“Есүс Христийн Цагаатгал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 91–99
“Есүс Христийн Цагаатгал,” Итгэлдээ үнэнч байх нь, 91–99
Есүс Христийн Цагаатгал
Цагаатгах гэдэг үг нь эвлэрүүлэх эсвэл нийцэл зохицолд нь сэргээх гэсэн утгатай. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид Тэнгэрлэг Эцэгт нийцэж чадна (Ром 5:10–11; 2 Нифай 25:23; Иаков 4:11-ийг үзнэ үү). Бид “Есүсээр дамжин төгс болгогдон” (С ба Г 76:62, 69-ийг үзнэ үү), эцэстээ Түүний оршихуйд мөнхөд оршиж чадна.
Есүс Христ “[Өөрийн] хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийн үүслээс бэлтгэгдсэн” (Ифер 3:14). Тэнгэрлэг Эцэг мөнх бус байдлын өмнөх сүнсний дэлхийд хэмжээлшгүй хийгээд мөнхийн Цагаатгалыг шаардсан авралын мөнхийн төлөвлөгөөг танилцуулсан. Мөнх бус байдлын өмнөх Есүс буюу Иехова тэр төлөвлөгөөг биелүүлэн, Эцэгийн хүслийг гүйцэлдүүлнэ хэмээн даруухан мэдэгджээ (Мосе 4:2-ыг үзнэ үү). Тийнхүү Тэрээр дэлхийд ирэн, бидний нүглийн төлөө шийтгэгдэн шаналж, загалмай дээр үхэн, дараа нь амилахаар, тухайлбал Цагаатгалыг гүйцэлдүүлэхээр урьдчилан томилогдсон. Тэр “ертөнцийн сууриас алагдсан Хонь” (Илчлэл 13:8; 1 Петр 1:19–20; Мосе 7:47-г үзнэ үү) болсон.
Цагаатгал бол Тэнгэрлэг Эцэгийн биднийг гэсэн хайрын дээд илэрхийлэл билээ (Иохан 3:16-г үзнэ үү). Мөн энэ нь Аврагчийн Эцэгээ мөн биднийг гэсэн хайрын хамгийн агуу илэрхийлэл юм (Иохан 14:28–31; 15:9–13; 1 Иохан 3:16; С ба Г 34:3; 138:1–4-ийг үзнэ үү).
Бидэнд Цагаатгал хэрэгтэй
Адам, Евагийн үр удмын хувьд бүх хүн Уналтын нөлөөг өвлөн авдаг. Бид бүгдээрээ Бурханы оршихуйгаас салан тусгаарлагдаж, сүнсний үхлийг туулдаг бөгөөд бие махбодын үхэл болох зуурдын үхэлд харьяалагддаг (Алма 42:6–9; С ба Г 29:41–42-ыг үзнэ үү).
Бид уг унасан байдалдаа эсрэг тэсрэг байдал, уруу таталтад харьяалагддаг. Бид уруу таталтад бууж өгөхдөө өөрсдийгөө Бурханаас тусгаарлаж, Түүний алдар сууг олж авах байдлаа алддаг (Ром 3:23-ыг үзнэ үү).
Мөнхийн шударга ёс Уналтын үр нөлөөг хэвээр үлдээж, биднийг үйлдсэн буруу зүйлийнхээ төлөө шийтгүүлэхийг шаарддаг. Цагаатгалгүйгээр сүнсний мөн зуурдын үхэл нь Бурхан болон бидний хооронд гаталж боломгүй саадыг тавих байсан. Бид өөрсдийгөө Уналтаас буюу нүглээс аварч чадахгүй, “цэвэр ариун бус зүйл … түүний дэргэд орших нь үгүй” (Мосе 6:57) тул Тэнгэрлэг Эцэгээс үүрд тусгаарлагдах байсан.
Цорын ганц аврагдах зам бол хэн нэгэн нь биднийг аврах явдал байв. Уналтын дарамтыг аван, бидний гэм нүглийн төлөөсийг төлөхөөр бидний оронд зогсон, шударга ёсны шаардлагыг хангаж чадах хэн нэгэн бидэнд хэрэгтэй. Есүс Христ ийм золиосыг хийх цорын ганц чадвартай нэгэн үргэлж байсаар ирсэн.
