“Бурхан Эцэг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 59–61
“Бурхан Эцэг,” Итгэлдээ үнэнч байх нь, 59–61
Бурхан Эцэг
Бурхан бол бидний итгэж, шүтэн биширдэг Агуу Нэгэн билээ. Тэр бол Бүтээгч, Удирдагч, бүх зүйлийн Хамгаалагч юм. Тэрбээр төгс бөгөөд Түүнд бүх хүч байдаг. Тэр бүгдийг мэддэг. Тэрээр “хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой” (C ба Г 130:22).
Бидний Тэнгэрлэг Эцэг бол шүүлт, хүчирхэг байдал, мэдлэг, хүч чадлын Бурхан; гэхдээ төгс нигүүлсэл, сайхан сэтгэл, энэрлийн Бурхан юм. Хэдийгээр бид “бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй” боловч Тэр биднийг хайрладаг хэмээх лавтай мэдлэгээр амар амгаланг олж чадна (1 Нифай 11:17-г үзнэ үү).
Бидний Сүнсний Эцэг
Амьдралын агуу асуултуудын нэг бол “Би хэн бэ?” юм. Хүүхдийн хэсгийн хайр хүрэм дуу бяцхан хүүхдүүдийг хүртэл энэ асуултад хариулахад тусалдаг. “Би Бурханы хүүхэд тул энэ эх дэлхийд намайг …” хэмээн бид дуулдаг. Бид бол Бурханы хүүхдүүд гэсэн мэдлэг хүч чадал, тайвшрал, итгэл найдварыг өгдөг.
Та бол мөнх бус байдлын өмнөх амьдралд сүнсээр төрсөн Бурханы хүүхэд мөн. Түүний хүүхдийн хувьд танд тэнгэрлэг, мөнхийн чадамж байгаа мөн Тэр энэхүү чадамжид хүрэх чин сэтгэлийн хичээл зүтгэлд тань туслах болно гэдэгт итгэлтэй бай.
Агуу Бүтээгч
Тэнгэрлэг Эцэг бол Аугаа Дээд Бүтээгч мөн. Есүс Христээр дамжуулан Тэр тэнгэр, газрыг мөн тэдгээрийн дээрх бүх зүйлийг бүтээсэн билээ (Moсе 2:1). Алма “Бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг; тийм ээ, бүр газар дэлхий, мөн үүний гадаргуу дээрх бүх зүйл, тийм ээ, мөн үүний хөдөлгөөн, тийм ээ, мөн түүнчлэн өөрсдийн байнгын замаар хөдлөх тэр бүх гарагууд Эрхэм дээд Бүтээгч байдгийг гэрчилдэг юм” (Aлмa 30:44) хэмээжээ.
Цагаас цагт бүтээлтийн гоо сайхныг буюу модод, цэцэгс, амьтад, уул нурууд, далайн давалгаа, дөнгөж төрсөн хүүхэд зэргийг тунгаан бод. “Сүр жавхлан хийгээд сүр хүчиндээ хөдлөн яваа Бурханы” гэрч болсон од гарагсын замналыг харж болох тэнгэр өөд ширтэн харах цаг гарга (С ба Г 88:41–47-г үзнэ үү).
Авралын төлөвлөгөөний зохиогч
Тэнгэр дэх Эцэг маань биднийг Өөртэйгөө мөнхөд хамт амьдраасай хэмээн хүсдэг. Түүний ажил, алдар суу “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” явдал юм (Moсe 1:39). Үүнийг боломжтой болгохын тулд Тэрээр авралын төлөвлөгөөг бэлтгэсэн. Тэрээр Өөрийн хайрт Хүү Есүс Христийг үхлийн хүлээсийг тайлуулан, дэлхийн нүглийг цагаатгахаар илгээжээ. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” (Иохан 3:16). Энэ золиос бол бидний төлөөх Тэнгэрлэг Эцэгийн хайрын дээд илэрхийлэл билээ.
Бурхан Эцэгээ танин мэдэх
Бурханы хүүхдүүдийн хувьд биднийг Тэр Өөрийн бусад бүх бүтээлээс тусгаарласан тул бид Түүнтэй онцгой харилцаатай байдаг. Тэнгэр дэх Эцэгээ таньж мэдэхийг эрэлхийл. Тэр танд хайртай ба таныг залбирвал Тэрээр танд Өөрт нь ойртон очих үнэт боломжийг өгсөн. Чин сэтгэл болон төлөв даруу байдал дахь таны залбирлууд түүнд хүрч хариулагдах болно.
Түүнчлэн та Түүний Хайрт Хүүгийн талаар сурч мэдэн, сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлснээр Эцэгээ таньж мэдэж болно. Аврагч шавь нартаа заахдаа: “Та нар Намайг мэдсэн бол Эцэгийг минь ч мөн мэдэх болно. … Намайг харсан нь Эцэгийг харсан” (Иохан 14:7, 9) хэмээсэн.
Та судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс суралцаж мөн үйлчилснээр Бурхан Эцэгтээ ойр байж чадна. Та Бурханы хүслийг даган, Түүний хүссэнээр амьдарваас Түүнтэй болон Түүний Хүүтэй улам адил болж чадна. Та өөрийгөө тэдний оршихуйд эргэн очиж амьдрахад бэлтгэ.