Бусад эх сурвалж
Уналт


“Уналт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 196–200

“Уналт,” Итгэлдээ үнэнч байх нь, 196–200

Уналт

Еденийн цэцэрлэгт Бурхан “Цэцэрлэгийн мод болгоноос чи чөлөөтэйгөөр идэж болно, харин сайн ба муугийн мэдлэгийн модноос чи идэж болохгүй, гэсэн хэдий ч, өөрийнхөө төлөө сонгож болно, учир нь энэ нь чамд өгөгдсөн билээ; Харин, үүнийг би хориглосныг санагтун; учир нь түүнээс идсэн тэр өдөртөө чи гарцаагүй үхэх болно” (Moсе 3:16–17) хэмээн зарлиглав. Адам, Ева хоёр энэ зарлигийг зөрчиж, сайн ба муугийн мэдлэгийн модны жимснээс хүртсэн учраас тэд Бурханы оршихуйгаас зайлуулагдсан (С ба Г 29:40–41-ийг үзнэ үү). Өөрөөр хэлбэл, тэд сүнсний үхлийг амсжээ. Тэд мөн мөнх бус болж, бие махбодын үхэлд харьяалагдах болсон. Энэхүү сүнсний болон бие махбодын үхлийг Уналт хэмээн нэрлэдэг.

Бидний унасан байдал

Бид Адам, Ева хоёрын үр удмын хувьд мөнх бус байдалд байхдаа уналтын байдлыг өвлөн авдаг (Алма 42:5–9, 14-ийг үзнэ үү). Бид Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдаж, бие махбодын үхэлд харьяалагдах болсон. Бид түүнчлэн амьдралын саад бэрхшээл, дайсны уруу таталтуудаар соригдох, эсрэг тэсрэг байдалд байрлуулагдсан юм (2 Нифай 2:11–14; С ба Г 29:39; Мосе 6:48–49-ийг үзнэ үү).

Бид энэхүү унасан байдалдаа, дотоод сэтгэлдээ зөрчилтэй байдаг. Бид “бурхан чанарыг хуваалцагч” (2 Петр 1:4) байх чадавхтай Бурханы сүнсэн хүүхдүүд юм. Гэвч “бид [Бурханы] өмнө зохисгүй билээ; уналтын улмаас бидний төрөлхийн чанар үргэлжид хилэнцэт байхаар болсон юм” (Ether 3:2). Бид шударга бус хүсэл сонирхлоо даван туулахын тулд байнга хичээх хэрэгтэй.

Тэнгэр элчийн үгсийг давтан, Хаан Бенжамин “Эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн” гэж хэлсэн. Хаан Бенжамин энэхүү төрөлхийн буюу уналтын байдалд “Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэн түүн дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн бус аваас” (Moзая 3:19) хүн бүр Бурханы үүрдийн дайсан байх болно хэмээн анхааруулсан.

Уналтын ашиг тус

Уналт нь Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний чухал хэсэг юм (2 Нифай 2:15–16; 9:6-г үзнэ үү). Уналт нь урагш ахисан, доош унасан хоёр чиглэлтэй. Уналт бие махбодын болон сүнсний үхлийг бий болгосноос гадна дэлхий дээр төрөх, сурах, өсөж хөгжих боломжийг бидэнд олгосон билээ. Бид сонгох эрхээ зөв шударгаар ашиглан, нүгэл үйлдсэн үедээ чин сэтгэлээсээ наманчилснаар Түүний Цагаатгалаар дамжуулан Христэд ирж, мөнх амьдралын бэлгийг хүлээн авахад бэлтгэж чадна. Бошиглогч Лихай ийн заажээ.

“Мөн эдүгээ, болгоогтун, хэрэв Адам зөрчил үйлдээгүй аваас тэрээр унахгүй, харин тэр Еденийн цэцэрлэгт үлдэх байсан билээ. Мөн бүтээгдсэн бүх зүйл тэд бүтээгдсэнийхээ дараа байсан тэр байдлаараа нэгэн адил үлдэх ёстой байсан бөлгөө; мөн тэд үүрд, мөн төгсгөлгүйгээр үлдэх ёстой байсан бөлгөө.

Мөн [Адам, Ева хоёр] хүүхдүүдгүй байх байсан; иймийн тул тэд зовлонг мэдээгүйн учир, баяр баясал үгүй, гэм зэмгүй гэнэн байдалдаа үлдэх байсан; тэд нүглийг мэдэхгүй учир сайныг эс үйлдэх байсан билээ.

