Бусад эх сурвалж
Судрууд


“Судрууд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 175–180

“Судрууд,” Итгэлдээ үнэнч байх нь, 175–180

Судрууд

Бурханы ариун эрчүүдийг Ариун Сүнсний хүчээр бичиж, ярихад тэдний үгс “судар байх болно, Их Эзэний таалал байх болно, Их Эзэний оюун байх болно, Их Эзэний үг байх болно, Их Эзэний дуу хоолой байх болно, мөн аврал дахь Бурханы сүр хүч буюу” (C ба Г 68:4). Сүмийн албан ёсны зөвшөөрөлтэй судрууд болох Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд зэргийг ихэнхдээ жишиг бүтээлүүд гэж нэрлэдэг. Энэ судрын номуудыг 177–180-р хуудсан дээр тайлбарласан.

Өдөр бүр судраас судлахын ач холбогдол

Судрын үндсэн зорилго нь Христийг гэрчлэн, биднийг Түүн рүү очиход болон мөнх амьдралыг хүлээн авахад туслах явдал байдаг (Иохан 5:39; 20:31; 1 Нифай 6:4; Moзая 13:33–35-ыг үзнэ үү). Бошиглогч Мормон ийн гэрчилсэн.

“Тийм ээ, чөтгөрийн бүх башир аргыг мөн урхи мөн арга залийг нь тасчин хуваах, амьд хүчирхэг, мөн ёс бусыг үйлдэгчдийг залгихаар бэлтгэгдсэн зовлонгийн үүрдийн ангал дээгүүр гарах давчуу бөгөөд нарийн замаар Христийн хүмүүнийг удирдах, Бурханы үгэн дээр тулгуурлахыг хүсэх хэн боловч тулгуурлаж—

Мөн тэнгэрийн хаант улсад, Бурханы баруун мутар талд, Абрахамтай, мөн Исаактай, мөн Иаковтай хамт, мөн бидний бүх ариун эцэг өвгөдийн хамт, цаашид гарахгүйгээр суухаар өөрсдийн бодгалиудыг, тийм ээ, үхэшгүй бодгалиудаа байрлуулж болохыг бид харж болно” (Хиламан 3:29–30).

Хожмын үеийн бошиглогчид хувиараа болон гэр бүлээрээ өдөр бүр судруудаас суралцахыг бидэнд зөвлөдөг. Нифай ах нараа урамшуулж байсан шиг тэд судруудыг өөрсөдтэйгөө адилтган, эртний хүмүүсийн нандин шастирыг өнөөдөр өөрсдийн амьдралд хэрэгжүүлэх арга замыг олоход урамшуулан дэмждэг (1 Нифай 19:23–24-ийг үзнэ үү). Тэд биднийг “судруудыг судалж” (Иохан 5:39) мөн “Христийн үгэн дээр найрлахыг” ухуулдаг (2 Нифай 32:3).

Та энэ зөвлөгөөг дагаснаар агуу их ашиг тусыг олох болно. Судраас өдөр бүр, утга учиртай судлах нь танд Ариун Сүнсний шивнээг хүлээн авахад тусалдаг. Энэ нь та нарын итгэлийг нэмэгдүүлж, уруу таталтаас хамгаалж, Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хайрт Хүүтэй илүү ойр байхад тусалдаг.

Судраас бие даан судлах төлөвлөгөө гарга. Өдөр бүр судраас суралцахад тодорхой хэмжээний цаг гаргах тухай бодож үзээрэй. Тэр хугацаандаа судрыг анхааралтай уншиж, Сүнсний өдөөлтөд мэдрэмтгий бай. Тэнгэрлэг Эцэг та нарыг юу сурч, юу хийгээсэй хэмээн хүсэж байгааг мэдэхийн тулд Түүнээс тусламж хүс.

