“Наманчлал ,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 133–138
“Наманчлал ,” Итгэлдээ үнэнч байх нь, 133–138
Наманчлал
Наманчлал бол сайн мэдээний анхдагч зарчмуудын нэг юм (Итгэлийн тунхаг 1:4-ийг үзнэ үү). Энэ нь энэхүү амьдралд хийгээд мөнх оршихуй дахь таны аз жаргалд зайлшгүй хэрэгцээтэй. Наманчлал нь буруу зүйлээ ухаарахаас хавьгүй илүү зүйл билээ. Энэ бол Бурханы, өөрийн тухай хийгээд дэлхий ертөнцийн тухай шинэ үзэл бодол төрүүлэх оюун санаа, зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. Энэ нь нүглээ орхиж, уучлал эрэхээр Бурханд хандахыг хэлнэ. Наманчлал нь Бурханыг хайрлах хайр, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах чин сэтгэлийн хүслээр өдөөгддөг.
Наманчлах хэрэгцээ
“Цэвэр бус нэг ч зүйл тэнгэрийн хаант улсыг өвлөж чадахгүй” (Aлмa 11:37) хэмээн Их Эзэн тунхаглажээ. Нүгэл таныг цэвэр биш, өөрөөр хэлбэл Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэж очин, амьдрахад зохистой биш болгодог. Мөн энэ амьдралд таны бодгальд цөхрөл гасланг авчирдаг.
Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Тэнгэрлэг Эцэг танд нүглүүдээсээ өршөөгдөх цорын ганц замыг хангаж өгсөн (“Өршөөл,” 147–149-р хуудсыг үзнэ үү). Есүс Христ нүглийн тань шийтгэлд зовж шаналсан бөгөөд хэрэв та чин сэтгэлээсээ наманчлах аваас өршөөгдөж чадах юм. Та наманчлан, Түүний авралын ач ивээлд найдвал нүглээсээ ангижирна. Тэрээр ийнхүү тунхагласан.
“Тиймийн тул би чамд наманчлахыг зарлиглаж байна—наманчил, эс тэгвээс би чамайг амныхаа үгэн саваагаар, мөн хилэгнэлээрээ, мөн уураараа арчин хаях болно, мөн чиний зовлон гашуун байх болно—хэр зэрэг гашууныг чи мэдэх нь үгүй, хэр зэрэг хүчтэйг чи мэдэх нь үгүй, тийм ээ, тэвчихэд хэр зэрэг хэцүүг чи мэдэх нь үгүй.
Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ”
Гэвч хэрэв тэд үл наманчлах аваас, бүр миний адилаар тэд зовох ёстой;
Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон нь—мөн намайг тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан билээ.
Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүний үрсийн төлөө өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ” (С ба Г 19:15–19).
Наманчлалыг хойшлуулахын аюул
Нүглээ бүү өмөөр эсвэл наманчлалаа бүү хойшлуул. Амюлек: “Учир нь болгоогтун, энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе; тийм ээ, болгоогтун энэ амьдралын өдөр бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм. … Эцсийг хүртэл наманчлалын өдрөө бүү хойшлуулаасай хэмээн би та нараас гуйна; учир нь мөнхийн тулд бэлтгэхээр бидэнд өгөгдсөн амьдралын энэ өдрийн дараа, болгоогтун, хэрэв бид энэ амьдралдаа цагийг сайнаар ашиглахгүй бол, тэгвэл ямар ч хөдөлмөр гүйцэлдэж чадахгүй шөнийн харанхуй ирэх болно” (Aлма 34:32–33) гэж анхааруулсан.
Наманчлалын хүчин зүйлүүд
Наманчлал нь зовиур шаналгаатай үйл явц боловч энэ нь өршөөл болон үүрдийн амар амгалан руу хөтөлдөг. Бошиглогч Исаиагаар дамжуулан Их Эзэн: “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно” (Исаиа 1:18) хэмээн хэлсэн. Энэ эрин үед Их Эзэн: “Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, Их Эзэн бибээр тэдгээрийг цаашид санах нь үгүй” (С ба Г 58:42) хэмээн амласан. Наманчлал дараах хүчин зүйлсийг агуулдаг. Үүнд:
Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх.
Нүглийн хүч асар их. Үүнээс ангижрахын тулд та Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж, итгэлтэй залбирах ёстой. Тэнгэрлэг Эцэг залбирлыг тань хэзээ ч сонсохооргүйгээр тийм ихээр гомдсон хэмээн Сатан таныг залбирах зохисгүй гэж танд итгүүлэхийг хичээж болох юм. Энэ бол худал зүйл. Хэрэв та Түүн рүү наманчилсан зүрх сэтгэлээр ирвэл Тэнгэр дэх Эцэг танд туслахад үргэлж бэлэн байдаг. Таныг эдгээж, нүглийг ялгууснаар даван туулахад тань туслах хүч Түүнд байдаг.
Наманчлал бол Есүс Христэд итгэх, Түүний Цагаатгалын хүчийг хүлээн зөвшөөрөх итгэлийн үйлдэл. Зөвхөн Түүний тавьсан нөхцөлөөр та уучлагдаж чадна гэдгийг сана. Түүний Цагаатгалыг болон нүглээс таныг цэвэрлэх Түүний хүчийг талархалтайгаар хүлээн зөвшөөрвөөс та “наманчлалд хүргэх итгэлийг бодитой болгох” (Aлма 34:17) боломжтой.
