“Аврал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 5–9
“Аврал,” Итгэлдээ үнэнч байх нь, 5–9
Аврал
Өөр Христийн шашинтай хүмүүстэй ярилцаж байхад танаас “Та аврагдсан уу?” хэмээн зарим үед асууж болох юм. Ийнхүү асууж байгаа хүмүүс ихэвчлэн таныг Есүс Христийг өөрийн Их Эзэн бөгөөд Аврагч хэмээн хүлээн зөвшөөрсөн гэдгийг тунхаглах юм уу чин сэтгэлээ илчлэн хэлж байгаа үйлийг нь илтгэдэг. Уг асуултыг тавьснаар тэд төлөөлөгч Паулын бичсэн дараах үгсэд итгэдгээ харуулдаг.
“Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрнэ” (Ром 10:9–10).
“Та аврагдсан уу?” гэсэн асуултад хариулах
Ром 10:9–10-т аврагдсан ба аврал хэмээх үгс нь Есүс Христтэй байгуулсан гэрээний харилцааг чухалчлан үздэг. Энэхүү гэрээний харилцаагаар дамжуулан, хэрэв бид дуулгавартай байвал нүглийн мөнхийн үр дагавруудаас аврал ирдэг гэж бидэнд итгүүлдэг. Итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн бүр энэхүү утгын дагуу аврагдсан болно. Бид сэргээгдсэн сайн мэдээнд хөрвүүлэгдсэн юм. Бид баптисмын ёслолоор дамжуулан Түүний нэрийг өөрсөд дээрээ авч, Аврагчтай гэрээний харьцаатай болсон. Бид ариун ёслолоос хүртсэнээр баптисмын гэрээгээ шинэчилдэг.
Аврал хэмээх үгийн ялгаатай утгууд
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаалд аврагдсан, аврал хэмээх нэр томьёонууд хэд хэдэн утгатай байдаг. Эдгээр утгын дагуу “Та аврагдсан уу?” гэсэн асуултын хариулт “Тийм” эсвэл “Тийм” гэхдээ нөхцөлтэйгөөр гэдгийн аль аль нь байж болно. Доорх тайлбарууд бол аврал хэмээх үгийн зургаан өөр утга юм.
Биеийн үхлээс аврагдах.
Бүх хүн эцэстээ үхдэг. Гэвч Цагаатгалаар болон Есүс Христийн Амилалтаар дамжин бүх хүн амилан, биеийн үхлээс аврагдана. “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно” (1 Коринт 15:22) хэмээн Паул гэрчилсэн.
Нүглээс аврагдах.
Аврагчийн Цагаатгалаар дамжуулан нүглээс цэвэршигдэхийн тулд та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах ёстой (Үйлс 2:37–38). Хэрэв та зохих санваарын эрх мэдлээр дамжуулан баптисм хүртээд, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан бол аль хэдийн нүглээс нөхцөлтэйгөөр аврагдсан билээ. Та эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчиж, газар дэлхий дээрх амьдралаа дуусгах хүртлээ нүглээс бүрмөсөн аврагдаж чадахгүй.
Нүгэлдээ аврагдаж чадахгүй гэдгийг анхаар. Та амьдралынхаа үлдсэн хугацаанд нүгэл үйлдэх нь зайлшгүй гэсэн ойлголттойгоор Христэд итгэх итгэлээ зүгээр л тунхагласнаар нөхцөлт бус авралыг хүлээн авч чадахгүй (Алма 11:36–37). Та Бурханы ач ивээлээр дамжуулан нүглээсээ аврагдаж чадна (Хиламан 5:10–11-ийг үзнэ үү). Та энэхүү адислалыг хүлээн авахын тулд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, зарлигуудыг сахихаар хичээж, нүглээ орхин, наманчлалаа шинэчилж, ариун ёслолоор дамжуулан цэвэршигдэх ёстой.
Дахин төрөх.
Танаас дахин төрсөн эсэхийг тань заримдаа асууж болох юм. Сүнсний дахин төрөх зарчим судруудад тогтмол гардаг. Шинэ Гэрээнд, бид “дахин төрөх” ёстой бөгөөд “хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна” (Иохан 3:3, 5) гэсэн Есүсийн заасан зүйлийг агуулдаг. Энэхүү заасан зүйл нь Мормоны Номд “Бүх хүн төрөлхтөн, тийм ээ, эрчүүд мөн эмэгтэйчүүд, бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс дахин төрөх ёстойд бүү гайх; тийм ээ, Бурханаар төрж, эгэл хийгээд унасан байдлаасаа зөв шударга байдалд орж өөрчлөгдөн, Бурханаар гэтэлгэгдэн, түүний хөвгүүд мөн охид болдог; Мөн тийн тэд шинэ бүтээлүүд болдог; мөн үүнийг хийхгүйгээр, тэд Бурханы хаант улсыг өвлөж чадах аргагүй бөлгөө” (Мозая 27:25–26) гэж баталсан байдаг.
