“Золиос,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 107–108
“Золиос,” Итгэлдээ үнэнч байх нь, 107–108
Золиос
Золиосолно гэдэг нь өөрсдөдөө байгаа үнэт зүйлийг илүү агуу зүйлд сайн сайхны төлөө зориулахыг хэлнэ. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бидэнд Их Эзэний болон Түүний хаант улсын төлөө дэлхийн зүйлсийг золиослох боломж байдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид Их Эзэний шаардсан аливаа золиосыг гаргах хүсэлтэй байх хэрэгтэй. Хэрэв биднээс золиос гаргахыг шаардаагүй байсан бол бид мөнхийн авралд шаардлагатай итгэлийг хөгжүүлж хэзээ ч чадахгүй.
Есүс Христийн Цагаатгал нь сайн мэдээний төв дэх агуу, мөнхийн золиос юм (Aлма 34:8–16-г үзнэ үү). Аврагчийг Цагаатгалыг гүйцэлдүүлэхээс өмнө, Түүний гэрээт хүмүүс амьтныг Түүний золиосын бэлгэдэл болгон өргөж байв. Энэхүү дадал заншил нь Цагаатгал өөд харахад нь тэдэнд тусалдаг байжээ (Moсе 5:4–8-ыг үзнэ үү). Амьтдыг золиослох зарлиг нь Есүс Христийн үхлээр төгсгөл болсон юм. Өнөөдөр Сүмд ариун ёслолыг Аврагчийн цагаатгах золиосыг дурсан санахаар хүртдэг.
Бид Есүс Христийн цагаатгах золиосыг дурсан санахаас гадна өөрсдөө харууссан зүрх гэмшсэн сэтгэлээ золиос болгон өргөх хэрэгтэй. Аврагч ийнхүү хэлсэн. “Мөн та нар цаашид цус урсган надад өргөл өргөхгүй; тийм ээ, та нарын тахилууд мөн хайлах өргөл тань зогсоогдох болно. … Мөн та нар харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг надад өргөл болгон өргөх болно. Мөн харууссан зүрх гэмшсэн сэтгэлтэйгээр надад ирэх хэнд боловч, түүнд би галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртээнэ” (3 Нифай 9:19–20).
Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй байна гэдэг нь Бурханы хүслийг болон Өөрийнх нь Сүмийг удирдуулахаар дуудсан хүмүүсийн зөвлөгөөг хүлээн авдаг мөн даруу байхыг хэлнэ. Энэ нь мөн нүгэл үйлдсэндээ гүн гүнзгий шаналах болон наманчлах чин сэтгэлийн хүслийг мэдрэх гэсэн утгатай. Бошиглогч Лихай золиос өргөхийн чухлыг онцлохдоо: “Болгоогтун, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй хэний ч төлөө хуулийн шаардлагуудыг хангаж, тэрээр нүглийн золиослол болгон өөрийгөө өргөх ажгуу; мөн хуулийн бүх шаардлагууд өөр хэний ч төлөө хангагдаж чадахгүй” (2 Нифай 2:7) гэжээ. Хэрэв бид харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийн золиосыг өргөхгүй бол Цагаатгалаар дамжин ирдэг адислалуудыг бүрэн хүлээн авч чадахгүй.
Их Эзэний зарлигласан ёсоор та золиос хийх хүсэлтэй бол Тэр таныг хүлээн зөвшөөрнө. Тэрээр: “Зүрх сэтгэл нь үнэнч шударга мөн харууссан мөн сэтгэл нь гэмшсэн гэдгийг мэддэг тэд, мөн гэрээнүүдээ золиослолоор дагахад бэлэн байгаа тэд—тийм ээ, Их Эзэн миний зарлиглах золиослол бүрээр—тэд надаас хүлээн зөвшөөрөгддөг билээ” (C ба Г 97:8) хэмээн заасан. Мөнхийн үзэл баримтлалаар, та дэлхийн зүйлсийг орхих нь үнэндээ золиос биш гэдгийг харж чадах болно. Таны хүлээн авдаг адислалууд ямар нэг зүйлийг орхисноос тань илүү агуу байдаг.