“Санваар,” Итгэлдээ үнэнч байх нь, (2004), 166–171
“Санваар,” Итгэлдээ үнэнч байх нь, 166–171
Санваар
Санваар нь Бурханы мөнхийн эрх мэдэл, хүч юм. Санваарын хүчээр Бурхан тэнгэрүүдийг болон газар дэлхийг бүтээж мөн захирдаг. Тэрбээр энэ хүчээр дамжуулан Өөрийн хүүхдүүдийг гэтэлгэн, өргөмжилж, “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчирдаг” (Moсe 1:39).
Дэлхий дээрх эрэгтэйчүүдэд өгдөг санваарын эрх мэдэл
Бурхан Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд санваарын эрх мэдэл өгдөг ба тэгснээр тэд Түүний хүүхдүүдийн авралын төлөө Түүний нэрээр үйлдэж чаддаг. Сайн мэдээг номлох, авралын ёслолуудыг гүйцэтгэх, дэлхий дээрх Бурханы хаант улсыг удирдах эрх мэдлийг санваартнуудад олгодог.
Сүмийн эрэгтэй гишүүд 12 нас хүрээд санваарын үйлчлэлийг эхэлж болно. Тэд эхлээд Аароны санваарыг атгаж, дараа нь Мелкизедек санваар хүртэх шаардлагыг хангаж болно. Амьдралын янз бүрийн үеүдэд тэд өөр өөр үүрэг хариуцлага хүлээн авахаар өөрсдийгөө бэлдэхдээ санваарын өөр өөр албыг, тухайлбал Аароны санваарын дикон, багш эсвэл пристийг мөн Мелкизедек санваарын ахлагч буюу дээд пристийн албыг хашдаг. (Аароны болон Мелкизедек санваарын талаар тодорхой мэдээллийг 3 ба 123-р хуудаснаас үзнэ үү.)
Санваар атгах Сүмийн эрэгтэй гишүүдийн хувьд эрх мэдэлтэй санваартан үүнийг түүнд хүртээж, тэрхүү санваарын албанд томилох ёстой (Еврей 5:4; C ба Г 42:11; Итгэлийн тунхаг 1:5).
Хэдийгээр санваарын эрх мэдлийг зөвхөн Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд хүртээдэг ч санваарын адислалууд нь бүх хүнд—эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүдэд хүртээмжтэй байдаг. Бид бүгд зөв шударга санваарын удирдагчийн нөлөөгөөр ашиг тус хүртдэг ба санваарын авралын ёслолуудыг хүлээн авах эрх бидэнд бүгдэд нь байдаг.
Санваар ба гэр бүл
Санваарыг хэрэгжүүлэх хамгийн чухал газар бол гэр бүл дотор юм. Сүм дэх нөхөр болон эцэг хүн бүр Мелкизедек санваартай байхын тулд зохистой байхаар хичээх хэрэгтэй. Мөн гэр бүлийнхээ сүнслэг тэргүүлэгчийн хувиар үйлчлэн, эхнэртэйгээ эрх тэгш хамтрагчид байж, зөв шударга байдал, хайраар өрх гэрээ тэргүүлдэг. Тэрээр гэр бүлээ тогтмол залбирч, судар судлахад болон гэр бүлийн үдшийг явуулахад удирддаг. Тэрээр хүүхдүүддээ зааж, авралын ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхэд нь туслахын тулд эхнэртэйгээ хамтран ажилладаг (С ба Г 68:25–28-ыг үзнэ үү). Тэрээр сүнслэг удирдамж ба эдгээх, тайтгаруулах санваарын адислалуудыг өгдөг.
Олон гишүүний гэрт итгэлтэй Мелкизедек санваартан байдаггүй. Гэхдээ гэрийн багш болон санваарын удирдагчдын үйлчлэлээр дамжуулан Сүмийн бүх гишүүн өөрсдийн амьдралд ирсэн санваарын хүчийн адислалд баясаж чадна.
Санваарын чуулгууд
Санваарын чуулга бол санваарын ижил алба бүхий ах нарын зохион байгуулалттай бүлэг юм. Чуулгын үндсэн зорилго нь бусдад үйлчлэх, эв нэгдэл болон ах дүүгийн барилдлага тогтоож, нэг нэгэндээ сургаал, зарчим, үүргүүдийг зааварчлах учиртай.
