислалыг гуйвал Түүнд ойртон очих болно. Та Цагаатгал нь нигүүлслийг хүртэх боломжийг олгодог Аврагчид ойртох болно (Aлмa 33:11-ийг үзнэ үү). Та мөн Ариун Сүнсний намуухан удирдамжийг хүлээн авах чадвартай байх болно.

Та зарлигуудыг сахиснаар итгэлээ хүчирхэгжүүлж чадна. Бурханаас ирдэг бүхий л адислалын адил, итгэлийг хувийн дуулгавартай байдал, зөв шударга үйлдлээр дамжуулан олж авч мөн өсгөдөг. Хэрэв та итгэлээ байж болох хамгийн дээд түвшинд хүргэхийг хүсдэг бол байгуулсан гэрээнүүдээ сахих ёстой.

Та түүнчлэн судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс суралцсанаар итгэлээ хөгжүүлж чадна. Бурханы үг итгэлийг хүчирхэгжүүлэхэд тусалдаг хэмээн бошиглогч Алма заасан. Тэрээр үгийг үртэй харьцуулан, “итгэх хүсэл” нь таныг “зүрх сэтгэлд тань суулгагдах” үгэнд “зай тавьж өгөхөд” хөтөлж болно хэмээсэн. Тэгээд бодгалийг тань баяжуулж, ойлголтыг тань тэлж эхлэх учраас уг үгс сайн гэдгийг та мэдрэх болно. Энэ нь таны итгэлийг хүчирхэгжүүлнэ. Та нар үгийг зүрхэндээ тасралтгүй тордвол “агуу шаргуу итгэл хийгээд тэвчээрээр үүнийг хүсэн хүлээх аваас, энэ нь үндэслэх болно; мөн болгоогтун энэ нь үүрдийн амьдралд хүргэх мод байх болно” (Алма 32:26–43-ыг үзнэ үү).