Бусад эх сурвалж
Ариун Сүнс


“Ариун Сүнс,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 32–35

“Ариун Сүнс,” Итгэлдээ үнэнч байх нь, 32–35

Ариун Сүнс

Ариун Сүнс нь Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн юм. Тэр бол мах хийгээд ясан биегүй сүнсэн хүн юм (C ба Г 130:22). Түүнийг ихэвчлэн Сүнс, Ариун Сүнс, Бурханы Сүнс, Их Эзэний Сүнс эсвэл Тайвшруулагч хэмээн дууддаг.

Ариун Сүнсний үүрэг

Ариун Сүнс нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой төгс эв нэгдэлд ажиллаж, зөв шударга амьдрах болон сайн мэдээний адислалуудыг хүлээж авахад бидэнд туслахын тулд хэд хэдэн үүрэг гүйцэтгэдэг.

Тэрээр “Эцэг мөн Хүүг гэрчилдэг” (2 Нифай 31:18) мөн “бүх зүйлийн үнэн”-ийг (Moронай 10:5) илчилж, заадаг. Та зөвхөн Ариун Сүнсний хүчээр Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн баттай гэрчлэлийг хүлээн авч чадна. Түүний таны сүнстэй харилцах харилцаа нь таны төрөлх мэдрэхүйгээрээ дамжуулан хүлээн авч чадах ямар ч харилцаанаас илүү тодорхой байдаг.

Та мөнх амьдрал руу хөтөлдөг зам дээр байхыг хичээх үед Ариун Сүнс “хийх ёстой бүх зүйлийг тань [танд] үзүүлэх болно” (2 Нифай 32:1–5). Ариун Сүнс таныг шийдвэр гаргахад тань удирдаж, бие махбодын болоод сүнслэг аюулаас хамгаална.

Түүгээр дамжуулан, та өөрийнхөө болон үйлчилж, хайрладаг хүмүүсийнхээ ашиг тусын тулд Сүнсний бэлгүүдийг хүлээн авч чадна (C ба Г 46:9–11-ийг үзнэ үү).

Тэр бол Тайтгаруулагч мөн (Иохан 14:26). Халамжит эцэг, эхийн тайтгаруулах дуу хоолой нь уйлж буй хүүхдийн уйлахыг болиулж чаддагийн адилаар Сүнсний шивнээ таныг айдастай байхад тайтгаруулж, амьдралын тань бэрхшээлииг намжаан, зовж шаналах үед тань тайвшруулна. Ариун Сүнс таныг “найдвар ба төгс хайраар” дүүргэж, “хаант улсын амар амгалангийн зүйлсийг [танд] зааж” (Moронай 8:26; С ба Г 36:2) чадна.

Та наманчилснаар Түүний хүчээр ариусан, баптисмын болон гишүүний баталгааны ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүддээ үнэнч байж чадна (Moзая 5:1–6; 3 Нифай 27:20; Moсе 6:64–68).

Тэрээр Амлалтын Ариун Сүнс юм (Eфес 1:13; C ба Г 132:7, 18–19, 26-г үзнэ үү). Энэхүү чадварын хүрээнд Тэр таны хүлээн авсан санваарын ёслолууд хийгээд байгуулсан гэрээг Бурханд хүлээн зөвшөөрч болохуйц гэдгийг баталж байдаг. Энэ баталгаа нь таны тууштай итгэлтэй байдал дээр тулгуурлагддаг.

Ариун Сүнсний бэлэг

Үнэнийг үнэнчээр эрэлхийлэгчид нь тэднийг Есүс Христ болон Түүний сайн мэдээнд хөтлөх Ариун Сүнсний нөлөөллийг мэдэрч чадна. Гэсэн хэдий ч Ариун Сүнсээр дамжуулан өгөгддөг адислалуудын бүрэн байдал нь зөвхөн Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, зохистой хэвээр байдаг хүмүүст боломжтой байдаг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртсэний дараа нэг эсвэл түүнээс дээш Мелкизедек санваартан таны толгой дээр гар тавин, санваарын нандин ёслол үйлдэж, таныг Сүмийн гишүүнээр баталдаг. Гишүүний баталгаа хэмээн нэрлэдэг энэхүү ёслолын нэгээхэн хэсэг болгож танд Ариун Сүнсний бэлэг өгөгддөг юм.

Ариун Сүнсний бэлэг нь Ариун Сүнсний нөлөөнөөс ялгаатай. Та баптисмаас өмнө Ариун Сүнсний нөлөөг үе үе мэдэрч чаддаг байсан бөгөөд энэхүү нөлөөгөөр дамжуулан үнэний тухай гэрчлэлтэй болж чадна. Одоо танд Ариун Сүнсний бэлэг байгаа ба хэрэв зарлигуудыг сахих юм бол Бурхан Тэргүүтэний гишүүнтэй байнга нөхөрлөх эрхтэй байна.

Ариун Сүнсний бэлгийн бүрэн баяр баясгалан нь илчлэлт болоод тайтгарлыг хүлээн авах, сүнсний бэлгүүдээр дамжуулан бусдад үйлчилж, тэднийг адислах, нүглээс ариусах, селестиел хаант улсад өргөмжлөгдөх зэргээс бүрддэг. Эдгээр адислал өөрийн тань зохистой байдлаас хамаарах ба та тэдгээрийг авахад бэлэн байвал тэдгээр нь бага багаар ирдэг. Та өөрийнхөө амьдралыг Бурханы хүсэлтэй нийцүүлснээр аажимдаа Ариун Сүнсийг агуу ихээр хүлээн авна. Бурханы хаант улсын нууцууд нь “Өөрийг нь хайрладаг, мөн түүний өмнө өөрсдийгөө цэвэршүүлдэг тэдэнд Бурхан өгдөг гагцхүү Ариун Сүнсний хүчээр үзэгдэх мөн ойлгогдох боломжтой” (C ба Г 76:114–116) хэмээн бошиглогч Иосеф Смит тунхагласан юм.

“Их Эзэний Сүнс ариун бус дугануудад үл орших”-ыг сана (Хиламан 4:24). Хэдийгээр та Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан ч Сүнс зөвхөн таныг зарлигуудыг сахих үед л тантай хамт байх болно. Та Ариун Сүнсийг бохир хэл яриа, цэвэр бус мөн дуулгаваргүй байдал, бослого болон бусад нүглээр гомдоовол Тэр холдох болно. Өөрийгөө цэвэр байлга. Та амьдралаа сайн сайхнаар дүүргэвээс Ариун Сүнстэй байнга нөхөрлөхүйц зохистой байж чадна.