Чуулгууд нь Сүмийн бүхий л түвшинд оршдог. Сүмийн ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд Тэргүүн Зөвлөлийн чуулгыг бүрдүүлдэг. Арван хоёр төлөөлөгч мөн чуулгыг бүрдүүлдэг. Ерөнхий эрх мэдэлтэй болон бүсийн эрх мэдэл бүхий далууд аль аль нь чуулгуудад зохион байгуулагдсан байдаг. Гадасны ерөнхийлөгч бүр гадасны бүх дээд пристээс бүрдсэн дээд пристийн чуулгыг тэргүүлдэг. Тойрог эсвэл салбар бүр ерөнхийдөө ахлагч, прист, багш болон диконы чуулгуудтай байдаг. Дээд пристүүд нь түүнчлэн тойргуудад зохион байгуулагддаг бөгөөд дээд пристийн бүлэгтээ үйлчилдэг.
Гэрийн багшлалт
Санваартнууд багшийн албанд томилогдсон цагаасаа хойш гэрийн багшаар үйлчлэх үүрэгтэй ба боломжтой байдаг. Энэ арга замаар тэд “сүмийг ямагт харж хандан, мөн тэдэнтэй хамт байж мөн тэднийг бэхжүүлэх” үүргээ биелүүлэхийн төлөө ажилладаг (С ба Г 20:53).
Гэрийн багш нар хувь хүн, гэр бүлүүдэд Сүмийн тусламжийн эхний эх сурвалж байх онцгой үүрэгтэй. Тэд хариуцсан гишүүд дээрээ дор хаяж сар бүр зочилдог. Тэд ингэж үйлчлэн, зочлохдоо эцэг эхчүүдийг хүлээх үүрэг хариуцлагад нь дэмжиж, гэр бүлийн гишүүн бүрд сайн мэдээг зааж, нөхөрлөлийг тэтгэж мөн гишүүдийг ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, сайн мэдээний адислалуудыг хүлээн авахуйц зохистой амьдрахад бэлтгэхэд нь тусалдаг.
Тойрог, салбарын удирдагчид гэр бүл, хувь хүн бүрд гэрийн багш нар оногдсон эсэхийг баталгаажуулна. Гишүүн бүрийн сүнслэг болон материаллаг хэрэгцээг хангахад туслахын тулд тэд гэрийн багш нартай уулздаг.
Санваарын түлхүүрүүд
Санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүс Сүм дэх санваарын эрх мэдлийг хэрэгжүүлдэг (С ба Г 65:2; 124:123-ыг үзнэ үү). Санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүс өөрсдийн эрх мэдлийн хүрээнд Сүмийг тэргүүлж, удирдах эрхтэй байдаг. Жишээ нь, бишоп өөрийн тойргийг тэргүүлэх санваарын түлхүүрүүдийг атгадаг. Тиймээс тухайн тойрогт хүүхэд баптисм хүртэхээр бэлтгэх үед, хүүхдэд баптисм хүртээх гэж байгаа хүн бишопоос зөвшөөрөл авах ёстой.
Есүс Христ санваарын бүхий л түлхүүрийг атгадаг. Тэрээр төлөөлөгчдөдөө Өөрийнхөө Сүмийг удирдахад шаардлагатай түлхүүрүүдийг өгсөн. Зөвхөн ахмад төлөөлөгч, Сүмийн ерөнхийлөгч (эсвэл өөр хүнийг ашиглахад нь зөвшөөрөл өгөх) Сүмийг бүхэлд нь захирах эдгээр түлхүүрийг хэрэглэж болно (С ба Г 43:1–4; 81:2; 132:7–г үзнэ үү).
Санваарын бусад удирдагчаар хариуцсан бүсүүдийг нь тэргүүлүүлэхийн тулд Сүмийн ерөнхийлөгч санваарын түлхүүрүүдийг тэдэнд олгодог. Санваарын түлхүүрүүдийг ариун сүм, номлол, гадас, дүүргийн ерөнхийлөгч, бишоп, салбарын ерөнхийлөгч болон чуулгын ерөнхийлөгчдөд олгодог. Эдгээр албын аль нэгэнд үйлчилдэг хүн зөвхөн албаасаа буух хүртлээ тэдгээр түлхүүрийг эзэмшдэг. Зөвлөхүүд түлхүүрүүдийг хүлээн авдаггүй боловч дуудлага болон даалгавраар эрх мэдэл, үүрэг хариуцлага хүлээн авдаг.
