“Иосеф Смит,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 114–115
“Иосеф Смит,” Итгэлдээ үнэнч байх нь, 114–115
Иосеф Смит
1820 оны хавар 14 настай Иосеф Смит Есүс Христийн үнэний Сүмийг хайж байхдаа “Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5) хэмээх Библийн нэг хэсгээс уншжээ. Энгийн, тууштай итгэлээр залуу Иосеф Смит тэрхүү хэсэгт байсан зөвлөгөөг дагажээ. Тэрээр ганцаараа ойн төгөл рүү явсан ба тэнд ямар сүмд нэгдэх ёстойгоо мэдэхээр залбирсан. Түүний залбирлын хариуд Бурхан Эцэг болон Есүс Христ түүнд үзэгдсэн. Олон зүйл хэлсний дунд, Тэд түүнийг оршин байгаа энэ сүмүүдийн алинд нь ч нэгдэх ёсгүйг хэлсэн билээ. (Иосеф Смит—Түүх 1:13–20-ийг үзнэ үү.)
Иосеф Смитийг зохистой байдлаа батлахад түүнд Бурханы бошиглогч хэмээх тэнгэрлэг үүргийг өгсөн. Түүгээр дамжуулан Их Эзэн Мормоны Номыг авчрах, санваарыг сэргээх, сайн мэдээний үнэт үнэнийг илчлэх, Есүс Христийн үнэний Сүмийг зохион байгуулах болон ариун сүмийн ажлыг үндэслэх агуу гайхамшигтай ажлыг гүйцэлдүүлсэн. 1844 оны 6-р сарын 27-нд Иосеф болон түүний ах Хайрум хоёрыг зэвсэглэсэн дээрэмчид дайран хөнөөсөн. Тэд гэрчлэлээ өөрсдийнхөө цусаар лацадсан юм.
Бүрэн дүүрэн болох сэргээгдсэн сайн мэдээний гэрчлэл тань Иосеф Смитийн тэнгэрлэг үүргийн гэрчлэлийг агуулах ёстой. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үнэн байдал Анхны үзэгдэл болоод Их Эзэний бошиглогч Иосефт өгсөн бусад илчлэлтийн үнэн байдал дээр тулгуурладаг. Сүмийн гурав дахь ерөнхийлөгч Жон Тэйлор “Их Эзэний бошиглогч хийгээд үзмэрч Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол, үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн юм” (С ба Г 135:3) гэж бичжээ.