Бусад эх сурвалж
Сүмийн удирдах алба


“Сүмийн удирдах алба,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 180–185

“Сүмийн удирдах алба,” Итгэлдээ үнэнч байх нь, 180–185

Сүмийн удирдах алба

Есүс Христ Сүмийг тэргүүлж байдаг билээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн эрхэм зорилго бол бүх хүмүүнийг Түүн рүү ирэхэд (Moронай 10:32-ыг үзнэ үү) туслах явдал юм. Энэхүү эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд энэ Сүм нь Их Эзэний “ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, … бид бүгд итгэхүй ба Бурханы Хүүг мэдэхүй дор нэгдэх хүртлээ” хэмээн илчилсэн загварын дагуу зохион байгуулагдсан (Ефес 4:12–13; түүнчлэн 11-р шүлгийг үзнэ үү). Доорх тойм нь Сүмийн зохион байгуулалтыг нэгтгэн дүгнэж байгаа юм.

Гэр орон ба гэр бүл

Гэр бүл бол Сүмийн үндсэн нэгж бөгөөд гэр орон бол сайн мэдээнээс суралцах хамгийн чухал газар билээ. Өөр ямар ч байгууллага гэр бүлийн орчинг бүрдүүлж чадахгүй. Сүм өсөж хөгжсөөр байсан ч зорилго нь гэр бүл болон хувь хүмүүсийг сайн мэдээгээр амьдрах хичээл зүтгэлд нь дэмжсээр байх болно.

Ерөнхий удирдах алба

Өнөө үед Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүсийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн бидний дэмждэг Сүмийн ерөнхийлөгчөөр дамжуулан удирддаг. Сүмийн ерөнхийлөгч Сүмийг бүхэлд нь тэргүүлдэг. Тэрээр түүнчлэн бошиглогч, үзмэрч, илчлэгчид болох өөрийн зөвлөхүүдийн хамт Тэргүүн Зөвлөлийн чуулгыг бүрдүүлдэг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд мөн бошиглогч, үзмэрч илчлэгчид мөн. Тэд Тэргүүн Зөвлөлийн хамтаар “бүх дэлхийд Христийн нэрний тусгай гэрчүүд” (С ба Г 107:23) билээ. Тэд Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор үйлдэн, “сүмийг төлөвшүүлдэг, бүх үндэстэнд, … бүх хэрэг явдлыг зохицуулдаг” (C ба Г 107:33). Тэд “Есүс Христийн сайн мэдээний тунхаглалаар хаалгыг [бүх үндэстэнд] нээх бөлгөө” (С ба Г 107:35).

Далын чуулгуудын гишүүд сайн мэдээг тунхаглаж, Сүмийг байгуулахаар дуудагддаг. Тэд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэхээр дуудагдсан долоон ахын удирдлаган доор ажилладаг. Далын нэгдүгээр, хоёрдугаар чуулгын гишүүдийг ерөнхий эрх мэдэлтнүүд болгон томилдог бөгөөд тэд дэлхийн хаана ч үйлчлэхээр дуудагдаж болно.

Тэргүүлэх бишопын зөвлөл бол Сүм даяарх Аароны санваарын ерөнхийлөгчийн зөвлөл юм. Тэргүүлэх бишоп болон түүний зөвлөхүүд Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор Сүмийн ажлын албыг удирдахаар үйлчилдэг.

Залуу эрэгтэйчүүд, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн анги бүгдээрээ зааварчилгаа болон удирдамжаар хангах ерөнхийлөн удирдах зөвлөлтэй байдаг.

Бүсийн удирдах алба

Бүс бол Сүмийн хамгийн том газар нутгийг хамарсан хэлтэс юм. Тэргүүн Зөвлөл нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлаган доор Сүмийн сонгогдсон бүсүүдийг шууд удирдуулахаар Далын ерөнхийлөгчийн зөвлөлийг томилдог. Сүмийн бусад бүсийг тэргүүлүүлэхээр Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийг Тэргүүн Зөвлөл томилдог. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл ихэнхдээ Далын нэгдүгээр эсвэл хоёрдугаар чуулгаас томилогдсон ерөнхийлөгч ба Далын аль ч чуулгаас томилогдож болох хоёр зөвлөхөөс бүрддэг. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын Чуулга, болон Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор үйлчилдэг.

Зарим ах Далын албанд томилогддог боловч ерөнхий эрх мэдэлтнүүд шиг үйлчилдэггүй. Тэднийг Бүсийн эрх мэдэлтэн далууд гэх ба газар зүйн байрлалын дагуу тэд Далын нэгдүгээр эсвэл хоёрдугаар чуулгаас бусад чуулгад томилогддог. Тэдний эрх мэдэл нь амьдарч буй ерөнхий бүсээрээ хязгаарлагддаг. Бүсийн зарим эрх мэдэлтэн далууд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд үйлчилдэг.

Орон нутгийн удирдах алба

Тойрог, салбарууд

Сүмийн гишүүд сүнслэг болон нийгмийн хөгжлийн төлөө хамтдаа тогтмол уулздаг цуглаануудад хуваарилагддаг. Томоохон цуглаануудыг тойргууд гэж нэрлэнэ. Тойрог бүрийг бишоп, хоёр зөвлөхийн туслалцаатайгаар тэргүүлдэг.

