“Гэрлэлт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 74–78
“Гэрлэлт,” Итгэлдээ үнэнч байх нь, 74–78
Гэрлэлт
Өнөөдөр дэлхийд олон хүн гэрлэлтийг болон гэр бүлийг үл тоомсорлож мөн шоолж байна. Энэхүү маргаантай хийгээд устгах дуу хоолойнуудын дунд Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга үнэний байнгын дуу хоолойгоо өргөсөн. Тэд “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг чин сэтгэлээсээ тунхагласан” юм (Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” энэ номын 65-р хуудсыг үзнэ үү).
Амьдралын хамгийн агуу баяр баясгаланг гэр бүл дотроос олдог. Бат бөх гэр бүлийн харилцаа тогтооход хүчин чармайлт шаардагдах боловч уг хүчин чармайлт энэ амьдралд болон мөнхөд агуу аз жаргалыг авчирдаг. Өнгөрсөн хугацаанд та аз жаргалтай гэр бүлтэй байгаагүй ч бай аз жаргалтай, мөнхийн гэрлэлтийг болон гэр бүлийн гишүүдтэйгээ хайрын харилцаатай байхыг эрэлхийлж чадна.
Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ
Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биетэйгээ энэ амьдралд болон үүрд лацдан холбогдож чадна. Ариун сүмд лацдан холбуулж байгаа хүмүүс гэрээнүүддээ үнэнч байх аваас тэдний харилцаа үүрд үргэлжлэх болно гэсэн баталгааг авдаг. Тэднийг юу ч, бүр үхэл ч салгаж чадахгүй гэдгийг тэд мэддэг.
Мөнхийн гэрлэлтийн гэрээ нь өргөмжлөлд чухал шаардлагатай юм. Иосеф Смитээр дамжуулан Их Эзэн илчлэхдээ: “Селестиел алдар сууд гурван тэнгэр буюу зэрэглэл буй; хамгийн дээдхийг нь олж авахын тулд хүн санваарын энэхүү ариун жаягт [гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг хэлж буй] орох ёстой; мөн хэрэв тэрээр үүнийг хийхгүй аваас, тэрээр үүнийг олж авч чадах нь үгүй. Тэрээр нөгөөд нь орж болно, гэвч тэр нь түүний хаант улсын төгсгөл болой; тэрээр өсөн нэмэгдэж үл чадна” (C ба Г 131:1–4) гэжээ.
Хосууд лацдан холбох ёслолыг хүлээн авч, ариун гэрээнүүдийг ариун сүмд байгуулсны дараа мөнхийн гэрлэлт болон өргөмжлөлийн адислалуудыг хүлээн авахын тулд цаашид итгэлтэй хэвээр байх ёстой. Их Эзэн ийн хэлсэн билээ.
“Хэрэв эр хүн миний хууль болох миний үгээр, мөн шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр нэг эхнэртэй гэрлэж, мөн энэ нь амлалтын Ариун Сүнсээр энэхүү хүч хийгээд энэхүү санваарын түлхүүрүүдийг миний томилсон, тослогдсон түүгээр тэдэн дээр лацдагдаж, мөн … хэрэв та нар миний гэрээг дагах аваас, … миний үйлчлэгч тэдэн дээр юуг ч тавилаа гэсэн бүх зүйлд энэ нь тэдэнд хийгдэх болно, мөн тэднийг дэлхийгээс гадна байхад бүрэн хүчтэй хэвээр байх болно” (C ба Г 132:19; Амлалтын Ариун Сүнсний тайлбарыг 33-р хуудаснаас үзнэ үү).
Гэрлэлтэд бэлтгэх
Хэрэв та ганц бие бол өөрийгөө гэрлэлтэд анхааралтай бэлтгэ. Ариун сүмд гэрлэхийг юугаар ч орлуулж болохгүй гэдгийг сана. Зөв хүнтэй зөв газар зөв цаг үед гэрлэхэд бэлтгэ. Гэрлэхээр найдаж байгаа хүнтэйгээ адил одооноос зохистой амьдар.
Зөвхөн өндөр жишигтэй мөн хамт байхдаа өөрийнхөө өндөр жишгийг хадгалж болох хүмүүстэй болз. Болзож байгаа хүнтэйгээ хийх зүйлгүй дэмий байхгүйн тулд үр өгөөжтэй, бүтээлч үйл ажиллагаануудыг анхааралтай төлөвлө. Өөрийгөө амархан хянаж чадах аюулгүй газар бай. Бэлгийн харьцааны мэдрэмжүүдийг өдөөх харилцан яриа болон үйл ажиллагаануудад бүү оролц.
Итгэл нэгтэй хамтрагчийг хай. Үргэлж хүндэлж, хүндэтгэж байх, амьдралыг тань үргэлж дэмжиж байх хэн нэгнийг эрж хай. Гэрлэхээсээ өмнө өөрийнхөө бүх зүрх сэтгэлийг зориулж, хайрлаж чадах, үнэнч болон итгэлтэй байх хүн олсон гэдгээ баталгаажуул.
