Бусад эх сурвалж
Мацаг барих ба мацгийн өргөл


“Мацаг барих ба мацгийн өргөл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 120–123

“Мацаг барих ба мацгийн өргөл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 120–123

Мацаг барих ба мацгийн өргөл

Мацаг барих гэдэг нь тодорхой хугацааны туршид сайн дураараа хоол идэхгүй, ус уухгүй байхыг хэлдэг. Мацаг барихыг чин сэтгэлийн залбирахтай хослуулах нь өөрийгөө болон бусдыг Бурханы адислалуудыг хүлээн авахад бэлтгэхэд тусалж чаддаг.

Мацаг барихын зорилго

Нэгэн удаа Аврагч чөтгөрийг хүүхдээс зайлуулж, энэхүү туршлагаа Өөрийн шавь нарт залбирал болон мацаг барихын хүчийн талаар заахдаа хэрэглэжээ. Шавь нар нь Түүнээс “Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ?” гэж асуухад Есүс тэдэнд “Та нарын итгэл өчүүхнийх. Үнэнээр Би та нарт хэлье, гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж үгүй болно. Гэвч энэ төрлийн чөтгөр нь залбирал, мацаг барилтаар л гардаг” хэмээн айлджээ. (Maтай 17:14–21-ийг үзнэ үү.)

Энэхүү түүх нь залбирах, мацаг барих хоёр нь санваарын адислал өгч байгаа болон хүлээн авч байгаа хүмүүст нэмэлт хүч чадал өгдөг гэдгийг зааж байна. Энэхүү түүхийг сайн мэдээгээр амьдрах хувийн идэвх чармайлтдаа түүнчлэн хэрэгжүүлж болно. Хэрэв танд даван туулахаар тэмцэлдэж байгаа сул тал юм уу нүгэл байвал хүсэж байгаа тусламж эсвэл өршөөлийг хүлээн авахын тулд залбирч, мацаг барих хэрэгтэй байж болно. Христ чөтгөрийг хөөн зайлуулсантай адил, та зөвхөн залбирах, мацаг барихаар л бэрхшээлээ даван туулах боломжтой байж болох юм.

Та олон зорилгын төлөө мацаг барьж болно. Мацаг барих нь Бурханыг шүтэн бишрэх болон Түүнд талархлаа илэрхийлэх нэг арга юм (Лук 2:37; Aлмa 45:1-ийг үзнэ үү). Та Тэнгэрлэг Эцэгт хандан өвчтэй мөн зовж шаналсан хүмүүсийг адислахыг хүсэж, мацаг барьж болно (Maтай 17:14–21-ийг үзнэ үү). Мацаг барих нь танд болон таны хайртай хүмүүст хувийн илчлэлт хүлээн авахад мөн үнэнд хөрвүүлэгдэхэд тусалж болно (Aлмa 5:46; 6:6-г үзнэ үү). Та мацаг барьснаар уруу таталтыг эсэргүүцэх хүч чадлыг олж авч болно (Исаиа 58:6-г үзнэ үү). Та өөрийгөө Бурханы өмнө даруусгахын тулд, түүнчлэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийг хичээхдээ мацаг барьж болно (Oмнай 1:26; Хиламан 3:35-ыг үзнэ үү). Та сайн мэдээг хуваалцах удирдамж хүлээн авахаар эсвэл Сүмийн дуудлагуудыг эрхэмлэн биелүүлэхээр мацаг барьж болно (Үйлс 13:2–3; Aлма 17:3, 9; 3 Нифай 27:1–2-ыг үзнэ үү). Зөв шударга зүйлд гашуудах эсвэл гуниглах үедээ мацаг барьж болно (Алма 28:4–6; 30:1–2-ыг үзнэ үү).

Мацгийн ням гараг

Сүм сар бүр нэг ням гаргийг, ихэвчлэн эхний ням гаргийг мацаг барих өдөр болгон тогтоосон. Дараалсан хоёр хоол, унд идэж уулгүйгээр яван, мацгийн болон гэрчлэлийн цуглаанд оролцож, мацгийн өргөлөө тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахад зориулан өргөснөөр мацгийн ням гаргийг зохих ёсоор сахидаг.

Мацгийн өргөл нь хамгийн багадаа идээгүй хоёр хоолны үнэтэй тэнцүү байх ёстой. Боломжтой бол өгөөмөр байж, үүнээс илүүг өгч бай.

Сүмийн удирдагчдын тогтоосон мацгийн өдрөөс гадна та өөрийнхөө болон бусдын хэрэгцээний дагуу өөр ямар ч өдөр мацаг барьж болно. Гэвч та хэтэрхий олон удаа эсвэл зааснаас илүү хугацаагаар мацаг барих хэрэггүй.

Жинхэнэ мацаг барих

Уулан дээрх номлолдоо Есүс мацаг барих жинхэнэ аргыг заажээ. Мацаг барихдаа хоёр нүүр гаргагчдын эсрэг Тэрээр “тэд мацаг барьж байгаагаа бусдад харуулахын тулд царайгаа барайлгадаг” хэмээсэн. Зөв шударга байдлаа гаднаа харуулахын оронд мацаг барихдаа “нууц оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууц хардаг Эцэг чинь чамд буцааж төлнө” (Maтай 6:16–18).

Бошиглогч Исаиа түүнчлэн мацаг барихын жинхэнэ мөн чанарын талаар “Гэм буруугийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлж, дарлагдагсдыг чөлөөлөөд, аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу? Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, хөөгдөж туугдсан ядуусыг гэртээ авчрах нь бус уу? Нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, цусан төрлөөсөө нуугдахгүй байхын тулд бус уу?” (Исаиа 58:6–7) хэмээн заасан.

Мацаг барих хуулийг дуулгавартай дагаснаар ирэх адислалуудыг Исаиа түүнчлэн ийнхүү гэрчилжээ. “Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч, эдгэрэлт чинь үтэр түргэн өсөж, зөвт байдал чинь чиний өмнө явах бөгөөд ЭЗЭНий алдар чиний арын хамгаалалт болно. Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана. … Өлсөгчдөд өөрийгөө өгч, зовогсдын сэтгэлийг цатгавал, гэрэл чинь харанхуйд мандаж, бүрхэг бүүдгэр чинь үд дунд мэт байх болно. ЭЗЭН чамайг ямагт удирдан, ган гачигийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож, ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэт, ширгэшгүй устай урсгал мэт байх болно” (Исаиа 58:8–11).