Есүс Христ бидний цор ганц найдвар
Ертөнцийн үүслээс өмнө Аврагч бидний “энэ дэлхийд амар амгалан хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах” (С ба Г 59:23) цор ганц найдвар байсаар ирсэн.
Өөрийн амийг өгөн, амиа буцааж авах хүч зөвхөн Түүнд л байсан. Тэрээр мөнх бус эх Мариагаасаа үхэх чадварыг өвлөн авсан. Тэр үхэшгүй Эцэгээсээ үхлийг даван туулах хүчийг өвлөсөн. Тэрээр “Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Хүүдээ Тэр соёрхжээ” (Иохан 5:26) хэмээн тунхаглав.
Зөвхөн Тэр л биднийг нүглээс гэтэлгэж чадна. Бурхан Эцэг Түүнд энэхүү хүчийг өгсөн (Хиламан 5:11-ийг үзнэ үү). Аврагч Өөрийгөө нүглээс ангижруулсан учраас энэхүү хүчийг хүлээн авах хийгээд Цагаатгалыг гүйцэлдүүлэх чадвартай байсан. “Тэрээр уруу таталтуудад орсон хэдий ч тэдгээрт анхаарал тавьсан нь үгүй” (С ба Г 20:22). Тэрээр төгс төгөлдөр, нүгэлгүй амьдралаар амьдарснаар шударга ёсны шаардлагаас чөлөөлөгдсөн. Түүнд гэтэлгэлийн хүч байсан мөн шударга ёсны өр байгаагүй тул Тэрээр наманчилсан хүмүүсийн өрийг төлж чадсан. Тэрээр:
“Эцэг минь, нүгэл үйлдээгүй, таны таалалд нийцсэн түүний зовлон хийгээд үхлийг болгоогтун; мөн Хүүгийнхээ асгарсан цусыг, мөн та өөрөө алдаршихын тулд таны өгсөн, бас түүний цусыг болгоогтун;
Иймийн тул, Эцэг минь, тэд надад ирж бас мөнх амьдралыг авч болохын тулд миний нэрэнд итгэх эдгээр ах дүүсийг минь өршөөгөөч” (С ба Г 45:4–5) хэмээн хэлж чадна.
Үнэхээр “хүмүүний үрсэд аврал ирж чадах тэр нэгээхэн ч өөр нэр өгөгдөхгүй, басхүү нэгээхэн ч өөр зам, мөн нэгээхэн ч арга үгүй бөгөөд зөвхөн Төгс Хүчит Их Эзэн, Христийн нэрээр мөн энэ нэр дээр буюу” (Мозая 3:17).
Цагаатгах золиос
Есүсийн цагаатгагч золиослол Гетсеманийн цэцэрлэгт болон Калварийн загалмай дээр тохиосон юм. Гетсеманид Тэр Эцэгийнхээ хүсэлд захирагдсан ба бүх хүний нүглийг Өөр дээрээ авч эхэлсэн. Бидний үйлдсэн нүглийн төлөөсийг төлөх үедээ Өөрийнхөө туулсан зүйлсийн заримыг Тэрээр илчилсэн.
“Хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ;
Гэвч хэрэв тэд үл наманчлах аваас, бүр миний адилаар тэд зовох ёстой;
Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон нь—мөн намайг тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан билээ.
Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүний үрсийн төлөө өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ” (С ба Г 19:16–19; Лук 22:44; Мозая 3:7-г үзнэ үү).
Аврагч Өөрийгөө цовдлуулахаар—“дэлхийн нүглүүдийн тул загалмайд өргөгдөн мөн алагдсанаар” (1 Нифай 11:33) бидний нүглийн төлөө үргэлжлүүлэн зовж шаналсан.
Тэр Өөрийгөө загалмай дээр хөнөөлгөхийг зөвшөөрсөн. Түүний бие амилах хүртлээ хадан булшинд тавигдсан бөгөөд “нойрсогсдоос анхны үр жимс” (1 Коринт 15:20) болсон билээ. Тэрээр үхэл, Амилалтаараа дамжуулан бид бүгдийн төлөө бие махбодын үхлийг даван туулсан. Тэрээр хожим нь:
“Эцэг минь намайг илгээсний учир би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн билээ.
Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд, би загалмай дээр өргөгдсөний дараа, би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд, би хүмүүнээр өргөгдсөний адилаар хүмүүн миний өмнө зогсож, өөрсдийн үйлүүдээр тэд сайн эсвэл хилэнцэт байх эсэхээрээ шүүгдэхээр өргөгдөхийн тулд Эцэг минь намайг илгээсэн бөлгөө—
Мөн энэ шалтгааны учир би өргөгдөв; тиймийн тул тэд өөрсдийн үйлүүдийн дагуу шүүгдэж болохын тулд Эцэгийн хүчний дагуу би бүх хүмүүнийг өөртөө татах болно.
Мөнхүү улиран тохиох дор, наманчилж мөн миний нэрэнд баптисм хүртэх хэн боловч дүүргэгдэх болно; мөн хэрэв тэр эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, би дэлхийг шүүхээр зогсох тэр өдөр Эцэгийнхээ өмнө би түүний гэмгүйг үнэлэх болно” (3 Нифай 27:13–16) гэжээ.
Уналтаас гэтэлгэх бүх дэлхийн гэтэлгэл
Есүс Христ Цагаатгалаар дамжуулан бүх хүнийг Уналтын үр нөлөөнөөс гэтэлгэдэг. Дэлхий дээр амьдарч байсан болон амьдрах бүх хүн амилуулагдах бөгөөд шүүгдэхээр Бурханы оршихуйд хүргэгдэх болно (2 Нифай 2:5–10; Хиламан 14:15–17-г үзнэ үү). Бид Аврагчийн нигүүлслийн бэлгийг буюу гэтэлгэлийн алдар суугаар дамжуулан үхэшгүй байдлын бэлгийг хүлээн авч, алдар суут, амилуулагдсан биетэйгээр үүрд амьдарна.
Бидний нүглийн аврал
Хэдийгээр бид Уналтын бүх дэлхийг хамарсан үр нөлөөнөөс ямар ч нөхцөлгүйгээр гэтэлгэгдсэн ч өөрсдийнхөө нүглийн төлөө хариуцлага хүлээнэ. Хэрэв бид “Христийн цагаатгагч цусыг нөлөөлүүлэх” (Мозая 4:2) аваас нүглийнхээ толбоноос цэвэрлэгдэж, өршөөгдөж чадна. Бид Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлж, наманчлан, нүглүүдээсээ ангижрахын төлөө баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах ёстой. Алма зөвлөхдөө:
“Эдүгээ та нар наманчилж, мөн дахин төрөх ёстой; учир нь хэрэв та нар дахин төрөхгүй бол тэнгэрийн хаант улсыг өвлөж чадахгүй хэмээн Сүнс хэлдэг; тиймийн тул ирэгтүн мөн наманчлалд баптисм хүртэгтүн, та нар нүглүүдээсээ угаагдаж болохын тулд, та нар дэлхийн нүглүүдийг зайлуулах, зөв шударга бус бүхнээс цэвэрлэж мөн аврах чадалтай, Бурханы Хурганд итгэлтэй байж болохын тулд бөлгөө” (Aлма 7:14) хэмээсэн.
Мөнх амьдралын бэлэг
Мөнх амьдрал бол “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг” (С ба Г 14:7) хэмээн Аврагч тунхаглажээ. Мөнх амьдралыг олж авна гэдэг нь селестиел хаант улсын хамгийн дээд түвшинд байр өвлөн авснаар Бурханы оршихуйд амьдрах зохистой болохыг хэлнэ. Энэхүү бэлэг зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болсон. Мормон “Мөн та нар юуны төлөө найдах билээ? Болгоогтун та нар Христийн цагаатгал, мөн түүний амилалтын хүчээр, мөнх амьдралд босгогдохын тулд найдахыг би та нарт хэлье, мөн энэ нь амлалтын дагуу түүнд итгэлтэйн тань учир болой” (Моронай 7:41) хэмээн хэлсэн.
Энэхүү бэлгийг хүлээн авахын тулд бид тодорхой нөхцөлүүдийг биелүүлсэн байх ёстой. Бид Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлж, нүглээ наманчлан, эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих ёстой. Бид баптисм, Ариун Сүнсний бэлэг, Мелкизедек санваарын томилгоо (эрэгтэйчүүдийн хувьд), ариун сүмийн хишиг, гэрлэлтийн лацдан холболт зэрэг авралын ёслолуудыг хүлээн авах ёстой. Бид эдгээр ёслолыг хүлээн авч, эдгээртэй холбогдох гэрээнүүдийг сахиснаар Христэд ирж, эцэстээ мөнх амьдралын бэлгийг хүлээн авдаг (Итгэлийн тунхаг 1:3-ыг үзнэ үү).
