Бусад эх сурвалж
Үйлчлэл


“Үйлчлэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 206–208

“Үйлчлэл,” Итгэлдээ үнэнч байх нь, 206–208

Үйлчлэл

Есүс Христийн үнэнч шавь нар эргэн тойронд байгаа хүмүүстээ үйлчлэхийг хүсдэг. Аврагч “Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” (Иoхан 13:35) хэмээн хэлсэн.

Та баптисм хүртэх үедээ Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах гэрээг байгуулсан. Бошиглогч Алма энэхүү гэрээг баптисм хүртэхийг хүссэн хэсэг шинэ хөрвөгчид тайлбарлажээ. Тэрээр тэдний “Бурханы хороонд орох” хүсэл нь “нэг нэгнийхээ ачааг тэдгээр нь хөнгөн байхын тулд үүрэлцэж, мөн гашуудах тэдний хамт гашуудах, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах” (Moзая 18:8–9) утга учиртай үйлчлэл үзүүлэх эрмэлзлийг агуулсныг ажигласан.

Та бусдад үйлчлэхээр хичээхдээ Аврагчийг жишээ болгон хар. Хэдийгээр Тэр дэлхийд Бурханы Хүүгийн хувьд ирсэн ч Өөрийн эргэн тойронд байсан хүмүүст даруу үйлчилсэн. Тэрээр “Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг” (Лук 22:27) хэмээн тунхагласан.

Аврагч үйлчлэлийн чухлыг заахдаа сургаалт зүйрлэлийг хэрэглэжээ. Сургаалт зүйрлэлд Тэр Өөрийн алдар суунд дэлхийд эргэн ирж, ёс бусчуудаас шyдарга хүмүүсийг тусгаарладаг. Зөв шyдарга хүмүүст Тэрээр ийн хэлдэг. “Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. Учир нь өлсөж байхад минь та нар Надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн, харь хүн байхад минь урьж оруулсан, нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над дээр ирсэн билээ” (Maтай 25:34–36).

Энэ тунхаглалд гайхаж эргэлзсэн зөвт хүмүүс: “Эзэн, бид хэзээ өлсөж байхыг тань хараад хооллож, цангахад тань уух юм өгсөн бэ? Хэзээ бид харь хүн байсныг тань хараад, урьж оруулан нүцгэн байхад тань хувцасласан бэ? Хэзээ бид өвчтэй байхыг тань хараад, эргэж, шоронд байхад тань очсон юм бэ?” (Maтай 25:37-39) гэж асуудаг.

“Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” (Матай 25: 40) хэмээн Их Эзэн хариулдаг.

Аврагч таныг бусдын үйлчлэлд өөрийгөө зориулахыг урьдаг. Үүнийг хийх таны боломж хязгааргүй. Өдөр бүр зүрх сэтгэлийг баярлуулах, сайхан үг хэлэх, өөрсдийн хүчээр хийж чадахгүй байгаа ажлыг нь бусдын төлөө хийх, сургаалыг хуваалцах арга замыг хай. Үйлчлэхэд өдөөдөг Сүнсний шивнээнүүдийг хүлээн авах чадвартай бай. Аз жаргалд хүрэх жинхэнэ түлхүүр нь бусдын аз жаргалын төлөөх хөдөлмөр байдаг гэдгийг та олж мэднэ.