Бусад эх сурвалж
Залбирал


“Залбирал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 101–106

“Залбирал,” Итгэлдээ үнэнч байх нь, 101–106

Залбирал

Та бол Бурханы хүүхэд. Тэнгэрлэг Эцэг танд хайртай бөгөөд таны хэрэгцээг мэддэг. Тэр таныг Өөртэй нь залбирлаар дамжуулан харилцаасай хэмээн хүсдэг. Түүнд хандан залбир, өөр хэнд ч биш. Их Эзэн Есүс Христ “Та нар үргэлж миний нэрээр Эцэгт залбирах ёстой” (3 Нифай 18:19) хэмээн зарлигласан.

Та Бурхантай залбирлаар хандах хэвшлийг бий болговол Түүнийг таньж, Түүнд ойртон очих болно. Таны хүсэл Түүнийхтэй илүү адилхан болно. Хэрэв та зөвхөн итгэлээр асуух аваас Түүний өгөхөд бэлэн байгаа адислалуудыг өөртөө болон бусдад олж авч чадна.

Залбирлын зарчмууд

Тэнгэрлэг Эцэг залбирлуудыг тань сонсож мөн хариулахад үргэлж бэлэн байдаг. Залбирлын тань хүч танаас хамаарна. Та залбирлаа амьдралынхаа нэгэн хэсэг болгохоор хичээх үедээ дараах зөвлөгөөг санаарай.

Залбирлаа утга учиртай болго.

Бошиглогч Мормон, хэрвээ хэн нэгэн залбирахдаа “зүрх сэтгэлийнхээ үнэн хүслээр бус аваас, энэ нь түүнд ямар ч ашиггүй, учир нь Бурхан тийм нэгийг ч хүлээн авдаггүй” (Moронай 7:9) гэдгийг сануулсан. Залбирлаа утга учиртай болгохын тулд чин сэтгэлээсээ “зүрхнийхээ бүхий л эрч хүчээр” залбирах ёстой (Моронай 7:48). Залбирахдаа “хоосон давталтаас” зайлсхий (Матай 6:7-г үзнэ үү). Өөрийн хандлага, хэрэглэж буй үгсийг сайн бод.

Хайр, хүндэтгэл, бишрэл, дотно байдлыг үзүүлэх үг хэллэг хэрэглэ.

Энэхүү зарчмын хэрэглээ нь таны ямар хэлээр ярьдаг эсэхээс хамааран ялгаатай байна. Хэрэв та англиар залбирах бол, жишээ нь, чи, чиний болон чинийх гэх мэт түгээмэл хэрэглэгддэг төлөөний үгсийн оронд Бурханд хандахдаа судрын төлөөний үгсийг буюу та, таны болон таных гэдгийг хэрэглэх хэрэгтэй. Хэлнээс үл хамааран зарчим нь хэвээр үлддэг. Та залбирахдаа Бурхантай хайраар дүүрэн, бишрэн шүтсэн харилцааг зохистой илэрхийлсэн үгсийг ашиглах хэрэгтэй. Магадгүй залбирлын хэл таны хувьд сурахад бэрхшээлтэй байгаа ч байнга залбирч, судраас унших юм бол аажимдаа эвтэйхэн болох болно.

Тэнгэрлэг Эцэгтээ үргэлж талархлаа илэрхийл.

“Та нарын дээр түүний бэлэглэдэг тэрхүү олон нигүүлсэл мөн адислалуудын төлөө та нар өдөр бүр талархалтайгаар амьдрах” (Алма 34:38) ёстой. Адислалаа санах цаг гаргавал та Тэнгэрлэг Эцэг тань таны төлөө ямар их зүйл хийснийг мэдэх болно. Түүнд талархлаа илэрхийл.

Хийж буй бүх зүйлдээ Тэнгэрлэг Эцэгийн удирдамж, хүч чадлыг эрэлхийл.

Алма өөрийн хүү Хиламанд зөвлөхдөө, “Өөрт хэрэгтэй бүх дэмжлэгийн тулд Бурханаас гуй; тийм ээ, бүхий л үйлүүд тань Их Эзэний төлөө байг, мөн чи хаана ч явсан Их Эзэнтэй нэгдмэл юм; тийм ээ, бүх бодол санаа чинь Их Эзэнд чиглэсэн байг; тийм ээ, зүрх сэтгэлийн тань хайр Их Эзэн дээр үүрд байрлаг. Бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно; тийм ээ, чи үдэш унтахаар хэвтэхдээ, тэрээр нойронд чинь чамайг манаж болохын тулд Их Эзэний төлөө хэвт; мөн өглөө босохдоо зүрх сэтгэл чинь Бурханд хандах талархлаар дүүрэн байг; мөн хэрэв чи эдгээр зүйлийг хийх аваас эцсийн өдөр өргөгдөх болно” (Aлма 37:36–37; түүнчлэн Aлма 34:17–26-г үзнэ үү) .

