“Сүнслэг үхэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 189
“Сүнслэг үхэл,” Итгэлдээ үнэнч байх нь, 189
Сүнслэг үхэл
Сүнслэг үхэл бол Бурханаас тусгаарлагдах явдал юм. Судрууд нь сүнслэг үхлийн хоёр эх сурвалжийн талаар заадаг. Эхнийх нь Уналт, хоёр дахь нь бидний өөрсдийн дуулгаваргүй байдал юм.
Мормоны Номын бошиглогч Самуел “бүх хүн төрөлхтөн, Адамын уналтаар Их Эзэний дэргэдээс тусгаарлагдсан учир, биеийн зүйлүүд мөн сүнсний зүйлүүдийн аль алинаар нь үхмэлд тооцогдсон бөлгөө” (Хиламан 14:16) хэмээн заасан. Дэлхий дээрх амьдралынхаа туршид бид Бурханы бодит оршихуйгаас тусгаарлагдсан байдаг. Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан бүх хүнийг сүнслэг үхлээс гэтэлгэдэг юм. Самуел Аврагчийн Амилуулалтыг гэрчлэхдээ “эхний үхлээс—сүнсний үхлээс бүх хүн төрөлхтнийг гэтэлгэнэ. … Гэвч болгоогтун, Христийн амилалт хүн төрөлхтнийг, тийм ээ, бүр бүх хүн төрөлхтнийг гэтэлгэнэ, мөн тэднийг Их Эзэний дэргэд буцааж авчрах болно” (Хиламан 14:16–17) хэмээсэн. Бошиглогч Лихай, Цагаатгалын учир “бүх хүмүүн Бурханд ирнэ; иймийн тул, түүнд байх үнэн болон ариун байдлын дагуу түүгээр шүүгдэхийн тулд тэд түүний дэргэд зогсох болно” (2 Нифай 2:10) хэмээн заасан.
Цаашлаад сүнслэг үхэл нь бидний өөрсдийн дуулгаваргүй байдлын үр дүнд ирдэг. Бидний нүгэл биднийг цэвэр бус, Бурханы оршихуйд амьдрах боломжгүй болгодог (Ром 3:23; Aлма 12:12–16, 32; Хиламан 14:18; Moсе 6:57-г үзнэ үү). Гэвч зөвхөн Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэн, нүглээ наманчлан, сайн мэдээний зарчмууд болон ёслолуудад дуулгавартай байвал Цагаатгалаараа дамжуулан сүнслэг үхлээс гэтэлгэнэ хэмээн Есүс Христ санал болгодог (Алма 13:27–30; Хиламан 14:19; Итгэлийн тунхаг 1:3-ыг үзнэ үү).