Бусад эх сурвалж
Өршөөл


“Өршөөл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 147–149

“Өршөөл,” Итгэлдээ үнэнч байх нь, 147–149

Өршөөл

Судруудад өршөөлийг хоёр байдлаар авч үздэг. Их Эзэн бидэнд нүглээ наманчилж, Өөрийнх нь өршөөлийг эрэлхийлэхийг зарлиг болгодог. Тэр мөн биднийг гомдоосон эсвэл шархлуулсан хүмүүсийг уучлахыг зарлигладаг. Их Эзэний залбиралд “бид өртөнгүүдээ уучилсан адил өөрсдийн минь өрийг уучлаач” (Maтай 6:12) хэмээн Тэнгэрлэг Эцэгээс асуухыг Есүс бидэнд зөвлөдөг.

Их Эзэнээс өршөөл эрэлхийлэх

Нүгэл бол хүнд ачаа юм. Энэ нь Тэнгэр дэх Эцэгийн хүслийн эсрэг үйлдэл хийсэн гэдгээ мэдсэнээр сэтгэлийн асар их зовлон хийгээд буруушаалтыг авчирдаг. Энэ нь бид өөрсдийн үйлдлийн улмаас бусдыг гомдоож, Эцэгийн бидэнд өгөхөд бэлэн байсан адислалыг хүлээн авах боломжоос өөрсдийгөө холдуулсан байж магадгүй гэдгээ ухаарах үед байнгын гэмших мэдрэмжийг төрүүлдэг.

Бид Есүс Христийн Цагаатгалын ачаар чин сэтгэлийн хийгээд бүрэн наманчлалаараа дамжуулан нүглүүдээсээ өршөөгдөж чадна. Нүгэлтэй байдал нь зовлон шаналлыг авчирдаг ч Их Эзэний өршөөл тайтгарал, баяр баясгаланг авчирдаг. Их Эзэн ийнхүү амласан.

“Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй” (С ба Г 58:42).

“Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно” (Исаиа 1:18).

Та нар ноцтой нүгэл юм уу өдөр тутмынхаа сул дорой байдлаа наманчлах хэрэгтэй байлаа ч энэхүү гайхамшгийг мэдэрч чадна. Аврагч эрт цагт хүмүүсээс гуйдаг байсныхаа адилаар өнөөдөр та нараас:

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

Буулга минь аятай, ачаа минь хөнгөн” хэмээн гуйдаг (Матай 11:28–30).

“Та нар бүгд, эдүгээ би та нарыг эдгээж болохын тулд та нар надад эргэн ирж, мөн нүглүүдээ наманчилж, мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү?

Тийм ээ, үнэнээр би та нарт хэлнэ, хэрэв та нар надад ирэх аваас та нар мөнх амьдралыг авах болно. Болгоогтун, миний нигүүлслийн мутар та нарын зүг сунгаастай байна, мөн ирэх хэнийг боловч, түүнийг би хүлээн авах болно; мөн надад ирэх тэд адислагдсан болой” (3 Нифай 9:13–14).

Наманчлалын тайлбарыг 133–137-р хуудсан дахь “Наманчлал”-аас үзнэ үү.

Бусдыг уучлах

Бид үйлдсэн нүгэлдээ өршөөл эрэхээс гадна бусдыг уучлах хүсэлтэй байх ёстой. Их Эзэн: “Та нар бие биенээ уучлах ёстойг та нарт хэлнэ би; учир нь ах дүүгийнхээ зөрчлийг үл уучилдаг тэрээр Их Эзэний өмнө буруушаагдахаар зогсох буюу; учир нь түүнд илүү их нүгэл үлддэг болой. Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” (С ба Г 64:9–10) хэмээн хэлсэн.

Амьдралын өдөр тутмын нөхцөл байдалд хүмүүс танд санаатай, санамсаргүй байдлаар шударга бус хандах нь тодорхой. Иймэрхүү нөхцөл байдалд хорсож, уурлаж эсвэл өширхөх нь амархан боловч энэ нь Их Эзэний зам биш юм. Аврагч: “Дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир” (Maтай 5:44) хэмээн зөвлөсөн. 3агалмай дээр байхдаа Тэрээр өршөөлийн төгс жишээг үзүүлсэн билээ. Түүнийг цовдолсон Ромын цэргүүдийн талаар Тэрээр: “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” (Лук 23:34) хэмээн залбирсан.

Өөрт тань шударга бус хандсан хүмүүсийг уучлах хүч чадлын төлөө залбир. Уур уцаар, хорсол эсвэл өшөө авах мэдрэмжүүдээ үгүй хий. Бусдын буруутай тал дээр төвлөрч, сул талыг нь олж харахаас илүүтэй тэдний сайн талыг олж хар. Бусдын хор хөнөөлтэй үйлдлийг шүүх боломжийг Бурханд олго. Гомдсон мэдрэмжээ орхих нь хэцүү боловч та Их Эзэний тусламжтайгаар үүнийг хийж чадна. Та нар зөрчилдөөний болон үзэн ядалтын хорыг зөвхөн Бурханы өгч чадах хайр, амар амгалангаар орлуулах юм бол уучлал нь аймшигтай шархыг ч эдгээж чадна гэдгийг олж мэдэх болно.