“Мэргэн ухааны үг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 128–130
“Мэргэн ухааны үг,” Итгэлдээ үнэнч байх нь, 128–130
Мэргэн ухааны үг
Мэргэн ухааны үг бол бидний бие махбод болон сүнслэг ашиг тусын тулд Их Эзэний илчилсэн эрүүл мэндийн хууль билээ. Сургаал ба Гэрээний 89-р хэсэгт тэмдэглэсэн энэхүү илчлэлтэд Их Эзэн ямар хоол хүнс идэхэд сайн, ямар зүйл бидний бие махбодод сайнгүй талаар өгүүлдэг. Тэрээр мэргэн ухааны үгэнд дуулгавартай байсных нь төлөө сүнслэг болон бие махбодын адислалыг амладаг.
Мэргэн ухааны үгэнд Их Эзэн биднийг дараах зүйлсийг хэрэглэхгүй байхыг зарлигладаг. Үүнд:
-
Согтууруулах ундаанууд (С ба Г 89:5–7-г үзнэ үү).
-
Тамхи (С ба Г 89:8-ыг үзнэ үү).
-
Цай болон кофе (С ба Г 89:9-ийг үзнэ үү; хожмын үеийн бошиглогчид “халуун ундаа” гэж цай болон кофег үздэг тухай заасан)
Хүмүүс санаатайгаар бие махбоддоо хэрэглэдэг аливаа хортой зүйл нь мэргэн ухааны үгтэй нийцдэггүй. Энэ нь ялангуяа хууль бус мансууруулах бодисуудын талаарх үнэн бөгөөд энэ нь тэдгээрт донтсон хүмүүсийг сүйтгэж чаддаг. Тэдгээрээс бүрмөсөн хол бай. Үүнийг бүү туршиж үз. Мөн эмийг их хэмжээгээр хэрэглэх нь донтуулах мөхөл рүү хөтөлдөг.
Их Эзэн дараах хоол хүнсийг бие махбодод сайн хэмээн тунхаглажээ. Үүнд:
-
Ургамал, жимс болгоныг “ухаалгаар хийгээд талархалтайгаар” ашиглах ёстой (С ба Г 89:10–11-ийг үзнэ үү).
-
“Амьтад хийгээд агаарын жигүүртнүүдийн махыг арвич хямгачаар ашиглах ёстой” (С ба Г 89:12–13-ыг үзнэ үү).
-
Улаан буудай, эрдэнэ шиш, хөх тариа зэрэг үр тариа нь “амьдралын тулгуур” (С ба Г 89:14–17-г үзнэ үү) юм.
Мэргэн ухааны үгийг сахиснаар ирэх адислалууд
Мэргэн ухааны үгийг дагадаг хүмүүст Их Эзэн амлахдаа:
“Мөн зарлигуудад дуулгавартай байдалд алхан, эдгээр айлдваруудыг санаж мөн хэрэгжүүлдэг бүх гэгээнтнүүд хүйсэндээ эрүүл энхийг хийгээд яснууддаа чөмөг хүлээн авах болно;
Мөн мэргэн ухаан хийгээд мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг, бүр нуугдмал сан хөмрөгүүдийг олж авах болно;
Мөн гүйхэд мөн ядрах нь үгүй, мөн алхахад мөн цуцах нь үгүй байх болно.
Мөн устгагч тэнгэр элч, Израилын хүүхдүүдийн дэргэдүүр өнгөрсний адил тэдний дэргэдүүр өнгөрч, мөн тэднийг хөнөөхгүй байх болно хэмээх амлалтыг Их Эзэн бибээр тэдэнд өгч байна” (С ба Г 89:18–21) хэмээжээ.
Донтолтыг даван туулах
Хамгийн сайн арга бол Их Эзэний мэргэн ухааны үгэнд хориглодог зүйлсээс бүрмөсөн хол байх явдал юм. Гэхдээ хэрэв та эдгээр зүйлийн аль нэгэнд донтсон бол эдгээрээс ангижирч чадна. Та хувийн хичээл зүтгэл, Их Эзэний үзүүлж буй хүч, гэр бүл, найз нөхдийн тусламж, Сүмийн удирдагчдын удирдамжаар дамжуулан тэрхүү донтуулагч зүйлсийг даван гарч чадна.
Тусламж хүсэн залбир, донтолтоос үүдэлтэй уруу таталтуудыг эсэргүүцэхийн тулд бүхнийг хий. Таны Тэнгэрлэг Эцэг мэргэн ухааны үгийг дагаснаар ирэх адислалыг хүлээн аваасай гэж танаас хүсэж байгаа ба үүнийг хийхээр чин сэтгэлээсээ идэвх чармайлт гаргахад тань хүчирхэгжүүлнэ.