Залбирахдаа бусдын хэрэгцээг сана.

“Аз жаргалынхаа төлөө, мөн түүнчлэн та нарын эргэн тойронд байгаа тэдний аз жаргалын төлөө” (Алма 34:27) залбирлуудаа өргө. Тэнгэрлэг Эцэгээс хэрэгцээтэй хүмүүсийг тайвшруулж, адислахыг хүс. Түүнээс Сүмийн ерөнхийлөгч, бусад ерөнхий эрх мэдэлтэн болон орон нутгийнхаа Сүмийн удирдагчдыг хүчирхэгжүүлж, дэмжихийг гуй. Гэр бүлийн гишүүд болон найз нөхдийнхөө сайн сайхны төлөө залбир. Засгийн газрын удирдагчдын төлөө залбир. Номлогчид болон тэдний зааж байгаа хүмүүсийг хамгаалж урамшуулахыг Их Эзэнээс хүс.

Залбиралдаа юу багтаахаа мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Ариун Сүнс хэлэх үгсийг тань чиглүүлж, хэрхэн залбирахыг зааж чадна (Ром 8:26; 2 Нифай 32:8). Тэр чамд “Бурханы хүсэл зоригийн дагуу” (С ба Г 46:30) залбирахад тусалж чадна.

Залбирлаараа дамжуулан хүсэж буй зүйлээ хүртэж болохын тулд чадах бүхнээ хий.

Тэнгэрлэг Эцэг таныг зөвхөн Өөрөөс нь адислал хүсэхээс хавьгүй их зүйл хийгээсэй хэмээн хүсэн хүлээдэг. Чухал шийдвэр гаргах үедээ “оюун бодолдоо судалж үзэхийг” (C ба Г 9:7–8-ыг үзнэ үү) Тэр өөрт тань хариулт өгөхөөсөө өмнө үргэлж шаарддаг. Удирдамж авах залбирал тань зөвхөн Ариун Сүнсний шивнээг хүлээн авахуйц таны хичээл зүтгэлтэй адил үр дүнтэй байх болно. Өөрийнхөө болон бусдын сайн сайхны төлөөх залбирал тань “гачигдсаныг, мөн нүцгэрснийг хоосон буцааж, мөн өвдсөн хийгээд зовсонд үл очин, мөн хэрэв та нарт буй аваас хөрөнгөнөөсөө гачигдсан тэдэнтэй эс хуваалцвал” (Aлма 34:28) хоосон байх болно.

Хэрэв таны өмнө хүнд хэцүү даалгавар байвал Тэнгэрлэг Эцэг таныг өвдөг сөхрөн тусламж гуйж, хөл дээрээ босон ажиллавал баярлана. Тэр таны бүхий л зөв шударга үйлсэд туслах болно. Гэхдээ таны өөрөө хийж чадах зүйлийг Тэрээр хийх нь ховор.

Хувийн залбирал

Уулан дээрх номлолдоо Есүс Христ: “Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө” (Maтай 6:6) хэмээн зөвлөсөн. Хувийн залбирал бол сүнсний өсөлт хөгжилтийн зайлшгүй хэсэг юм.

Дор хаяж өглөө, орой бүр анхаарал сарниулах зүйлээс хол байх газрыг ол. Даруухнаар өвдөглөн сууж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилц. Хэдийгээр заримдаа та чимээгүй залбирах хэрэгтэй боловч зарим үед сонсогдохоор залбирахыг хичээ (C ба Г 19:28; 20:51).

Залбирал нь хоёр талын харилцаа гэдгийг сана. Залбирлаа төгсгөх үедээ түр зогсосхийж байгаад, сонсож сур. Зарим үед Тэнгэрлэг Эцэг таныг өвдөг дээрээ сөхөрч байх үед зөвлөж, удирдаж, тайтгаруулах болно.

Залбирахад зохисгүй гэсэн санааг өөртөө бүү төрүүл. Энэхүү санаа нь таныг залбирах ёсгүй гэж ятгах Сатанаас ирдэг (2 Нифай 32:8-ыг үзнэ үү). Хэрэв та залбирч буй мэт мэдрэхгүй бол залбирч байгаагаа мэдрэх хүртлээ залбир.

