“Дуулгавартай байдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 85–86
“Дуулгавартай байдал,” Итгэлдээ үнэнч байх нь, 85–86
Дуулгавартай байдал
Мөнх бус байдлын өмнөх оршихуйд Тэнгэрлэг Эцэг Тэнгэрт агуу Зөвлөлийг тэргүүлсэн юм. Тэнд бид газар дэлхий дээрх туршилтын цаг хугацааг багтаасан бидний авралын төлөөх Түүний төлөвлөгөөг мэдэж авсан. “Дээр нь тэд оршин сууж болох дэлхийг бид хийх болно; мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно” (Абрахам 3:24–25). Газар дэлхий дээр байгаа нэг шалтгаан тань бол та Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дагах хүслээ харуулахад оршино.
Зарлигууд нь эрх чөлөө, хувийн өсөлтийг хязгаарладаг тул төвөгтэй хэмээн олон хүн боддог. Гэвч Аврагч жинхэнэ эрх чөлөө нь зөвхөн Түүнийг дагаснаар ирдэг гэдгийг “Хэрэв та нар үгэн дотор минь байвал үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө” (Иохан 8:31–32) хэмээн заасан. Таны ашиг тусын тулд Бурхан зарлигуудыг ѳгдѳг. Тэдгээр нь таны аз жаргал, бие махбод, сүнслэг сайн сайханд зориулагдсан хайр халамж бүхий зааварчилгаа билээ.
Бошиглогч Иосеф Смит зарлигуудад дуулгавартай байх нь Бурханаас ирэх адислалууд руу хөтөлдөг тухай заасан. Тэрээр: “Энэ дэлхийн сууринаас өмнө дээр нь бүх адислал тулгуурлагдсан хууль тэнгэрт эргэлт буцалтгүйгээр тогтоогдсон болой—мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу” (C ба Г 130:20–21) гэж хэлжээ. Хаан Бенжамин түүнчлэн энэхүү зарчмыг заасан. “Мөн үүнээс гадна, Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой; мөн хэрэв тэд төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвчвээс, тэгвэл тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно. Ай санагтун, эдгээр зүйлүүд үнэнийг санагтун; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан юм” (Мозая 2:41).
3арлигуудад дуулгавартай байх нь Тэнгэрлэг Эцэг хийгээд Есүс Христэд хайртай гэдгээ илэрхийлж байгаа бидний хайрын илрэл билээ. Аврагч “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” (Иохан 14:15) хэмээсэн. Хожим нь Тэрээр “Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно” (Иохан 15:10) хэмээн тунхаглажээ.