Амьдралынхаа туршид судруудаас, ялангуяа Мормоны Номоос үргэлжлүүлэн унш. Та судруудыг амьдралынхаа өөр өөр цаг үед судлахдаа шинэ утга, хэрэглээг олж, тэдгээрийн эрдэнэсийг дахин дахин нээх болно.

Хэрэв та гэрлэсэн бол гэр бүлтэйгээ судраас судлах цаг гарга. Энэхүү хичээл зүтгэл хэцүү байж болно. Гэхдээ гайхалтай, мөнхийн үр дүнг өгнө. Сүнсний удирдамжийн дагуу гэр бүлийнхээ хэрэгцээнд нийцүүлэн судар уншлагыг төлөвлө. Бяцхан хүүхдүүдэд судар уншиж өгөхөөс бүү эмээ. Нандин цэдгүүдийн хэл нь бяцхан хүүхдэд ч хүрч чадах хүчтэй.

Ариун Библи

Ариун Библи нь Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Хуучин Гэрээ нь ариун газар дахь Өөрийн гэрээт хүмүүстэй харьцах харьцааны нандин цэдэг билээ. Энэ нь Мосе, Иошуа, Исаиа, Иеремиа, Даниел зэрэг бошиглогчдын заасан зүйлсийг агуулдаг. Шинэ Гэрээнд Аврагчийн төрөлт, мөнх бус байдлын тохинуулал болон Цагаатгалыг цэдэглэсэн байдаг. Энэ нь Аврагчийн шавь нарын тохинууллаар төгсдөг.

Библийг олон удаа орчуулсан учраас өөр өөр хувилбараар хэвлэгджээ. Англи хэл дээрх Хаан Жеймсийн Библийн хувилбар нь судар болж, Сүмээр хүлээн зөвшөөрөгджээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бид Библийг болон үүнд заасан эрхэм нандин зүйлсийг хүндэтгэн үздэг. Бид Бурханы хүмүүстэй харилцсан харилцааны талаарх Библийн түүхүүдээс хүч чадал хийгээд тайвшралыг хүлээн авч чадна.

Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ

Мормоны Ном нь Их Эзэний хүсэл зоригоор манай эрин үед ирсэн билээ. Энэ бол эртний Америк тивд амьдарч байсан хүмүүстэй Бурханы харилцсан цэдэг юм. Их Эзэний бошиглогчид анхны цэдгээ алтан ялтсан дээр сийлбэрлэжээ. Мормоны Ном нь “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг” (С ба Г 20:9 мөн C ба Г 42:12-ийг үзнэ үү) агуулдаг хэмээн Их Эзэн тунхагласан.

1827 оны 9-р сарын 22-нд Мормоны Номын хамгийн сүүлчийн бошиглогч Моронай хэмээх тэнгэр элч эдгээр цэдгийг бошиглогч Иосеф Смитэд авчирчээ. Бошиглогч Иосеф Бурханы хүч хийгээд бэлгээр тэрхүү цэдгийг англи хэлнээ орчуулсан. Тэр цагаас хойш Мормоны Номыг бусад олон хэлээр орчуулсан байна.

Мормоны Номын үндсэн зорилго нь “өөрийгөө бүх үндэстнүүдэд үзүүлэх тэр Есүс бол Христ, Мөнхийн Бурхан” гэж бүх хүнд итгүүлэх явдал юм (Мормоны Номын эхний хуудас). Энэ нь бүх хүмүүн “түүнд ирэх ёстой, эс бөгөөс тэд аврагдаж чадахгүй” (1 Нифай 13:40) гэдгийг заадаг. Иосеф Смит хэлэхдээ, Мормоны Ном бол “шашны маань тулгуурын чулуу, мөн бусад ямар ч номноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” (Мормоны Номын Удиртгал) гэсэн.