Гэрлээгүй хүмүүст өгөх зөвлөгөө
Хэдийгээр гэрлэхийг хүсэж байгаа ч гэсэн Сүмийн зарим гишүүн өөрсдийнх нь буруугаас биш ч ганц бие хэвээр үлддэг. Хэрэв та ийм нөхцөл байдалд байгаа бол “Бурханыг хайрладаг … хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг” (Ром 8:28) гэдгийг сана. Хэрэв та зохистой хэвээр байх аваас хэзээ нэгэн өдөр танд энэ амьдралд эсвэл дараагийн амьдралд мөнхийн гэр бүлийн харилцааны бүх адислал өгөгдөх болно. Их Эзэн энэ амлалтыг хожмын үеийн бошиглогчдоороо дамжуулан дахин дахин өгсөн юм.
Хэрэв та ганц бие, гэрлэхийг хүсэж байгаа бол найдвараа бүү алд. Үүнтэй зэрэгцээд өөрийнхөө зорилгод хэт бүү анхаар. Үүний оронд, зохистой сайн сайхан үйл ажиллагаануудад оролц. Гэр бүл болон орон нутагтаа үйлчлэх арга замыг эрэлхийл. Сүмийн дуудлагуудыг хүлээн авч, хичээнгүйлэн биелүүл. Өөрийгөө бие махбод болон сүнслэг байдлын хувьд цэвэр ариун байлга. Хувийн амьдралдаа ахиц дэвшил гаргаж, өсөж хөгжихийн тулд үргэлжлүүлэн суралц.
Аз жаргалтай гэрлэлтийг бий болгох
Хэрэв та гэрлэсэн бол эхнэр, нөхөр та хоёрын хоорондох нөхөрлөл болон хайр таны хамгийн нандин, дэлхийн харилцаа байх ёстой. Их Эзэнээс гадна таны эхнэр, нөхөр бол бүх зүрх сэтгэлээсээ хайрла хэмээн зарлигласан цорын ганц хүн байх ёстой (C ба Г 42:22-ыг үзнэ үү).
Гэрлэлт нь жинхэнэ утгаараа хамтрагчдын эн тэнцүү, хэн хэнийгээ захирахгүй боловч бие биенээ дэмжиж, тайтгаруулж мөн бие биедээ туслах явдал юм гэдгийг санаарай.
Гэрлэлт нь амьдралын ийм чухал харилцаа учраас үүнд цаг хугацаа хэрэгтэй ба үүнийг шаарддаг. Тийм ч чухал биш амлалтуудад тэгтлээ ач холбогдол өгөх хэрэггүй. Бие биетэйгээ ярилцах, бие биеэ сонсох цаг гарга. Ухаалаг мөн хүндэтгэлтэй бай. Хайрын сэтгэл, мэдрэмжээ ойр ойрхон илэрхийл.
Та хоёрын хооронд гэрлэлтийг тань үймүүлэх ямар ч зүйл орох ёсгүйг анхаар. Ирж болох сорилтуудаас үл хамааран гэрлэлтээ амжилттай байлгах шийдвэр гарга.
Бие биедээ үнэнч бай. Бодол санаа, үг хэл мөн үйлсээрээ гэрлэлтийнхээ гэрээнд үнэнч бай. “Чи эхнэрээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийлэх ёстой” (С ба Г 42:22) хэмээн Их Эзэний хэлснийг сана. “Хэн ч биш” гэсэн хэлц нь ямар ч хүн, үйл ажиллагаа, эсвэл албан тушаал эхнэр, нөхөр та хоёрын харилцаанаас илүү дээгүүр тавигдах ёсгүй гэдгийг заадаг.
Итгэлгүй болгох зам руу таныг хөтөлж чадах аливаа зүйлсээс зайлсхий. Порнограф, төөрөлдсөн уран зөгнөл, сээтэгнэл зэрэг нь зан чанарыг тань эвдэж, гэрлэлтийн тань суурийг устгах болно.
Санхүүгээ зохицуулахын тулд хамтран ажилла. Төсөв зохиож, дагаж мөрдөхдөө хамтран ажилла. Мөнгө зарцуулахдаа өөрийгөө сахилга баттай байлгаж, өрийн боолчлолд орохоос зайлсхий. Мөнгийг ухаалгаар зохицуулж, өрөөс ангид байх нь гэр бүлд амар амгаланг авчирдаг.
Өөрсдийн амьдралыг Есүс Христийн сайн мэдээнд төвлөрүүл. Байгуулсан гэрээгээ сахихад нь бие биедээ тусал. Сүм рүү болон ариун сүм рүү хамтдаа яв. Судруудаас хамт суралц. Өглөө, үдэш бүр хамтдаа өвдөг сөгдөн залбирч, бие биеийнхээ төлөө Бурханд талархаж; амьдрал, гэр орон, хайртай нэгнийхээ төлөө, зөв шударга хүсэлдээ Түүний адислалуудыг хүс. Тэгвэл Бурхан таны өдөр тутмын Өөртэй нь ярих харилцан ярианд өөр ямар ч эх сурвалжаас ирдэггүй амар амгалан болон баяр баяслыг авчрахад удирдах болно. Та хоёрын хамтрал жил ирэх тусам сайхан болж, таны хайр хүчирхэгжинэ. Бие биедээ талархах талархал тань өсөх болно.