“Номлолын ажил,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 141–143
“Номлолын ажил,” Итгэлдээ үнэнч байх нь, 141–143
Номлолын ажил
Бид сайн мэдээгээр амьдрах адислалуудыг хүртэхдээ, эдгээр адислалаа бусадтай хуваалцахыг хүсдэг. Түүний сайн мэдээг хуваалцсанаар бидний амьдралд ирдэг баяр баясгалангийн талаар Их Эзэн бидэнд ийн хэлсэн юм.
“Мөн, хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!
Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!” (С ба Г 18:15–16).
Гишүүн бүр номлогч байх үүрэг
Номлогчийн ажил бол бүх хожмын үеийн гэгээнтний үүрэг хариуцлага мөн хэмээн Их Эзэн тунхаглажээ (C ба Г 88:81-ийг үзнэ үү). Их Эзэний Сүмийн гишүүний хувьд та амьдралынхаа сайн сайхан хийгээд өөрийнхөө гэрчлэлийн хүч чадлаар гэр бүлийн гишүүд, найз нөхөд, бусад танилаа бүрэн цагийн номлогчидтой уулзахад бэлтгэн тусалж чадна.
Таны илгээж чадах хамгийн хүчирхэг номлогчийн захиас бол таны өөрийн тань аз жаргалтай, хожмын үеийн гэгээнтний амьдралын үлгэр жишээ юм. Хүмүүс Сүмд зөвхөн тэдний суралцдаг сайн мэдээний зарчмын улмаас ордоггүй гэдгийг сана. Тэд өөрсдийн сүнслэг хэрэгцээг хангаж эхэлдэг ямар нэг зүйлийг мэдэрдэг учраас Сүмд нэгддэг. Хэрвээ та тэдэнтэй чин сэтгэлээсээ харилцдаг бол тэд таны гэрчлэл болон аз жаргалын сүнсийг мэдэрч чадна.
Та сайн жишээ үзүүлэхээс гадна “найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай” (1 Петр 3:15). Та сэргээгдсэн сайн мэдээний талаар бусдад хэлэх боломжуудын төлөө залбирч чадна. Олон хүн энэхүү үнэнийг хүсэх учраас тэр үед та сэрэмжтэй байж чадна.
Бүрэн цагийн номлолд үйлчлэх
Амилуулагдсаныхаа дараа Их Эзэн Өөрийн шавь нарт “… яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” (Maтай 28:19) хэмээн зарлигласан. Энэхүү зарлигийг биелүүлэхээр Сүм дэх боломжтой залуу эрэгтэйчүүд сүнслэг байдал, бие махбод болон сэтгэл санааны хувьд бэлтгэж, бүрэн цагийн номлогчоор үйлчлэх үүрэгтэй байдаг. Ганц бие эмэгтэйчүүдэд болон төлөвшсөн хосуудад бүрэн цагийн номлолд үйлчлэх боломж бас бий. Та бүрэн цагийн номлолд үйлчлэхийг хүсвэл бишоптойгоо эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө ярилц.
Сүмийн шинэ гишүүдэд тохинуулах
Номлогчийн ажил нь Сүмд нэгдэж байгаа хүмүүст туслах, дэмжих ажлыг багтаадаг. Та энэхүү үүргийг тунгаан бодохдоо, шинэ гишүүдийг сүмд нэгдэх үед сорилт тулгардаг гэдгийг сана. Тэдний шинэ амлалт үүрэг нь ихэнхдээ хуучин найз нөхөд, зуршлаасаа салахыг шаарддаг. Түүнчлэн Сүмийн танилцуулдаг амьдралын хэв маяг өөр бөгөөд үүрэг хариуцлага шаардсан мэт санагдаж болно.
Сүмийн гишүүн бүрд гурван зүйл хэрэгтэй. Эдгээр нь: найз, үүрэг хариуцлага, “Бурханы сайн үг”-ээр (Моронай 6:4) тэжээгдэх юм. Та энэхүү тусламжийг үзүүлэх хичээл зүтгэлийн нэг хэсэг болж чадна. Та үргэлж анд нөхөр байж чадна. Та Сүмийн албан ёсны дуудлага буюу үүрэг хариуцлага өгөх албан тушаалтай биш ч гэсэн үйлчлэлийн ажилд шинэ гишүүдийн дэргэд ажиллаж чадна. Мөн шинэ гишүүдтэй Бурханы үгсийг хуваалцах боломжуудыг эрэлхийлж чадна.