Мормоны Ном бол Библид зааж сургадаг үнэний өөр нэг гэрч билээ. Орчуулгын алдаанаас эсвэл “Их Эзэний зөв замыг гажуудуулах” оролдлогоор “авч зайлуулснаас” үүдэн Библиэс алдагдсан “эрхэм үнэт” үнэнийг мөн сэргээдэг (1 Нифай 13:24–27, 38–41-ийг үзнэ үү). Библи болон Мормоны Ном “буруу сургаалуудыг бүрмөсөн үгүйсгэж мөн маргаан тэмцлийг намжаан … амар амгаланг тогтоон хамтран нэгдэх болно” (2 Нифай 3:12).

Мормоны Номын төгсгөл хэсэгт бошиглогч Моронай бидэнд энэхүү ном үнэн гэдгийг хэрхэн мэдэх талаар: “Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” гэж заадаг (Моронай 10:4; мөн 3 ба 5-р шүлгүүдийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээнд бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтүүд багтдаг. Түүнчлэн бусад хожмын үеийн бошиглогчид өгсөн цөөн илчлэлтийг агуулдаг. Эртний бичвэрийн орчуулга биш учраас энэхүү судрын ном онцгой. Энэ бол Их Эзэн хожмын өдрүүдэд Өөрийн сонгосон бошиглогчдод өгсөн илчлэлтүүдийн цуглуулга юм.

Бошиглогч Иосеф Смит, Сургаал ба Гэрээ бол “эдгээр эцсийн өдрүүдэд Сүмийн суурь, мөн дэлхийд ашиг тус болж, бидний Аврагчийн хаант улсын нууцуудын түлхүүрүүд хүмүүнд дахин итгэл хүлээлгэн өгөгдсөн” (C ба Г 70-ын оршил хэсэг) гэж хэлсэн.

Агуу Үнэт Сувд

Агуу Үнэт Сувд бол Мосегийн ном, Абрахамын ном, бошиглогч Иосеф Смитийн Матай 24-р бүлгийн сүнслэгээр нөлөөлөгдсөн орчуулгыг болон бошиглогч Иосефын зарим бичвэрийг агуулдаг.

Мосе ном нь Библийн Иосеф Смитийн сүнслэгээр нөлөөлөгдсөн орчуулгын жижиг хэсэг юм. Энэ бол Хуучин Гэрээний Эхлэл номын эхэн дэх Мосегийн бичвэрүүдийн бүрэн цэдэг юм. Энэ нь Библиэс алдагдсан олон сургаал болон заасан зүйлийг багтаадаг бөгөөд авралын төлөвлөгөөний талаар, дэлхийн бүтээлт мөн Адам, Енохтой харьцсан Их Эзэний харьцааны талаар нэмэлт мэдээллийг өгдөг.

Абрахамын ном нь муутуу цаасан дээр бичигдсэн эртний бичээсүүдийн орчуулга бөгөөд энэ нь 1835 онд Сүмийн мэдэлд ирсэн. Бошиглогч Иосеф Смит тэрхүү бичээсүүдийг илчлэлтээр орчуулсан. Энэхүү ном мөнх бус байдлын өмнөх Тэнгэр дэх зөвлөл, дэлхийн үүсэл, Бурханы шинж чанар болон санваарын тухай үнэнийг агуулдаг.

Иосеф Смит—Матай нь Хоёр дахь ирэлтийн тухай Аврагчийн сургаалын талаар бидний мэдлэгт нэмэрлэдэг.

Агуу Үнэт Сувд дахь Иосеф Смитийн бичээсүүд:

  • Иосеф Смит—Түүх нь Сүмийн бошиглогчийн түүхээс эш татсан хэсэг юм. Анхны үзэгдэл, бошиглогч Иосеф Смит дээр Моронай айлчлан ирсэн, алтан ялтсыг олж авч байгаа болон Аароны санваарыг сэргээсэн зэрэг үйл явдлыг багтаасан Сүмийн Сэргээлт рүү хөтөлсөн үйл явдлын хүүрнэл юм.

  • Бошиглогч Иосеф Смитийн итгэлийн болон сургаалын үндсэн мэдэгдэл болгон бичсэн Итгэлийн тунхгийг агуулдаг.