“Бишрэн шүтэх,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 52–54
“Бишрэн шүтэх,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 52–54
Бишрэн шүтэх
Бурханыг бишрэн шүтэх гэж Түүнд хайр, хүндэтгэл, үйлчлэл болоод бүхнээ зориулахыг хэлнэ. Бурхан Мосед: Бурханыг шүт, учир нь чи гагцхүү түүнд үйлчлэх ёстой” (Moсе 1:15) хэмээн зарлигласан. Энэ эрин үед “Чи Их Эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах ёстой; мөн Есүс Христийн нэрээр чи түүнд үйлчлэх ёстой” (С ба Г 59:5) хэмээн зарлигласан. Хэрэв аливаа хүн болоод юмсыг Бурханы хайрын дээр тавивал та хуурамчаар эсвэл хиймэл шүтээнийг шүтэж байгаа хэрэг юм (Гэтлэл 20:3–6-г үзнэ үү).
Эцэгийг шүтэх нэг арга зам бол залбирал юм. Алма өөрийн хүү Хиламанд “Тийм ээ, мөн өөрт хэрэгтэй бүх дэмжлэгийн тулд Бурханаас гуй; тийм ээ, бүхий л үйлүүд тань Их Эзэний төлөө байг, мөн чи хаана ч явсан Их Эзэнтэй нэгдмэл юм; тийм ээ, бүх бодол санаа чинь Их Эзэнд чиглэсэн байг; тийм ээ, зүрх сэтгэлийн тань хайр Их Эзэн дээр үүрд байрлаг” (Aлма 37:36) хэмээн заасан.
Та Сүмийн цуглаануудад шүтлэг бишрэлийн сүнстэйгээр оролцох ёстой. Их Эзэн: “Мөн чи өөрийгөө дэлхийгээс илүү бүрэн дүүрэн толбогүй байлгаж болгохын тулд, чи залбирлын өргөөнд очиж мөн миний ариун өдөрт ариун ёслолуудаа өргөх ёстой; Учир нь үнэнээр энэ бол хөдөлмөрүүдээсээ амрахаар, мөн Бүхний Дээдэд чи бүхнээ зориулахаар чамд өгөгдсөн өдөр юм” (C ба Г 59:9–10) хэмээн зарлигласан.
Санваарын ёслолуудад оролцох нь мөн шүтлэг бишрэлийн нэг хэсэг билээ. Та ариун ёслолоос хүндэтгэлтэйгээр хүртэн мөн ариун сүм рүү явах үедээ Тэнгэрлэг Эцэгийг санан дурсаж, бишрэн шүтдэг ба Түүний Хүү Есүс Христийн төлөө талархлаа илэрхийлдэг.
Шүтэн биширч буйгаа гадаад байдлаараа илэрхийлэхээс гадна хаана ч юу ч хийж байсан бишрэн шүтэх хандлагатай байх нь зүйтэй. Алма энэхүү зарчмыг шүтлэг бишрэлийн газраас хөөгдөн гарсан бүлэг хүнд заажээ. Тэр тэднийг үнэн шүтлэг бишрэл нь долоо хоногийн нэг өдрөөр хязгаарлагддаггүй гэдгийг харахад тусалсан (Алма 32:11-ийг үзнэ үү). Энэ бүлэг хүнд Алмагийн хамтрагч Амюлек хэлэхдээ, “мөн байж болох газар бүрдээ Бурханыг сүнсэнд бас үнэнд шүтэн бишрээсэй” (Aлмa 34:38) хэмээн урамшуулсан.