Бусад эх сурвалж
Хөрвөлт


“Хөрвөлт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 212–216

“Хөрвөлт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 212–216

Хөрвөлт

“Махбодын бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван билээ” хэмээн төлөөлөгч Паул тунхагласан юм (Рoм 8:6; түүнчлэн 2 Нифай 9:39-ийг үзнэ үү). Бид унасан байдалдаа үргэлж уруу таталттай тэмцэлддэг бөгөөд заримдаа “чөтгөрийн сүнсэнд өгөх маханбодын таалал”-д бууж өгдөг (2 Нифай 2:29; түүнчлэн энэ номын 196–200-р хуудсан дахь “Уналт”-ыг үзнэ үү). Мөнх амьдралын адислалыг хүлээн авах чадвартай байхын тулд бид “сүнслэг бодол санаа”-тай байж, шударга бус хүслээ ялан дийлэх хэрэгтэй. Бид өөрчлөгдөх хэрэгтэй. Бид илүү сайнаар, Аврагчийн Цагаатгалын хүчээр мөн Ариун Сүнсний хүчээр дамжуулан өөрчлөгдөх буюу хөрвүүлэгдэх хэрэгтэй. Энэхүү явцыг хөрвөлт гэж нэрлэдэг.

Хөрвөлт нь зан төлөвийн өөрчлөлтийг агуулдаг ч энэ нь зан төлөвөөс илүүтэй бидний мөн чанарын өөрчлөлт юм. Их Эзэн болон түүний бошиглогчид үүнийг дахин төрөлт, зүрх сэтгэлийн өөрчлөлт болон галан баптисм хэмээн дурддаг тул энэ нь маш чухал өөрчлөлт юм. Их Эзэн ийн хэлсэн.

“Бүх хүн төрөлхтөн, тийм ээ, эрчүүд мөн эмэгтэйчүүд, бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс дахин төрөх ёстойд бүү гайх; тийм ээ, Бурханаар төрж, эгэл хийгээд унасан байдлаасаа зөв шударга байдалд орж өөрчлөгдөн, Бурханаар гэтэлгэгдэн, түүний хөвгүүд мөн охид болдог;

Мөн тийн тэд шинэ бүтээлүүд болдог; мөн үүнийг хийхгүйгээр, тэд Бурханы хаант улсыг өвлөж чадах аргагүй бөлгөө” (Moзая 27:25–26).

Хөрвөлтийн үйл явц

Хөрвөлт бол үйл явдал биш, харин үйл явц юм. Та нар Аврагчийг дагах зөв шударга хүчин чармайлтынхаа үр дүнд хөрвөгддөг билээ. Эдгээр хичээл зүтгэлд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх, нүглээ наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах болон итгэлтэйгээр эцсээ хүртэл тэвчих зэрэг нь багтдаг.

Хөрвөлт нь гайхалтай мөн амьдралыг өөрчилдөг хэдий ч анир чимээгүй гайхамшиг юм. Тэнгэр элчийн айлчлал болон бусад онцгой тохиолдол хөрвөлтийг авчирдаггүй. Тэр ч байтугай тэнгэр элчийг харсан Алма үнэний гэрч болохоор “олон хоног мацаг барьж, залбирсны” (Алма 5:46) дараа л хөрвөгдсөн билээ. Амилсан Аврагчийг харсан Паул “Ариун Сүнсээр бус бол хэн ч ‘Есүс бол Эзэн’ гэж хэлж чадахгүй” (1 Коринт 12:3) гэдгийг заасан.

Хөрвөлт нь чимээгүй, тууштай үйл явц учраас та нар одоо хөрвөгдсөн боловч үүнийгээ ухаарахгүй байж магадгүй. Та нар “леменчүүдийн хөрвүүлгийн үе дэх надад итгэх тэдний итгэлийн учир, тэд галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртсэн бөгөөд үүнийг тэд мэдээгүй” леменчүүд шиг байж болох юм (3 Нифай 9:20). Итгэлээ хөгжүүлэн Аврагчийг дагахаар үргэлжлүүлэн хичээж буй хүчин чармайлт тань таныг агуу их хөрвөлт рүү хөтлөх болно.

Хөрвөсөн хүмүүсийн онцлог шинж

Их Эзэнд хөрвүүлэгдсэн хүмүүсийг Мормоны Номд ийнхүү дүрсэлдэг.

Тэд сайныг үйлдэхийг хүсдэг.

