Бусад эх сурвалж
Төлөв даруу байдал


“Төлөв даруу байдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 192–194

“Төлөв даруу байдал,” Итгэлдээ үнэнч байх нь, 192–194

Төлөв даруу байдал

Төлөв даруу байдал бол хувцаслалт, гадаад төрх байдал, үг яриа, зан төлөвт гардаг номхон дөлгөөн, боловсон зангийн илрэл юм. Хэрэв та даруу бол бусдын анхаарлыг өөртөө зохисгүй байдлаар татдаггүй. Үүний оронд, “биеэрээ болон сүнсээрээ Бурханыг алдаршуулахыг” (1 Коринт 6:20; мөн 19-р шүлгийг үзнэ үү) та эрэлхийлэх болно.

Хэрэв та хувцаслалт эсвэл гадаад төрх байдалдаа эргэлзэж байвал “Хэрэв би Их Эзэний өмнө байсан бол гадаад байдалдаа сэтгэл хангалуун байх байсан уу?” хэмээн өөрөөсөө асуу. Мөн өөрийнхөө хэл яриа, зан байдлын хувьд ч “Хэрэв Их Эзэн байсан бол би эдгээр үйл ажиллагаанд оролцох эсвэл ийм үгийг хэлэх байсан болов уу?” гэсэнтэй төстэй асуулт тавьж болох юм. Эдгээр асуултад хариулах таны үнэнч шударга хариулт таныг амьдралдаа чухал өөрчлөлтүүдийг хийхэд хөтлөх болно. Дараах мэдээлэл төлөв даруу байх таны хичээл зүтгэлд тусална.

Хувцаслалт ба гадаад төрх байдал

Бошиглогчид бидэнд даруухан хувцаслахыг үргэлж зөвлөсөөр ирсэн. Энэхүү зөвлөгөө нь хүний бие бол Бурханы нандин бүтээл гэдэг үнэн дээр үндэслэгдсэн юм. Бурханы бэлэг мэтээр өөрийн биеийг хүндэл. Хувцаслалт, гадаад байдлаараа та бие махбод тань ямар үнэ цэнтэй болохыг Их Эзэнд харуулж чадна.

Хувцаслалт тань таныг хэн бэ гэдгийг харуулж өгдөг. Энэ нь таны тухай мэдээллийг дамжуулж, таны болон бусдын үйлдэлд нөлөөлнө. Та үсээ сайхан засуулж, даруухан хувцасласан байвал Ариун Сүнсний нөхөрлөлийг урьж, эргэн тойрныхоо хүмүүст сайн нөлөө үзүүлж чадна.

Төлөв даруу байх зарлигийн гол цөм нь дэлхийд хүүхдүүдийг авчрах чадвар болох өсөн үржихүйн нандин хүчний тухай ойлголт юм. Энэхүү хүч нь зөвхөн эхнэр, нөхөр хоёрын хооронд хэрэглэгддэг. Бие ил гарсан, бэлгийн харьцааны мэдрэмж төрүүлэм хувцас болох богино өмд болон банзал, бариу хувцас, гэдэс далдалдаггүй цамц зэрэг нь Их Эзэний ариун явдлын хуулийг зөрчдөг тэрхүү үйлдэл, хүслийг бадраадаг.

Та гэрэлтдэг хувцаснаас зайлсхийхээс гадна гаж хувцаслалт, гадаад байдал, үсний хэв маягаас татгалзах нь зүйтэй. Хувцаслалт, гадаад байдлаа үргэлж цэвэр, сайхан байлга. Мөн хэзээ ч битгий хайнга, зохисгүй бай. Шивээс хийлгэх эсвэл биеэ цоолох зэргээр бие махбодоо эрэмдэглэж болохгүй. Хэрвээ та эмэгтэй, мөн чихээ цоолуулахыг хүсэж байвал зөвхөн нэг хос даруу ээмэг зүү.

Ямар ч үед төлөв даруу байдлын өндөр жишгийг даган мөрд. Биедээ бусдын анхаарлыг татах эсвэл бусдын зөвшөөрлийг эрэлхийлэхийн тулд жишгээ бүү буулга. Есүс Христийн үнэн шавь нар орчин үеийн хийц загвар болон бусдын зүгээс ирэх дарамтыг хайхралгүй Их Эзэний жишгийг баримталдаг.

Хэл яриа ба зан чанар

Таны хувцаслалт, гадаад байдлын адил хэл яриа, биеэ авч явах байдал тань таны зан байдлын илрэл юм. Таны үг яриа, үйлдлүүд танд болон бусдад гүн гүнзгий нөлөө үзүүлж чадна. Эргэн тойронд байгаа хүмүүст аз жаргал авчрах цэвэр, эерэг, урам хайрлах хэл яриа, үйлдлээрээ өөрийгөө илэрхийл. Үг, үйлсээрээ төлөв даруу байх хичээл зүтгэл тань Ариун Сүнсний нэмэлт тайвшрал хийгээд удирдамж руу хөтөлнө.

Бохир хэл яриа, Их Эзэний нэрийг зохисгүй, үл хүндэтгэн хэрэглэх нь дэлхийд их түгээмэл байдаг тул эдгээрээс зайлсхий. Гаж эсвэл зохисгүй зан байдалд оролцох уруу таталтыг сөрж зогс. Иймэрхүү зохисгүй хэл яриа, зан харьцаа нь Ариун Сүнсний чимээгүй өдөөлтийг хүлээн авах чадварыг муутгана.