“Алдар суугийн хаант улсууд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 14–17
“Алдар суугийн хаант улсууд,” Итгэлдээ үнэнч байх нь, 14–17
Алдар суугийн хаант улсууд
Есүс Христийн Цагаатгалаар бүх хүн амилуулагдах болно (Aлма 11:42–45-ыг үзнэ үү). Бид амилуулагдсаныхаа дараа Их Эзэний өмнө шүүгдэхээр зогсох болно (Илчлэл 20:12; 3 Нифай 27:14). Хүн бүр тодорхой алдар суугийн мөнхөд орших газарт томилогдох болно. Их Эзэн “Миний Эцэгийн гэрт орон байр олон бий” (Иохан 14:2) хэмээн хэлэхдээ энэ зарчмыг заажээ.
Алдар суугийн селестиел, террестриел, телестиел хаант улс гэсэн гурван хаант улс байдаг. Таны өвлөн авах алдар суу Их Эзэний зарлигуудад хэр дуулгавартай байснаар илэрхийлэгддэг хөрвүүлгийн түвшнээс тань хамаарна. Энэ нь “Есүсийн тухай гэрчлэлийг хүлээн авсан” (C ба Г 76:51; 76:74, 79, 101-ийг үзнэ үү) байдлаас тань хамаарах болно.
Селестиел хаант улс
Селестиел хаант улс бол алдар суугийн гурван хаант улсын хамгийн дээд нь юм. Энэхүү хаант улсад байх хүмүүс Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн оршихуйд үүрд амьдрах болно. Селестиел алдар сууг өвлөж, мөн уг агуу адислалуудыг хүлээн авахад бусдад туслах нь таны зорилго байх ёстой. Ийм зорилгыг нэг оролдлогоор олж авч чадахгүй; энэ нь амьдралынхаа турш зөв шударга байж, байнгын зорилготой байсны үр дүн юм.
Селестиел хаант улс бол “Есүсийн тухай гэрчлэлийг хүлээн авч” мөн “өөрийн цус урсгалтаар дамжуулан энэхүү төгс цагаатгалыг хийсэн шинэ гэрээний зууч Есүсээр дамжин төгс болгогдсон” (С ба Г 76:51, 69) хүмүүст зориулан бэлтгэсэн газар юм. Энэ бэлгийг өвлөн авахын тулд бид авралын ёслолуудыг хүлээн авч, зарлигуудыг сахиж, нүглээ наманчлах ёстой. Селестиел алдар сууг хүлээн авагчдын талаарх нарийн тайлбаруудыг Сургаал ба Гэрээ 76:50–70, 92–96-аас үзнэ үү.
Селестиел алдар сууг өвлөн авахад шаардлагатай ойлголтыг нь тэлсэн илчлэлтийг бошиглогч Иосеф Смит 1836 оны 1-р сард хүлээн авчээ. Тэнгэрүүд түүнд нээгдэж, тэрээр селестиел хаант улсыг харжээ. Хэдийгээр түүний том ах Алвин баптисмын ёслол хүлээн авахаасаа өмнө нас барсан ч тэнд Алвины байгааг хараад, тэрээр маш их гайхжээ. (C ба Г 137:1–6-г үзнэ үү.) Тэгээд Их Эзэний дуу хоолой бошиглогч Иосефт хэлсэн нь:
“Энэ сайн мэдээний тухай мэдлэггүйгээр нас барсан тэд бүгд, үүнийг хүлээн авч болох тэд, хэрэв үлдэх нь тэдэнд зөвшөөрөгдсөн аваас, Бурханы селестиел хаант улсыг өвлөгчид байх болно;
Тэрчлэн үүнээс хойш үүний тухай мэдлэггүйгээр нас барах тэд бүгд, үүнийг бүх зүрх сэтгэлээрээ хүлээн авч болох тэд, уг хаант улсыг өвлөгчид байх болно;
Учир нь Их Эзэн бибээр, бүх хүмүүнийг ажлуудынх нь дагуу, зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүх болно” (C ба Г 137:7–9).
