“Шударга байдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 223
“Шударга байдал,” Итгэлдээ үнэнч байх нь, 223
Шударга байдал
Итгэлийн тунхгийн арван гуравдуrаарт “Шударга байхад бид итгэдэг” хэмээн мэдэгддэг. Шударга байна гэдэг нь бүхий л цаг үед чин сэтгэлээсээ, үнэнч мөн хуурахгүй байхыг хэлнэ.
Бүх талаараа шударга байх үед та оюун санааны амар амгаланг эдэлж, өөрийгөө хүндэлдэг байж чадна. Та зан төлөвийн хувьд хүчирхэг болдог бөгөөд энэ нь танд Бурханд болон бусдад үйлчлэх боломжийг олгодог. Та бол Бурханы мэлмийн өмнө болон өөрийг тань хүрээлж буй хүмүүсийн өмнө итгэмжтэй нэгэн юм.
Нөгөө талаар, хэрвээ та үйлс, үг хэлээрээ үнэнч бус байвал өөрийгөө болон өрөөл бусдыг түүнчлэн хохироодог. Хэрвээ та худал хэлж, хулгай хийж, хууран мэхэлж эсвэл цалин хөлснийхөө хэмжээгээр бүрэн ажиллаж хөдөлмөрлөдөггүй бол та өөрийгөө хүндэтгэх үзлээ алддаг. Та Ариун Сүнсний удирдамжийг алддаг. Магадгүй та гэр бүлийн гишүүд хийгээд найз нөхдийнхөө харилцааг сүйтгэж, хүмүүс танд дахин итгэхгүй болсон гэдгийг олж мэднэ.
Үнэнч шударга байх нь үргэлж, ялангуяа бусад хүн таны шударга бус зан авирыг зөвтгөхийг ятган хичээх үед зүрх зориг, золиослолыг шаарддаг. Та өөрийгөө иймэрхүү нөхцөл байдалд байгааг мэдвэл үнэнч байдлаас ирдэг үүрдийн амар амгалан нь олныг дагах түр зуурын тайтгарлаас илүү үнэ цэнтэй гэдгийг санаарай.