Энэхүү дахин төрөлт бол биднийг баптисм хүртээд, Ариун Сүнсний бэлэг хүлээн авсны дараа тохиох үйл явц юм. Энэ нь “үлдсэн бүх өдрүүддээ бидэнд түүний зарлиглах, бүх зүйлд, түүний зарлигуудад дуулгавартай байж, Бурхантайгаа түүний тааллыг гүйцэлдүүлэх гэрээ хийх” (Мозая 5:5) бидний хүсэл эрмэлзлийн үр дүн. Тэгээд бидний “зүрх сэтгэл түүний нэрэнд итгэх итгэлээр өөрчлөгдөж; тиймийн тул, [бид] түүнээс төрсөн” (Мозая 5:7). Хэрэв та баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хамт хүлээн авсан бол Есүс Христийн нэрийг өөртөө авахаар гэрээлснээр дахин төрсөн гэж хэлж чадна. Та ариун ёслолоос Хүндэтгэлийн өдөр бүр хүртэхдээ дахин төрснөө шинэчилж чадна.
Юу ч мэдэхгүйгээр аврагдах.
Олон хүн сэргээгдсэн сайн мэдээний гэрлийг мэдэхгүйгээр харанхуй байдалд амьдардаг. Тэд “үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг” (С ба Г 123:12). Их Эзэний Сүмийн гишүүний хувьд та энэхүү байдлаас аврагдсан билээ. Танд Бурхан Эцэг, Есүс Христ, амьдралын зорилго, авралын төлөвлөгөө, таны мөнхийн чадавхын тухай мэдлэг байгаа. “Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12) хэмээн тунхагласан Аврагчийн шавь ёсоор та амьдарч чадна.
Хоёр дахь үхлээс аврагдах.
Судрууд заримдаа хоёр дахь үхлээс аврагдах авралын тухай өгүүлдэг. Хоёр дахь үхэл бол алдар суугийн аливаа хаант улсад оршихыг үгүйсгэн, зөв шударга байдлаас хаягдсан сүүлчийн сүнслэг үхэл билээ (Алма 12:32; С ба Г 88:24-ийг үзнэ үү). Энэхүү хоёр дахь үхэл Эцсийн шүүлт хүртэл ирэхгүй ба цөөн хүнд л ирэх болно (С ба Г 76:31–37-г үзнэ үү). Дэлхий дээр амьдарч байсан бараг хүн бүр хоёр дахь үхлээс аврагдах нь баталгаажсан (С ба Г 76:40–45-ыг үзнэ үү).
Мөнх амьдрал буюу өргөмжлөгдөх.
Судруудад аврагдсан ба аврал хэмээх үгсийг ихэнхдээ мөнх амьдралтай эсвэл өргөмжлөлтэй холбон үздэг (Абрахам 2:11-ийг үзнэ үү). Мөнх амьдрал гэж Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг танин мэдэх, тэдэнтэй үүрд хамт селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг өвлөн амьдрахыг хэлнэ (Иохан 17:3; С ба Г 131:1–4; 132:21–24-ийг үзнэ үү). Энэхүү агуу бэлгийг хүлээн авахын тулд бид нүглээ наманчлан, баптисм хүртэж, зохих ёсны санваарын эрх мэдлээр гишүүнээр батлуулахаас илүү их зүйл хийх ёстой. Эрэгтэйчүүд Мелкизедек санваар хүлээн авч, Сүмийн бүх гишүүн мөнхийн гэрлэлтийг оруулаад ариун сүмийн нандин гэрээнүүдийг байгуулж мөн сахих ёстой.
Хэрэв бид аврал гэдэг үгийг мөнх амьдрал гэсэн утгаар нь хэрэглэвэл мөнх бус байдалд аврагдсан хэмээн бидний хэн ч хэлж чадахгүй. Тэрхүү алдар суут бэлэг зөвхөн Эцсийн шүүлтийн дараа л ирж чадна.