Өөрийн хэмжээлшгүй их нигүүлсэл мөн шударга ёсонд Их Эзэн мөнх амьдралыг “сайн мэдээний тухай мэдлэггүйгээр нас барсан тэд бүгд, үүнийг хүлээн авч болох тэд, хэрэв үлдэх нь тэдэнд зөвшөөрөгдсөн аваас” мөн “хариуцлагын насанд хүрэхээсээ өмнө нас барсан бүх хүүхдүүдэд” (С ба Г 137:7, 10) өгдөг.
Аврагч бид бүгдийг мөнх амьдралыг хүлээн аваасай хэмээн урьдаг. “Болгоогтун, тэрээр бүх хүмүүнд урилга илгээдэг, учир нь нигүүлслийн мутар тэдний зүг сунгагдаж, мөн тэрээр: Наманчлагтун, мөн би та нарыг хүлээн авах болно хэмээн хэлэх болно. Тийм ээ, тэрээр хэлэв: Надад ирэгтүн мөн та нар амьдралын модны үр жимснээс хүртэх болно; тийм ээ, та нар үнэгүйгээр амьдралын талх мөн уснаас идэж мөн уух болно” (Алма 5:33–34).
Цагаатгалаар дамжуулан амар амгалан, эдгэрлийг олох
Аврагчийн Цагаатгалын адислалууд мөнх оршихуй хүртэл үргэлжилдэг ч энэ амьдралд мөн ирдэг. Та Христ рүү ирснээр Их Эзэний өмнө цэвэр байх баяслыг мэдэх болно. Нүгэл хилэнц, эсэргүүцэл бослогын дараа өвдөлтийг мэдрэн, наманчлалын үйл явцаар эдгэрсэн Алмагийн үгсийг та нар давтаж чадна. Тэрээр өршөөгдсөнийхөө дараа:
“Би өвчнөө цаашид санаж чадсангүй; тийм ээ, би нүглүүдийнхээ санамжинд цаашид тарчлагдахгүй болов.
Мөн ай ямар баясал, мөн ямар гайхамшигт гэрлийг болгоосон билээ би; тийм ээ, бодгаль минь ямархуу шаналалд байсан лугаа адил тийм үлэмжийн баяслаар дүүргэгдсэн байв!
… Тийм ээ, би чамд хэлнэ, хүү минь, миний шаналал шиг тийм хурц мөн ийм гашуун нь байх аргагүй биз ээ. … Нөгөө талаасаа бол миний баясал шиг ийм хурц бас амтлаг юм юу ч байж чадахгүй биз ээ” (Aлмa 36:19–21) хэмээн гэрчилсэн.
Аврагч нүглийн зовиураас гарах гэтэлгэлийг өгөхийн зэрэгцээ сорилт бэрхшээл тулгарах цагт амар амгаланг өгдөг. Есүс Цагаатгалынхаа нэг хэсэг болгон бүх хүний шаналал, өвчин зовлон, сул дорой чанаруудыг Өөртөө авсан (Aлмa 7:11–12-ыг үзнэ үү). Тэрээр бидний зовлон шаналлыг Өөрийн биеэр амсаж туулсан учраас бидний зовлонг ойлгодог. Тэр энэхүү төгс төгөлдөр ойлголтоор танд хэрхэн туслахаа мэддэг. “Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүлж” (1 Петр 5:7) болно.
Энэ амьдралын бүх тэгш бус байдал, гэмтэл, өвчин зовлон таны итгэл, зөв шударга байдал, Түүний цагаатгах золиослолоор дамжуулан бүрэн дүүрэн нөхөгдөж, залруулагдаж чадна. Энэ амьдралд ирээгүй адислалууд мөнх оршихуйд өгөгдөнө. Хэдийгээр Тэр та нарын бүх зовлонг одоо арилгахгүй боловч та нарыг тайтгарал, ойлголт, “ачаагаа амархан дааж чадахын тулд” (Мозая 24:15) хүч чадлаар адислах болно.
“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая” (Maтай 11:28) хэмээн Аврагч хэлсэн. Өөр нэг тохиолдолд Тэр “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иoхан 16:33) хэмээн Өөрийнхөө амар амгаланг дахин амласан. Эдгээр нь энэ амьдрал дахь болон мөнх оршихуй дахь Цагаатгалын амлалтууд юм.