Нүгэл үйлдсэндээ гэмших.
Та өршөөгдөхийн тулд нүгэл үйлдсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэв та сайн мэдээгээр амьдрахаар хичээвэл ийм ухаарал “бурханы дагуух гашуудал” руу хөтөлж “авралд хүргэх гэмшлийг бий болгодог” (2 Коринт 7:10). Бурханы дагуух гэмшил нь нүглийн төрөлхийн үр дагавар эсвэл шийтгэлээс айснаас болж ирдэггүй, харин Тэнгэрлэг Эцэг болон Аврагчаа гомдоосон гэдгээ мэдсэнээс ирдэг. Хэрэв та бурханлагаар харуусах юм бол өөрчлөгдөх чин хүсэлтэй болж, өршөөлийн шаардлага бүрийг хангах эрмэлзэлтэй болно.
Буруугаа хүлээх.
“Гэмт үйлдлээ далдлагч хэзээ ч үл дэвжюү. Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү” (Сургаалт үгс 28:13). Өршөөлийн гол цөм нь үйлдсэн бүхнээ Тэнгэрлэг Эцэгт хэлэх хүсэл эрмэлзэлтэй байх явдал юм. Түүний өмнө даруухнаар сөгдөн залбирч, нүглүүдээ хүлээн зөвшөөр. Өөрийн ичгүүр, гэм бурууг илчлээд, тусламж хүс.
Ариун явдлын хуулийг зөрчих зэрэг ноцтой гэм нүглүүд нь таны Сүмийн гишүүнчлэлд аюул учруулж болно. Тиймээс эдгээр нүглийг Их Ззэнд болон Сүм дэх Түүний төлөөлөгчдөд илчлэн хэлэх хэрэгтэй. Энэ нь Сүм дэх шүүгч, харуулуудаар үйлчилдэг бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийн мөн гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчийн анхаарал халамжин доор гүйцэтгэгддэг. Зөвхөн Их Эзэн нүглийг тань өршөөж чадах хэдий ч эдгээр санваарын удирдагч наманчлалын явцад чухал үүрэг гүйцэтгэж чадна. Тэд таны гэмшлийг нууцалж, наманчлалын үйл явцын бүхий л талд танд тусалдаг. Тэдэнтэй бүрэн шударга бай. Хэрэв та нүглийнхээ зөвхөн заримыг нь хүлээж, хөнгөн алдаагаа л дурдвал илүү ноцтой, илчилж хэлээгүй гэмээ шийдвэрлэж чадахгүй. Та энэ үйл явцыг аль болох түргэн эхлэх юм бол уучлалын гайхамшгаар ирдэг амар амгалан, баяр баясгаланг төдий чинээ түргэн олох болно.
Нүглээ орхих.
Хэдийгээр нүглээ илчлэн хэлэх нь наманчлалын чухал хэсэг боловч хангалттай биш юм. Их Эзэн: “Хүн нүглүүдээ наманчилдаг эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно—болгоогтун, тэрээр тэдгээрийг хүлээж мөн орхих болно” (С ба Г 58:43) хэмээсэн.
Алдаагаа хэзээ ч дахин давтахгүй байхын тулд гуйвшгүй, байнгын шийдвэр төгс бай. Та энэхүү амлалтаа сахиснаар тэрхүү нүглийн зовиурыг дахин хэзээ ч амсахгүй.
Аюултай нөхцөл байдлаас даруй зугт. Хэрэв тодорхой нөхцөл байдал таныг нүгэл үйлдэхэд нөлөөлөх буюу нүгэл үйлдүүлэхээр байвал орхи. Та уруу татах зүйл дотор үлдэн, нүглийг давж гарна гэсэн хүлээлттэй байж чадахгүй.
Сэргээх.
Та өөрийн үйлдлийн буруугаас болж хохироосон хүний өмч хөрөнгө эсвэл сайн нэр төрийг чадахаараа нөхөн сэргээж өгөх ёстой. Нөхөн төлөх хүсэлтэй байх нь таныг нүглээ наманчлахын тулд чадах бүхнээ хийхийг зорьж байгааг Их Эзэнд харуулдаг.
Зөв шударга амьдрах.
Хилэнцийг эсэргүүцэхээр зүгээр нэг хичээх юм уу амьдралаа нүглээс чөлөөлөх нь хангалтгүй юм. Та амьдралаа зөв шударга байдлаар дүүргэж, сүнслэг хүч авчрах үйл ажиллагаанд оролцох ёстой. Сударт өөрийгөө бүрэн оруул. Өөрөөсөө давсан хүч чадал гуйж, Их Эзэнд өдөр бүр залбир. Онцгой адислалын төлөө үе үе мацаг барь.
Бүрэн дүүрэн дуулгавартай байдал амьдралд тань сайн мэдээний бүрэн хүчийг болон алдаа дутагдлаа давж гарах өсөн нэмэгдэх хүч чадлыг авчирдаг. Энэхүү дуулгавартай байдал нь цуглаанд оролцох, аравны нэг төлөх, үйлчлэх, бусдыг уучлах зэрэг наманчлалын нэг хэсэг хэмээн таны таамаглаагүй байж болох үйл ажиллагааг хамруулна. Их Эзэн “наманчилж мөн Их Эзэний зарлигуудыг биелүүлэх тэр нь өршөөгдөх болно” хэмээн амласан (C ба Г 1:32).