Санваарыг зөв шударга ашиглах
Хэрэв та санваартан бол санваар бүхий л цагт бүхий л нөхцөл байдалд таны нэг хэсэг байдаг гэдгийг сана. Энэ нь дуртай үедээ өмсөөд тайлдаг хувцас биш юм. Санваарын албын аливаа томилгоо бол Их Эзэн итгэлийн тань дагуу Өөрийнхөө ажлыг хийлгэхийн тулд таныг тохирохуйц болгох амлалттай хамт байдаг насан туршийн үйлчлэлийн дуудлага билээ.
Та санваарын хүчийг хүлээн авч мөн хэрэглэхийн тулд зохистой байх ёстой. Ярьж буй үгс болон таны өдөр тутмын зан байдал үйлчлэх чадварт тань нөлөө үзүүлдэг. Олон нийтийн газарт таны зан байдал өөгүй байх ёстой. Хувийн зан байдал тань бүр илүү чухал. Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан: “Санваарын эрхүүд нь тэнгэрийн хүчтэй салшгүй холбоотой байдаг, мөн тэнгэрийн тэрхүү хүч нь зөв шударга ёсны зарчмуудаас бусдаар хянагдаж ч мөн шийдвэрлэгдэж ч үл чадах бөлгөө” (C ба Г 121:36) хэмээн тунхаглажээ. Тэрээр санваартнуудад ийнхүү сануулжээ.
“Тэдгээр нь бидэнд хүртээгддэг байж болох нь, энэ нь үнэн бөлгөө; харин бид нүглээ далдлахыг оролдоход, эсвээс бардамналаараа, хоосон санаархлаараа сайрхах, эсвээс хүмүүний үрсийг хянах, эзэгнэх, эсвээс албадахад, болгоогтун, тэнгэр өөрийгөө татан авдаг буюу; Их Эзэний Сүнс гашууддаг болой; мөн энэ нь буцаан татагдахад, тэр хүний санваарт эсвээс эрх мэдэлд Амен. Болгоогтун, төдөлгүй тэрээр ухаарахад … тэрээр ганцаар үлддэг буюу” (С ба Г 121:37–38).
“Сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар; нинжин сэтгэл, мөн зусардалтгүйгээр мөн заль мэхгүйгээр оюун санааг агуу ихээр өргөжүүлэн тэлдэг цэвэр мэдлэгээр” бус аваас та санваартаа ямарваа хүч хийгээд нөлөөг олж авч чадахгүй. Хэрэв та “Ариун Сүнсээр хөтлөгдөх” аваас хэн нэгнийг шүүмжил, дараа нь “тэрээр чамайг дайснаа гэж үзэхгүйн тулд, тэгээд та нар шүүмжилсэн түүнийг хайрлах хайраа нэмэгдүүлснээ харуул. Чиний итгэлтэй байдал үхлийн хүлээснээс илүү хүчтэйг тэрээр мэдэж болохын тулд буюу” (С ба Г 121:41–44).
Та санваараа зөв шударга байдал хийгээд хайранд ашиглах аваас Их Эзэний мутар дахь зэмсэг мэт үйлчлэхдээ баяр баясгаланг олох болно. Тэрээр ийн хэлсэн.
“Хэвлий дотор чинь тэрчлэн бүх хүмүүнд, мөн итгэлийн тогтмол байдалд энэрлээр дүүрэн байг, мөн бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг, тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй байх болно, мөн санваарын номлол тэнгэрээс буух шүүдэр лугаа адил чиний сүнсэн дээр намуухан буух болно.
Ариун Сүнс чиний байнгын хамтрагч мөн чиний очирт таяг, зөв шударга ёс хийгээд үнэний хувиршгүй очирт таяг байх болно; мөн эзэгнэл чинь үүрдийн эзэгнэл байх болно; мөн албадлагын арга хэрэгсэлгүйгээр энэ нь чам руу үүрд мөн мөнхөд урсах болно” (C ба Г 121:45–46).