Энэ илчлэлт дээр бошиглогч Иосеф сэтгэгдэл үлдээн хэлэхдээ “Мөн тэрчлэн хариуцлагын насанд хүрэхээсээ өмнө нас барсан бүх хүүхдүүд тэнгэрийн селестиел хаант улсад аврагддагийг бибээр болгоов” (C ба Г 137:10) гэжээ.
Бошиглогч Иосефт өгөгдсөн өөр нэг илчлэлтээс бид селестиел хаант улсад гурван зэрэглэл байдгийг мэдэж авдаг. Бид хамгийн дээд зэрэглэлд өргөмжлөгдөж, гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэхийн тулд “гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ” байгуулж, уг гэрээндээ үнэнч байх ёстой. Өөрөөр хэлбэл, ариун сүмийн гэрлэлт бол селестиел алдар суугийн хамгийн дээд зэрэглэлийг олж авахын төлөөх шаардлага юм. (C ба Г 131:1–4-ийг үзнэ үү.) Энэ боломж нь гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг байгуулахад зохистой бүх хүнд энэ амьдралд эсвэл ирэх амьдралд ирэх болно.
Террестриел хаант улс
Террестриел алдар сууг өвлөн авах хүмүүс “Эцэгийн бүрэн байдлыг бус харин Хүүгийн оршихуйг хулээн авдаг. Иймийн тул, тэд бол селестиел биес бус террестриел биес бөгөөд нарнаас сар ялгардаг шиг алдар сууд ялгардаг билээ” (C ба Г 76:77–78). Ерөнхийд нь хэлэхэд, террестриел хаант улс дахь хувь хүмүүс бол “хүмүүний башир аргаар харалган болсон” (76:75) шударга сайн хүмүүс юм. Энэ бүлэг хүн дотор “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш” (C ба Г 76:79) Сүмийн гишүүд багтдаг. Үүнд түүнчлэн сайн мэдээг мөнх бус амьдралд хүлээн авах боломжоос татгалзсан боловч мөнх бус амьдралын дараах сүнсний дэлхийд хожим нь үүнийг хүлээн авсан хүмүүс багтдаг (C ба Г 76:73–74). Террестриел алдар сууг хүлээн авах хүмүүсийн талаар илүү ихийг сурахын тулд Сургаал ба Гэрээ 76:71–80, 91, 97-г үзнэ үү.
Телестиел хаант улс
Телестиел алдар суу нь “Христийн сайн мэдээг ч, Есүсийн тухай гэрчлэлийг ч хүлээн аваагүй” (C ба Г 76:82) хувь хүмүүст хадгалагдан үлдэнэ. Эдгээр хүн өөрсдийн алдар сууг заримдаа там хэмээн нэрлэгдэх сүнсний шоронгоос гэтэлгэгдсэний дараа хүлээн авна (C ба Г 76:84, 106). Телестиел алдар сууг хүлээн авах хүмүүсийн талаарх нарийн тайлбаруудыг Сургаал ба Гэрээ 76:81–90, 98–106, 109–112-оос үзнэ үү.
Мөхөл
3арим хүн алдар суугийн ямар ч хаант улсад амьдрахад зохистой бус байх болно. Тэднийг “мөхлийн хөвгүүд” хэмээн нэрлэх ба тэд “алдар суугийн хаант улс бус хаант улсыг тэсэн гарах” (C ба Г 76:32; 88:24) болно. Энэ нь “[Бурханы] сүр хүчийг мэддэг, мөн үүнийг хүртэгсэд болгогдсон, мөн чөтгөрийн хүчээр дамжин өөрсдийгөө ялагдсан байхыг, мөн үнэнийг үгүйсгэхийг хийгээд [Бурханы] хүчийг эсэргүүцэхийг зөвшөөрсөн тэд бүгдийн” (C ба Г 76:31 мөн 30, 32–49-р шүлгүүд) газар байх болно.