Гэвч болгоогтун, бүх зүйл, бүхнийг мэдэгч түүний мэргэн ухаанд хийгдсэн билээ.

Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.

Мөн тэрээр хүмүүний үрсийг уналтаас гэтэлгэж болохын тулд, Мессиа цаг хугацааны бүрэн байдлын үед ирэх болно” (2 Нифай 2:22–26; 19–21, 27-р шүлгүүдийг үзнэ үү).

Адам, Ева хоёр Уналтын үр дагавраас гарч ирсэн адислалууддаа талархлаа илэрхийлжээ.

“Мөн тэр өдөр Адам Бурханыг магтан дуулж мөн дүүргэгдсэн байв, мөн дэлхийн бүх гэр бүлийн талаар бошиглож эхлэн хэлэв: Бурханы нэр адислагдаг, учир нь миний зөрчлийн улмаас нүд минь нээгдсэн буюу, мөн энэ амьдралд би баяр хөөртэй байх болно, мөн махан бодид бибээр Бурханыг дахин харах болно.

Мөн түүний эхнэр Ева эдгээр бүх зүйлийг сонсоод мөн баяртай байж хэлэв: Хэрэв бидний зөрчил байгаагүйсэн бол бид хэзээ ч үр удамгүй байх байсан, мөн сайн ба мууг, мөн бидний гэтэлгэлийн баяр баясгаланг, мөн дуулгавартай бүгдэд Бурханы өгсөн мөнх амьдралыг бид хэзээ ч мэдэхгүй байх байсан” (Moсе 5:10–11).

Уналтаас гэтэлгэгдэх

Бидний унасан, зуурдын байдал болон хувийн нүглүүдийн улмаас бидний цорын ганц найдвар бол Есүс Христ болон гэтэлгэлийн төлөвлөгөө юм.

Есүс Христийн Цагаатгалаар дамжин хүн бүр Уналтын үр дагавраас гэтэлгэгдэх болно. Бид амилуулагдах ба Их Эзэний оршихуйд шүүгдэхээр буцаан авчрагдана (2 Нифай 2:5–10; Aлмa 11:42–45; Хиламан 14:15–17-г үзнэ үү).

Уналтын нийтлэг үр дагавраас биднийг гэтэлгэхээс гадна, Аврагч биднийг нүглүүдээс маань гэтэлгэж чадна. Бид уналтын байдалд байхдаа нүгэл үйлдэж, Их Эзэнээс өөрсдийгөө тусгаарласнаар сүнслэг үхлийг өөрсөд дээрээ авчирдаг. Төлөөлөгч Паулын хэлснээр, “Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй” (Ром 3:23). Хэрвээ бид нүглүүддээ үлдвэл Бурханы оршихуйд оршиж чадахгүй, учир нь “цэвэр ариун бус зүйл … түүний дэргэд орших нь үгүй” (Moсе 6:57). Талархууштай нь, Цагаатгал нь бидэнд, үйлдсэн нүгэлдээ уучлал хүлээн авах болон Бурханы оршихуйд үүрд амьдрах боломжийг олгон “наманчлалын нөхцөлийг хангасан” (Хиламан 14:18) билээ. Алма: “хүмүүн наманчилж болно хэмээн түүнд хугацаа өгөгдсөн юм; тиймийн тул энэ амьдрал нь сорилтын нөхцөл; Бурхантай уулзахаар бэлтгэх цаг; нас барагсдын амилуулалтын дараа ирэх, биднээр хэлэгдсэн тэрхүү төгсгөлгүй байдалд бэлтгэх цаг болсон ажгуу” (Aлма 12:24) хэмээн заажээ.

Аврагчийн цагаатгагч золиослолд талархах

Өлсөх хүртлээ бид хоол хүсдэггүйн адил Аврагчийн хэрэгцээг хүлээн зөвшөөрөх хүртлээ бид мөнхийн авралыг бүрэн дүүрэн хүсдэггүй. Биднийг Уналтын талаар илүү сайн ойлгодог болох үед энэ ухаарал ирдэг. Бошиглогч Лихайн зааснаар, “Бүх хүмүүн төөрөлдсөн бас унасан байдалд ордог буюу, тэд энэхүү Гэтэлгэгчид тулгуурлахгүй бөгөөс үргэлжид тийм байх бөлгөө” (1 Нифай 10:6).