Бусад эх сурвалж
Аз жаргал


“Аз жаргал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 12–13

“Аз жаргал,” Итгэлдээ үнэнч байх нь, 12–13

Аз жаргал

Бошиглогч Лихай Бурханы “мөнхийн зорилгуудыг” гэрчлэн, “Мөн тэд баясгалантай байж болохын тулд хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:15, 25) гэдгийг сургамжилсан.

Тэнгэрлэг Эцэг биднийг үүрдийн мөн үнэн аз жаргалыг олоосой хэмээн хүсдэг. Бидний аз жаргал бол Түүний бидэнд өгдөг сайн мэдээний сургаал, зарлиг, санваарын ёслол, гэр бүлийн харилцаа, бошиглогчид, ариун сүм, бүтээлийн гоо үзэмж, тэр ч бүү хэл саад бэрхшээлтэй нүүр тулах боломж зэрэг бүх адислалын загвар юм. Бидний авралын төлөөх Түүний төлөвлөгөөг ихэнхдээ “аз жаргалын агуу төлөвлөгөө” хэмээн нэрлэдэг (Алма 42:8). Тэр Хайрт Хүүгээ Цагаатгал хийлгэхээр илгээснээр бид энэ амьдралд аз жаргалтай байж, мөнх оршихуйд баяр баясгалангийн бүрэн байдлыг хүлээн авч чадна.

Олон хүн аз жаргал, амжилт ололтыг Их Эзэний зарлигуудад харшлах үйл ажиллагаануудаас олохыг хичээдэг. Тэд Бурханы төлөвлөгөөг үл хайхран, жинхэнэ аз жаргалын ганц эх сурвалжийг эсэргүүцдэг. Тэд “бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг” (2 Нифай 2:27) чөтгөрт бууж өгдөг. Тэд эцсийн эцэст хүү Кориантондоо “ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй” (Алма 41:10) хэмээн Алмагийн өгсөн сэрэмжлүүлэг үнэн болохыг мэддэг.

Бусад хүн амьдралаа хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Тэд ийм үндсэн зорилготойгоор зуурдын таашаал авахын тулд өөрсдийгөө үүрдийн аз жаргалаас сатааруулдаг. Тэд өөрсдийгөө сүнслэг өсөлт, үйлчлэл хийгээд шаргуу хөдөлмөрөөс ирдэг байнгын баяр баяслаас холдуулдаг.

Та аз жаргалтай байхаар эрэлхийлэхдээ, жинхэнэ аз жаргалтай байх цорын ганц арга зам бол сайн мэдээгээр амьдрах явдал гэдгийг санагтун. Та зарлигуудыг сахиж, хүч чадлын төлөө залбиран, нүглээ наманчилж, сэтгэл сэргээсэн сайхан үйл ажиллагаануудад оролцож, үр өгөөжтэй үйлчлэл үзүүлэхийг хичээснээр амар амгалан ба мөнхийн аз жаргалыг олох болно. Та хайраар дүүрэн Тэнгэр дэх Эцэгийн тогтоож өгсөн хязгаар дотор байснаар хөгжилтэй байхыг сурах болно.

Таны аз жаргал бусдад нөлөөлдөг байж чадна. Бусад хүн таныг ажиглах үедээ, таны баяр баясгалангийн эх сурвалжийг мэдэхийг хүсэж болно. Тэгээд тэд Есүс Христийн сайн мэдээгээр амьдарснаар ирдэг аз жаргалыг бас мэдэрч чадна.