Бусад эх сурвалж
Авралын төлөвлөгөө


“Авралын төлөвлөгөө,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 9–12

“Авралын төлөвлөгөө,” Итгэлдээ үнэнч байх нь, 9–12

Авралын төлөвлөгөө

Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөртэй нь адил болж, бүрэн баяр баясгаланг авах боломжийг олгох төлөвлөгөөг бэлтгэсэн юм. Судрууд энэхүү төлөвлөгөөг “авралын төлөвлөгөө” (Aлмa 24:14; Moсе 6:62), “аз жаргалын агуу төлөвлөгөө” (Aлмa 42:8), “гэтэлгэлийн төлөвлөгөө” (Иаков 6:8; Алма 12:30), “нигүүлслийн төлөвлөгөө” (Aлмa 42:15) хэмээн нэрлэдэг.

Авралын төлөвлөгөө бол сайн мэдээний бүрэн байдал юм. Авралын төлөвлөгөөнд Бүтээлт, Уналт, Есүс Христийн Цагаатгал, сайн мэдээний бүх хууль, ёслол, сургаал багтдаг. Сонгох болон өөрсдийн төлөө үйлдэх ёс суртахууны эрх чөлөө нь бас Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг юм. Бид энэ төлөвлөгөөний ачаар Цагаатгалаар дамжин төгс болж, бүрэн баяр баяслыг хүлээн авч, Бурханы оршихуйд үүрд мөнх амьдарч чадна. Гэр бүлийн харилцаа мөнхөд үргэлжилж чадна.

Та бол Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд оролцогч ба таны мөнхийн туршлага мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус амьдрал, үхлийн дараах амьдрал гэсэн гурван гол хэсэгт хуваагдана. Та төлөвлөгөөг ойлгох үедээ олон хүний тавьдаг дараах асуултуудын хариултыг олно. Бид хаанаас ирсэн бэ? Бид яагаад энд байгаа вэ? Би энэ амьдралын дараа хаашаа явах вэ?

Мөнх бус байдлын өмнөх амьдрал

Дэлхийд мэндлэхээсээ өмнө та Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд Түүний сүнсэн хүүхдүүдийн нэг болж амьдарч байсан. Та энэхүү мөнх бус байдлын өмнөх оршихуйд Тэнгэрлэг Эцэгийн бусад сүнсэн хүүхэдтэй хамт зөвлөгөөнд оролцсон юм. Уг зөвлөгөөн дээр Тэнгэрлэг Эцэг Өөрийн аз жаргалын агуу төлөвлөгөөг танилцуулсан (Aбрахам 3:22–26-г үзнэ үү).

Аз жаргалын төлөвлөгөөнд нийцүүлэн мөнх бус байдлын өмнөх Эцэгийн сүнснүүдийн Анхны Хүү Есүс Христ Аврагч байхаар гэрээлсэн билээ (Moсе 4:2; Aбрахам 3:27). Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагасан хүмүүст дэлхий дээр ирж, мөнх бус амьдралдаа туршлага хуримтлуулан, мөнх амьдрал руу өсөж хөгжих боломж зөвшөөрөгдсөн юм. Бурханы өөр нэгэн сүнсэн хүү Люсифер Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний эсрэг босож, “хүмүүний сонгох эрх чөлөөг устгахыг эрэлхийлсэн” (Moсе 4:3). Тэрээр Сатан болж, дагалдагчдынхаа хамт тэнгэрээс хөөгдсөнөөр бие махбодтой болох, мөнх бус амьдралаар амьдрах онцгой эрхээ алджээ (Moсе 4:4; Aбрахам 3:27–28-ыг үзнэ үү).

Мөнх бус байдлын өмнөх амьдралын турш та зан чанараа хөгжүүлэн, сүнслэг боломж бололцоогоо нэмэгдүүлсэн. Та сонгох эрхийн бэлгээр адислагдаж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагана гэх мэт чухал шиидвэрүүдийг гаргасан. Эдгээр шийдвэр таны амьдралд тэр үед нөлөөлсөн бөгөөд одоо ч мөн адил нөлөөлж байгаа. Та оюун ухааны хувьд өсөж торнин, үнэнийг хэрхэн хайрлахыг суран, энэ дэлхийд үргэлжлүүлэн өсөж хөгжихөөр өөрийгөө бэлтгэсэн билээ.

Мөнх бус амьдрал

Эдүгээ та мөнх бус амьдралыг туулж байна. Таны сүнс бие махбодтой нэгдсэнээр, мөнх бус байдлын өмнөх амьдралд боломжгүй байсан арга замаар өсөж, хөгжих боломж танд өгөгдөж байна. Таны оршин буй энэхүү хэсэг бол Христэд ирэхээр сонгож, мөнх амьдралын төлөө зохистой байхаар бэлтгэж, өөрийгөө нотлон харуулж чадах суралцах цаг хугацаа юм. Түүнчлэн энэ нь таны хувьд үнэнийг олоход болон авралын төлөвлөгөөний гэрчлэлийг олж авахад нь бусад хүнд тусалж чадах цаг хугацаа мөн.

Үхлийн дараах амьдрал

Таныг нас барахад таны сүнс сүнсний дэлхийд очиж амилуулалтыг хүлээх болно. Амилуулалтын үед таны сүнс, бие хоёр дахин нэгдэж мөн та шүүгдэж, алдар суугийн хаант улсыг хүлээн авна. Таны өвлөн авах алдар суу таны хөрвүүлгийн түвшингээс болон Их Эзэний зарлигуудад дуулгавартай байсан эсэхээс хамаарах болно (“Алдар суугийн хаант улсууд,” 14–17-р хуудсыг үзнэ үү). Энэ нь “Есүсийн тухай гэрчлэлийг хүлээн авсан” (C ба Г 76:51; мөн 76:74, 79, 101-ийг үзнэ үү) байдлаас тань хамаарах юм.

Төлөвлөгөөний мэдлэгээр ирэх адислалууд

Авралын төлөвлөгөөний тухай гэрчлэл амьдралын бэрхшээлтэй тэмцэлдэхэд тань найдвар, зорилгыг өгч чадна. Та бол Бурханы хүүхэд, мөн та дэлхийд төрөхөөсөө өмнө Түүний оршихуйд амьдарч байсан хэмээх мэдлэгт баталгааг олж авч чадна. Мөнх бус амьдралд үйлдсэн үйлдлүүд тань мөнхийн хувь тавиланд нөлөөлдөг гэдгийг мэдсэнээр та одоогийнхоо амьдралын утга учрыг мэдэж авч чадна. Энэхүү мэдлэгээр та чухал шийдвэрүүдээ амьдралын нөхцөл байдлын өөрчлөлтөөс илүүтэйгээр мөнхийн үнэнд үндэслэж чадна. Та гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцаагаа гэр бүл тань мөнх байж чадна гэдэг амлалтын хүрээнд баяртайгаар мөн үргэлжлүүлэн дээрдүүлж чадна. “Зөв шударгын үйлсүүдийг хийх тэрээр шагналаа, бүр энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно” (C ба Г 59:23) гэдгийг мэдсэнээр та Цагаатгалын талаарх гэрчлэл болон Их Эзэний зарлиг, ёслол, гэрээнүүдийг мөн сайн мэдээнд баяр баясгаланг олж чадна.