Жижиг цуглаануудыг салбарууд гэж нэрлэнэ. Салбар бүрийг салбарын ерөнхийлөгч, хоёр зөвлөхийн туслалцаатайгаар тэргүүлдэг. Хамгийн багадаа Сүмийн гишүүн хоёр гэр бүл нэг бүсэд амьдарч, аль нэг гишүүн нь зохистой Мелкизедек санваартан эсвэл зохистой Аароны санваартан байгаа тохиолдолд салбарыг зохион байгуулж болно. Гадас, номлолын эсвэл дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл нь тухайн салбарыг зохион байгуулж мөн удирддаг. Хэрвээ салбар нь гадас дотроо байрладаг бол тойрог болж өргөжиж болно.

Тойрог эсвэл салбар бүр тодорхой газар зүйн бүсийг хамардаг. Тойрог эсвэл салбарын өөр өөр туслах бүлгүүд нь Их Эзэний ажил болох: Дээд пристүүдийн бүлэг; санваарын чуулга; 18 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдэд зориулсан Халамжийн нийгэмлэг; 12–17 насны залуу эрэгтэйчүүдэд зориулсан Аароны санваарын чуулгууд; 12–17 насны залуу эмэгтэйчүүдэд зориулсан Залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөр; 18 сартайгаас 11 нас хүртэлх хүүхдүүдэд зориулсан Хүүхдийн хэсэг; 12 болон түүнээс дээш насны Сүмийн бүх гишүүнд зориулсан Ням гаргийн ангид хувь нэмэр оруулдаг. Эдгээр бүлэг болгон сайн мэдээг заах, үйлчлэл хийх, хүүхдүүдээ Есүс Христийн сайн мэдээнд хөрвүүлэхэд нь туслах эцэг эхийн ариун үүргийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр бүлэг нь сайн мэдээг бусадтай хуваалцахад нь гишүүдэд туслахын тулд хамтран ажилладаг.

Гадас, номлол, дүүргүүд

Сүм зохион байгуулагдсан ихэнх газар зүйн бүс нь гадаснуудад хуваагддаг. Гадас гэдэг нэр томьёо нь хожмын үеийн Сүм гадаснуудаар хамгаалагдсан асар лугаа адил байх болно хэмээн бошиглосон бошиглогч Исаиагаас гаралтай юм (Исаиа 33:20; 54:2-ыг үзнэ үү). Ихэвчлэн нэг гадсанд 5–12 тойрог, салбар байдаг. Гадас бүрийг гадасны ерөнхийлөгч, хоёр зөвлөхийн туслалцаатайгаар тэргүүлдэг. Гадасны ерөнхийлөгчид Далын ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд тайлагнан, тэднээс удирдамж хүлээн авдаг.

Номлол нь ерөнхийдөө гадасны хамрах бүсээс илүү том бүсийг хамардаг Сүмийн нэгж юм. Номлол бүрийг номлолын ерөнхийлөгч, хоёр зөвлөхийн туслалцаатайгаар тэргүүлдэг. Номлолын ерөнхийлөгчид нь ерөнхий эрх мэдэлтнүүдийн өмнө шууд хариуцлага хүлээдэг.

Салбар нь тойргийн жижиг хувилбарын адил ба дүүрэг нь гадасны жижиг хувилбар юм. Нэг бүсэд харилцаа холбоо үүсгэхэд хялбар бөгөөд дүүргийн цуглаанууд руу очиход тохиромжтой хангалттай тооны салбарууд байвал дүүргийг зохион байгуулдаг. Дүүргийн ерөнхийлөгч, хоёр зөвлөхийн туслалцаатайгаар тэргүүлэхээр дуудагддаг. Дүүргийн ерөнхийлөгч нь номлолын ерөнхийлөгчид тайлагнадаг. Дүүрэг нь гадас болон өсөж хөгжиж чадна.

Ганц бие гишүүдэд зориулсан хөтөлбөрүүд.

Сүмийн олон гишүүний хувьд өмнө нь хэзээ ч гэрлэж байгаагүй эсвэл салсан, бэлэвсэрсэн байдаг. Энэ гишүүдийг хоёр бүлэгт хуваадаг. Тухайлбал: ганц бие залуучууд (18–30 хүртэлх насны), ганц бие насанд хүрэгчид (31 ба түүнээс дээш насны).

Ганц бие залуучууд болон ганц бие насанд хүрэгчдэд зориулсан, Сүмийг бүхэлд нь хамарсан хөтөлбөр байдаггүй. Харин үүний оронд, нэг бүсэд хангалттай олон ганц бие гишүүн амьдардаг бол орон нутгийн санваарын удирдагчдыг өөрсдийнхөө удирдлаган доор ажиллах ганц бие-гишүүн төлөөлөгчдийг дуудахыг сайшаан дэмждэг. Ганц бие-гишүүн төлөөлөгчид бүжиг, үйлчлэлийн төслүүд болон галын дэргэдэх ярилцлага зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөдөг. Эдгээр үйл ажиллагаа нь ганц бие гишүүдэд бие биетэйгээ уулзаж, нэг нэгнээ хүчирхэгжүүлэх боломжийг олгодог. Түүнчлэн ганц бие гишүүдийг санваарын удирдагчтайгаа тогтмол уулзаж, өөрсдийнхөө хэрэгцээний талаар, сүнслэг өсөлт болон үйлчлэлийн боломжуудын талаар ярилцахыг сайшаан дэмждэг.