“Хүндэтгэлийн өдөр,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 217–219
“Хүндэтгэлийн өдөр,” Итгэлдээ үнэнч байх нь, 217–219
Хүндэтгэлийн өдөр
Хүндэтгэлийн өдөр бол амарч, бишрэхэд зориулсан Их Эзэний өдөр юм. Хуучин Гэрээний үед Бурханы гэрээт хүмүүс долоо хоногийн долоо дахь өдөр Хүндэтгэлийн өдрийг сахидаг байжээ. Учир нь Бурхан газар дэлхийг бүтээж дуусаад, долоо дахь өдрөө амарсан байдаг. Их Эзэн Арван зарлигт Хүндэтгэлийн өдрийг сахихын чyхлыг онцолсон юм.
“Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь.
Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажлаа хий.
Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал бас танайд байгаа ирмэл хүн ч мөн адил.
Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм” (Гэтлэл 20:8–11).
Долоо хоногийн эхний өдөр тохиосон Есүс Христийн Амилалтын дараа Их Эзэний шавь нар долоо хоногийн эхний өдөр ням гарагт Хүндэтгэлийн өдрийг сахиж эхэлсэн (Үйлс 20:7-г үзнэ үү).
Хожмын өдрүүдэд Их Эзэн Хүндэтгэлийн өдрийг үргэлжлүүлэн сахихыг бидэнд зарлигласан. Хэрэв бид энэхүү зарлигт дуулгавартай байх юм бол “дэлхийн бүрэн байдлыг” (C ба Г 59:16–20-ийг үзнэ үү) хүлээн авна хэмээн амласан.
Хүндэтгэлийн өдөр нь ариун өдөр учраас үүнийг зохистой болоод ариун үйл ажиллагаанд зориулах хэрэгтэй. Ажил хөдөлмөр, зугаа цэнгэлээс зайлсхийх нь хангалтгүй. Үнэндээ, хэрвээ бид Хүндэтгэлийн өдөр юу ч хийхгүй зөвхөн залхууран хэвтэх аваас энэ өдрийг ариунаар хадгалж чадахгүй. 1831 онд Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлтээр Их Эзэн: “Мөн чи өөрийгөө дэлхийгээс илүү бүрэн дүүрэн толбогүй байлгаж болгохын тулд, чи залбирлын өргөөнд очиж мөн миний ариун өдөрт ариун ёслолуудаа өргөх ёстой; Учир нь үнэнээр энэ бол хөдөлмөрүүдээсээ амрахаар, мөн Бүхний Дээдэд чи бүхнээ зориулахаар чамд өгөгдсөн өдөр юм” (C ба Г 59:9–10) хэмээн зарлигласан. Энэхүү илчлэлд нийцүүлэн бид ариун ёслолын цуглаанд долоо хоног бүр оролцдог. Хүндэтгэлийн өдрийн үйл ажиллагаанд залбирах, бясалгах, судраас мөн хожмын үеийн бошиглогчдын сургаалуудаас судлах, гэр бүлийн гишүүд, найз нөхдөдөө захиа бичих, ашиг тустай материал унших, өвчтэй болон сэтгэл санааны дарамттай хүмүүс дээр зочилж очих, Сүмийн бусад цуглаанд оролцох зэргийг хамааруулж болно.