“Амилалт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 19–20
“Амилалт,” Итгэлдээ үнэнч байх нь, 19–20
Амилалт
Адам, Ева хоёрын Уналтаас болж биеэс сүнс салах бие махбодын үхлээс бид хамааралтай болдог. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бүх хүн амилуулагдан, бие махбодын үхлээс аврагдана (1 Коринт 15:22-ыг үзнэ үү). Амилалт гэдэг нь сүнс биетэйгээ төгс төгөлдөр, үхэшгүй байдалд эргэн нэгдэж, дахин үхлээс хамааралгүй болно гэсэн үг (Алма 11:42–45-ыг үзнэ үү) юм.
Аврагч бол энэ дэлхий дээрх амилуулагдсан анхны хүн байв. Тэрээр булшнаасаа боссон гэдгийг гэрчлэх хэд хэдэн түүхийг Шинэ Гэрээ агуулдаг (Maтай 28:1–8; Maрк 16:1–14; Лук 24:1–48; Иохан 20:1–29; 1 Коринт 15:1–8; 2 Петр 1:16–17-г үз).
Амилсан Аврагч төлөөлөгчид дээрээ ирэхдээ, яс, махан биетэй гэдгийг нь ойлгоход тэдэнд тусалжээ. Тэрээр: “Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм” (Лук 24:39) хэмээн хэлжээ. Түүнчлэн Тэрээр амилсныхаа дараа нифайчууд дээр хүрч иржээ (3 Нифай 11:10–17-г үзнэ үү).
Амилуулалтын үед бид “[өөрсдийн] үйлдлүүдийн дагуу шүүгдэнэ. … Бид Бурханы өмнө одоогийнхоо мэдэж буйн адил мэдлэгтэйгээр, мөн өөрсдийн бүх гэмийн тодорхой дурдатгалтайгаар зогсохоор аваачигдах” (Aлма 11:41, 43) болно. Бидний хүлээн авах мөнхийн алдар суу бидний итгэлтэй байдлаас хамаардаг. Хэдийгээр бүх хүн амилуулагдах боловч зөвхөн Христэд ирж, Түүний сайн мэдээний бүрэн байдлаас хүртэгчид л селестиел хаант улсад өргөмжлөл хүлээн авна.
Амилуулалтын гэрчлэл, ойлголт нь амьдралын бэрхшээл, сорилт, ялалтыг туулах үед танд найдвар, хэтийн зорилгыг өгч чадна. Аврагч амьдардаг, Түүний Цагаатгалаар дамжуулан “тэрээр үхлийн хүлээсийг тасчиж, ингэснээр булш ялалт үгүй байж, мөн үхлийн шаналал нь сүр жавхланд найдах найдвараар уужруулагдсан байх болно” (Aлма 22:14) хэмээн итгэснээр та тайтгарах болно.