Хаан Бенжамины хүмүүс “бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн Төгс Хүчит Их Эзэний Сүнсний учир …” хэмээн тунхаглажээ (Мозая 5:2). “Жигшлээс өөрөөр нүглийг үзэж эс чадах” (Алма 13:12) болсон хүмүүсийн талаар Алма өгүүлсэн байдаг.

Тэд Их Эзэний эсрэг босдоггүй.

Мормон ёс бус хийгээд цусанд шунасан байсан боловч “Их Эзэнд хөрвүүлэгдсэн” хэсэг бүлэг леменчүүдийн тухай ярьсан (Алма 23:6). Энэ хүмүүс нэрээ антай-нифай-лихайчууд болгон өөрчилж, “зөв шударга хүмүүс болсон билээ; тэд Бурханы эсрэг бас ах дүүсийнхээ хэнийх нь ч эсрэг дахин тулалдахгүйн тулд тэд эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавьсан билээ” (Aлма 23:7).

Тэд сайн мэдээг хуваалцдаг.

Инос, Ахмад Алма, Залуу Алма, Мозаягийн хөвгүүд, Амюлек, Зиезром нар Их Эзэнд хөрвүүлэгдсэний дараа сайн мэдээг номлоход өөрсдийгөө зориулсан юм (Инос 1:26; Мозая 18:1; Мозая 27:32–37; Алма 10:1–12; 15:12-ыг үзнэ үү).

Тэд хайраар дүүргэгдсэн байдаг.

Амилуулагдсаныхаа дараа Аврагчийг Америкт буй хүмүүс дээр хүрч ирэхэд “нутгийн бүх гадаргуу дээр, уг хүмүүс, нифайчууд болон леменчүүд аль аль нь, бүгдээр Их Эзэнд хөрвүүлэгдэв, мөн тэдний дунд зөрчилдөөн мөн арцалдаан байсангүй, мөн хүмүүн бүр нэг нэгэнтэйгээ шударгаар харьцаж байлаа. …

Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир, уг нутагт зөрчилдөөн огт байсангүй.

Мөн атаа жөтөө, бас хэрүүл маргаан, бас үймээн, садар самуун ч, худал хэлэх нь ч, аллага ч, ямар ч төрлийн шунал тачаал байсангүй; мөн Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм.

Дээрэмчид ч, алуурчингууд ч, бас леменчүүд ч, бүр ямар ч -чууд байсангүй, харин тэд, Христийн хүүхдүүд, мөн Бурханы хаант улсын өв залгамжлагчид гэгдэн нэг болсон байв” (4 Нифай 1:2, 15–17).

Агуу их хөрвөлтийн төлөө хичээх

Та өөрөө хөрвөгдөх үүрэгтэй. Хэн ч та нарын өмнөөс хөрвөгдөж чадахгүй мөн хэн ч та нарын хөрвөлтийг албадаж чадахгүй. Гэсэн хэдий ч хөрвөлтийн үйл явцад бусад хүн танд тусалж чадна. Гэр бүлийн гишүүд, Сүмийн удирдагчид болон багш нараас мөн судар дээрх эрэгтэй, эмэгтэйчүүдийн зөв шударга жишээнээс суралц.

Аврагчийн төгс төгөлдөр жишээг дагахыг хичээвэл зүрх сэтгэлийн хүчтэй өөрчлөлтийг мэдрэх боломж тань өсөн нэмэгдэх болно. Судруудаас суралц, итгэлтэйгээр залбир, зарлигуудыг дага мөн Ариун Сүнстэй байнга нөхөрлөхийг эрмэлз. Хөрвөлтийн үйл явцаа цаашид үргэлжлүүлбэл Сүнс “[тэдний] зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн” үед Хаан Бэнжамины хүмүүсийнхтэй адил “үлэмжийн агуу баяр”-ыг хүлээн авна (Мозая 5:2, 4-ийг үзнэ үү). Та нар Хаан Бенжамины: “та нар үүрдийн аврал хийгээд мөнх амьдралыг авч болохын тулд, та нар тэнгэрт авчрагдаж болохын тулд, Христ, Төгс Хүчит Их Эзэн Бурхан та нарыг өөрийнх байлгахаар лацдаж болохын тулд, та нарыг хичээнгүй мөн гуйвшгүй байж, сайн үйлүүдээр үргэлж бялхаасай хэмээнэ би” хэмээх зөвлөгөөг дагах боломжтой байх болно (Moзая 5:15).