Аврагч зарлиглахдаа, “Ялан дийлэгч болж гарахын тул чи ямагт залбир; тийм ээ, чи Сатаныг ялж гарахын тулд, мөн түүний ажлыг дэмжиж байдаг Сатаны зарц нарын гараас зугтаахын тулд буюу” (С ба Г 10:5) хэмээсэн. Хэдийгээр та үргэлж өвдөг сөгдөн залбирдаггүй ч хувийн залбирлаа байнга хийвэл зүрх сэтгэлээ “дүүрэн байлгаж, залбирлаа үргэлжлүүлэн Бурханд хандуулж” (Aлма 34:27; мөн 3 Нифай 20:1-ийг үзнэ үү) чадна. Өдрийн турш та Тэнгэрлэг Эцэгийн болон Түүний Хайрт Хүүгийн төлөөх хайрын байнгын мэдрэмжтэй байж чадна. Та чимээгүй Эцэгтээ талархлаа илэрхийлэн, үүрэг хариуцлагадаа өөрийгөө хүчирхэгжүүлэхийг гуй. Уруу таталт эсвэл бие махбодын аюул тулгарах үед та Түүнээс чимээгүйгээр тусламж хүсэж чадна.

Гэр бүлийн залбирал

Хувиараа залбирахыг бидэнд зарлигласнаас гадна биднийг гэр бүлтэйгээ хамт залбирч байхыг Аврагч бидэнд ухуулсан. Тэрээр хэлэхдээ, “Эхнэрүүд хийгээд хүүхдүүд чинь адислагдаж болохын тулд гэр бүлдээ Эцэгт хандан миний нэрээр үргэлж залбир” (3 Нифай 18:21) хэмээсэн.

Хэрэв та гэрлэсэн бол гэр бүлийн залбирлаа гэр бүлийнхээ амьдралын нэг хэсэг болго. Өглөө бүр, үдэш бүр даруухнаар хамтдаа сөхөрч суу. Гэр бүлийн гишүүн бүрд залбирах боломжийг олго. Тэнгэрлэг Эцэгийн та нарт өгсөн адислалуудад талархахаар хамтдаа нэгд. Бусдын төлөө залбирах, та нарт хэрэгтэй байгаа адислалуудыг гуйхын тулд итгэлд нэгд.

Гэр бүлийн тогтмол залбирлаар дамжуулан та болон таны гэр бүлийн гишүүд Бурханд болон бие биедээ улам ойр байх болно. Хүүхдүүд тань Тэнгэр дэх Эцэгтэйгээ харилцаж сурна. Та нар бүгдээрээ бусдад үйлчлэхэд болон уруу таталтуудыг сөрж зогсоход илүү сайн бэлтгэгдэнэ. Танай гэр дэлхийн хилэнцэт нөлөөллөөс толгой хоргодох газар, сүнслэг хүч чадлын газар байх болно.

Нийтийн залбирал

Зарим үед танаас Сүмийн цуглаан болон анги дээр нийтийн залбирал хэлэхийг хүсэж болох юм. Та энэхүү боломжийг хүлээн авах үедээ, нийтэд номлож байна гэж бодох бус, харин Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцаж байгаа гэдгээ санаарай. Таны хэлсэн зүйлийн талаар бусад хүн юу бодох бол гэж бүү санаа зов. Түүний оронд энгийн, чин сэтгэлийн залбирлыг өргө.

Залбиралдаа хариулт хүлээн авах

Аврагч: “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ” (Матай 7: 7–8) хэмээн заасан. Нифайчуудад Тэрээр хэлэхдээ, “Мөн та нар хүлээж авах болно гэж итгээд, миний нэрээр Эцэгээс гуйх, зөв болох юу боловч, болгоогтун энэ нь та нарт өгөгдөх болно” (3 Нифай 18:20) хэмээсэн.

Тэнгэрлэг Эцэг таны залбирлыг сонсдог. Таны хүссэн шиг хариулахгүй байж болох ч Тэр Өөрийн цагт, Өөрийн хүсэл зоригийн дагуу хариултыг өгдөг. Учир нь Тэрээр танд юу хамгийн сайн бэ гэдгийг мэддэг, тэр ч байтугай таны хүсэлт гуйлт чин сэтгэлийн ч гэсэн Тэр зарим үед үгүй гэж хариулж болно.

Залбирлын хариу олон арга замаар ирдэг. Ихэнхдээ Ариун Сүнсний зөөлөн намуухан дуугаар дамжин ирдэг (“Илчлэл,” 109–114-р хуудсыг үзнэ үү). Амьдралын тань нөхцөл байдал эсвэл чиний эргэн тойронд байгаа үйлдлүүдээр дамжуулан ирж болдог. Та Тэнгэрлэг Эцэгтэйгээ залбирлаар дамжуулан ойр байх аваас, Түүний нигүүлсэнгүй байдал хийгээд хүсэлт гуйлтууд дахь мэргэн хариултыг та төвөггүйхэн таньж чадна. Тэр бол таны “хоргодох газар ба хүч, зовлон шаналал дунд үнэхээр олддог тусламж” гэдгийг та мэдэх болно.