“Гэр бүлийн үдэш,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 72–74
“Гэр бүлийн үдэш,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 72–74
Гэр бүлийн үдэш
Гэр орон бол сайн мэдээнээс суралцах хамгийн чухал газар юм. Өөр ямар ч байгууллага гэр бүлийг орлож чадахгүй. Хожмын үеийн бошиглогчид эцэг эхчүүдээс хүүхдүүдээ хайр болон сайн мэдээний сургаалаар өсгөн хүмүүжүүлэхийг дахин дахин хүссээр ирсэн.
1915 онд ерөнхийлөгч Жозеф Ф. Смит Тэргүүн Зөвлөл дэх зөвлөхүүдийнхээ хамтаар гэр бүлийг хүчирхэгжүүлэх Сүм даяарх хүчин чармайлтыг эхлүүлсэн билээ. Тэд Сүмд харьяалагддаг эцэг эхчүүдээс хүүхдүүдээ долоо хоногт нэг удаа “Гэр бүлийн үдэш”-т цуглуулж байхыг уриалжээ. Гэр бүлүүд залбирах, хамтдаа дуулах, судраас унших, бие биедээ сайн мэдээг заах мөн гэр бүлийн эв нэгдлийг бий болгох бусад үйл ажиллагаанд оролцох цаг гаргах ёстой.
1970 онд ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Тэргүүн Зөвлөл дэх зөвлөхүүдтэйгээ хамтран даваа гаргийн оройг гэр бүлийн үдшийн цаг болгон тогтоожээ. Тэрхүү мэдэгдлээс хойш Сүм даваа гаргийн оройг Сүмийн үйл ажиллагаануудаас чөлөөлснөөр гэр бүлүүд энэхүү цагийг хамтдаа өнгөрүүлж чадах болсон юм.
Хожмын үеийн бошиглогчид Сүмийн гишүүдээс гэр бүлийн үдшийг нэн тэргүүнд тавихыг үргэлжлүүлэн сануулсаар байна. Тэд энэхүү хөтөлбөрт хичээнгүйлэн хандвал бидний цаг үеийн бузар муугийн эсрэг гэр бүлүүдийг хамгаалахад туслан, бидэнд одоо болон мөнхөд хэмжээлшгүй их баяр баяслыг авчирна хэмээн амласан.
Сүмийн бүх гишүүн даваа гаргийн үдшийг ариун нандин цаг мөч болгон, гэр бүлийн үдэшт зориулах хэрэгтэй. Хэрвээ та гэрлэсэн бол долоо хоног болгоны гэр бүлийн үдшийг ханьтайгаа хий. Хүүхдүүдтэй болох үедээ тэднийг гэр бүлийн үдэшт оролцуул. Хөтөлбөрийг тэдний хэрэгцээ сонирхолд нийцүүлэн зохиож, тэднийг татан оролцуул. Хүүхдүүд тань том болж, тусдаа гарвал гэр бүлийн үдшийг ханьтайгаа хамт үргэлжлүүлэн хий.
Хэрэв та ганц бие бол бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөсөө гэр бүлийн үдшийг танд болон танай тойргийн эсвэл салбарын бусад ганц бие гишүүнд зориулан зохион байгуулахыг хүсээрэй. Тэрээр энэхүү хөтөлбөрийг зохион байгуулах үүрэгтэй ба үүнийг тогтмол явуулах гэр бүлийн үдшийн удирдагчийг дуудаж болох юм.
Гэр бүлийн үдшийн санал болгосон загварыг үзүүлэв.
-
Нээлтийн дуу
-
Нээлтийн залбирал
-
Судрын уншлага
-
Хичээл
-
Үйл ажиллагаа
-
Хаалтын дуу
-
Хаалтын залбирал
-
Хөнгөн зууш
Гэр бүлийн үдэшт зориулсан хичээлийг бэлтгэхдээ судрууд, хожмын үеийн бошиглогчдын заасан зүйлс, хувийн туршлагууд болон гэрчлэл дээр тулгуурлахаа санаарай. Энэхүү ном нь заах сэдвүүдээ сонгоход тань тусалж чадна. Түүнчлэн Сүмийн хэвлэлүүд болох Family Home Evening Resource Book (31106), Сайн мэдээний зарчмууд (06195), Гэр бүлийн удирдамж (31180) болон Сүмийн сэтгүүлүүдийг үзэж болно.