Бусад эх сурвалж
Амар амгалан


“Амар амгалан,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 17–19

“Амар амгалан,” Итгэлдээ үнэнч байх нь, 17–19

Амар амгалан

Олон хүн дайн дажин байхгүй бол амар амгалан байна гэж үздэг. Гэвч бид амар амгаланг дайны үед ч мэдэрч чаддаг ба дайн байлдаан байхгүй үед ч амар амгалангаар дутаж болно. 3өрчилдөөн байхгүйн улмаас зүрх сэтгэлд амар амгалан ирдэг нь хангалттай биш юм. Амар амгалан нь сайн мэдээгээр дамжин Есүс Христийн Цагаатгал, Ариун Сүнсний тохинуулал, бидний өөрсдийн зөв шударга байдал, чин сэтгэлийн наманчлал болон идэвх чармайлттай үйлчлэлээр дамжуулан ирдэг.

Тэр ч байтугай таны эргэн тойронд дэлхий үймээн самуунтай үед ч та дотоод амар амгалангийн адислалыг хүлээн авч чадна. Та сайн мэдээний гэрчлэлдээ үнэнч байж, таныг хайрладаг, хамгаалдаг Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг санах аваас энэхүү адислал үргэлжлүүлэн тантай хамт байх болно.

Та амар амгаланг өөрөө мэдрэхээс гадна гэр бүл, орон нутагтаа мөн дэлхийд амар амгалангийн нөлөө болж чадна. Та зарлигуудыг дагаж, үйлчлэл үзүүлж, гэр бүлийн гишүүд болон хөршдөө санаа тавьж, сайн мэдээг хуваалцах үедээ амар амгалангийн төлөө ажиллаж байдаг. Та хэзээд нэгнийхээ шаналлыг тайтгаруулахаар туслахдаа амар амгалангийн төлөө ажиллаж байдаг.

Аврагчийн хэлсэн доорх үгс бидэнд сайн мэдээний авчирдаг амар амгаланг хэрхэн хүртэхииг заадаг.

“Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.

Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ” (Иохан 14:26–27).

“Сайныг үйлдэхээс бүү ай, хөвгүүд минь, учир нь та нар юу тарина, та нар мөн түүнчлэн хурааж авах болно; тиймийн тул, хэрэв та нар сайныг таривал та нар шагналдаа түүнчлэн сайныг хурааж авах болно.

Тиймийн тул, бүү ай, бяцхан сүрэг; сайныг үйлдэгтүн; дэлхий хийгээд там та нарын эсрэг нэгдэг, учир нь хэрэв та нар миний хадан дээр баригдсан байх аваас, тэд дийлэх нь үгүй.

Болгоогтун, би та нарыг зэмлэх нь үгүй; өөрсдийнхөө замаар явж, мөн нүглийг дахин бүү үйлд; та нарт миний зарлигласан ажлыг буурь суурьтайгаар гүйцэтгэгтүн.

Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.

Миний хажуу талыг цоо хатгасан шархыг мөн түүнчлэн миний гар мөн хөлөн дэх хадаасны ормуудыг болгоогтун; итгэлтэй байгтун, миний зарлигуудыг сахигтун, мөн та нар тэнгэрийн хаант улсыг өвлөх болно” (С ба Г 6:33–37).

“Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иoхан 16:33).

Та Аврагчийг санан дурсаж, түүнийг дагаваас, үнэхээр зоригтой байж чадна. Та бүхий л цаг үед жинхэнэ, байнгын амар амгаланг мэдэрч чадна. Та Аврагчийн амилуулагдсаныхаа дараа Өөрийн шавь нарт хэлсэн “Амар амгалан та нарт байх болтугай” (Иохан 20:19) гэсэн анхны үгсээс найдварыг олж чадна.