“Найдвар,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 131–133
“Найдвар,” Итгэлдээ үнэнч байх нь, 131–133
Найдвар
Заримдаа найдвар хэмээх үг буруугаар ойлгогддог. Бидний өдөр тутмын хэл ярианд уг үг тодорхой бус утга санаатай байдаг. Жишээ нь, цаг агаар өөрчлөгдөнө гэж найдаж байна эсвэл найз маань зочилно гэж найдаж байна гэж бид хэлж болно. Гэвч сайн мэдээний хэлэнд найдвар нь лавтай, хөдөлшгүй, бодитой гэсэн үг юм. “Гуйвшгүй найдлага” (Алма 34:41) тавих, “амьд найдвартай” (1 Петр 1:3) байхын талаар бошиглогчид заадаг. Бошиглогч Моронай “Иймийн тул, Бурханд итгэдэг хэн боловч, илүү сайн дэлхийд, тийм ээ, Бурханы баруун гар талд байх нэгэн байрны төлөө лавтайяа найдаж болох, уг найдвар нь итгэлээр ирж, хүмүүсийн бодгальд зангуу болдог, тэр нь тэднийг тууштай мөн хөдөлшгүй сайн үйлээр үргэлж дүүрэн, бас Бурханыг алдаршуулахад удирдагдах болгодог” (Ифер 12:4) хэмээн заасан.
Бидэнд найдвар байх үед бид Бурханы амлалтуудад итгэдэг. Хэрэв бид “зөв шударгын ажлуудыг” гүйцэтгэх юм бол “шагналаа, бүр энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно” (С ба Г 59:23) гэсэн баталгаа байдаг. Ийм найдвар нь зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар ирдэг гэж Моронай заахдаа: “Мөн та нар юуны төлөө найдах билээ? Болгоогтун та нар Христийн цагаатгал, мөн түүний амилалтын хүчээр, мөнх амьдралд босгогдохын тулд найдахыг би та нарт хэлье, мөн энэ нь амлалтын дагуу түүнд итгэлтэйн тань учир болой” (Moронай 7:41) хэмээсэн.
Та сайн мэдээгээр амьдрахыг хичээхдээ “Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах” (Ром 15:13) чадвартаа өсөж хөгжинө. Та залбирч, Бурханы өршөөлийг эрэлхийлэх аваас найдвар дотроо өснө. Мормоны Номд Аарон хэмээх нэгэн номлогч леменчүүдийн хаанд “хэрэв та бүх нүглүүдээ наманчилбал, мөн Бурханы өмнө доош бөхийвөл, та хүлээн авах болно гэдэгтээ найдсаар, мөн итгэлтэйгээр түүний нэрийг дуудвал, тэгвэл та хүссэн тэрхүү найдварыг хүлээн авах болно” (Aлма 22:16) хэмээн үнэмшүүлсэн. Та судраас суралцан, тэдний сургаалыг дагах үедээ найдварыг түүнчлэн олж авдаг. Төлөөлөгч Паул “Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Бичвэрийн тэвчээр болон урамшууллаар дамжин бидэнд найдвар байх юм” (Ром 15:4) хэмээн заасан.
Найдварын зарчим мөнхөд үргэлжилдэг ч амьдралын өдөр тутмын хэцүү зүйлс дунд таныг дэмждэг. “Иаковын Бурханаар туслуулдаг, Бурхан ЭЗЭНдээ найдагч ерөөлтэй еэ!” (Дуулал 146:5) хэмээн Дуулал номын зохиогч бичжээ. Найдвар тээснээр та амьдралдаа баяр баяслыг олж чадна. Та “тэвчээртэй байж, мөн та нар нэгэн өдөр бүх зовлонгуудаасаа амарна гэсэн гуйвшгүй найдлагатайгаар тэдгээр зовлонг тэвчиж” (Aлмa 34:41) чадна. Та “найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлж” чадна. “Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:20).