“Халамжийн нийгэмлэг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 140–143
“Халамжийн нийгэмлэг,” Итгэлдээ үнэнч байх нь, 140–143
Халамжийн нийгэмлэг
Бошиглогч Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийг 1842 оны 3-р сарын 17-нд Иллиной мужийн Науву хотод байгуулсан юм. Үүсгэн байгуулсан өдрүүддээ Халамжийн нийгэмлэг нь ядуус хийгээд хэрэгцээтэй хүмүүст тусламж үзүүлэх, бодгалиудыг аврах гэсэн хоёр үндсэн зорилготой байсан. Тус байгууллага эдгээр анхныхаа зарчимд үнэнч хэвээр үлдэж, өнөөдөр ч үргэлжлүүлсээр байна. Дэлхий даяар Халамжийн нийгэмлэгийн эгч нар Сүмийн зорилгыг биелүүлэхээр санваартнуудтай хамтран ажилладаг. Тэд:
-
Залбирч, судраас судлах замаар Есүс Христийн тухай гэрчлэлээ өсгөж,
-
Ариун Сүнсний өдөөлтийг даган сүнслэг хүч чадлыг эрэлхийлэн,
-
Гэрлэлт, гэр бүл болон гэр орноо хүчирхэгжүүлэхийн тулд өөрсдийгөө зориулж,
-
Эх хүний өгөөмөр сэтгэл, эмэгтэй хүний баяр баясгаланг олсноор мөн
-
Үйлчлэл, сайн үйлсэд баясаж,
-
Амьдралыг хайрлаж, сурч мэдэхэд дурлан,
-
Үнэний болон зөв шударгын төлөө бат зогсож,
-
Санваарыг энэ дэлхий дээрх Бурханы эрх мэдэл хэмээн дэмжиж,
-
Ариун сүмийн адислалуудад баясан,
-
Тэнгэрлэг хувь тавилангаа ойлгож, өргөмжлөлийн төлөө хичээн чармайснаар бие биенээ дэмждэг.
Хэрэв та Халамжийн нийгэмлэгт байдаг бол энэ байгууллагын зорилгод хувь нэмэр оруулж чадах нэг арга зам тань айлчлагч багшийн үүрэг даалгаврыг хүлээн авах явдал юм. Дааж авсан эгч нарындаа айлчлан, үйлчлэхдээ сайн мэдээг заах, нөхөрлөлөө бэхжүүлэхэд цаг зав гарга. Хувь хүмүүст үйлчлэхээс гадна гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхэд та чухал үүрэг гүйцэтгэж чадна.
Тойрог, салбарын удирдагчид 18 болон түүнээс дээш настай эгч бүрд айлчлагч багш оноогдсон эсэхийг баталгаажуулна. Санваарын болон Халамжийн нийгэмлэгийн удирдагчид эгч бүрийн сүнслэг болон материаллаг хэрэгцээг хангахад туслахын тулд айлчлагч багш нартай уулздаг.
Халамжийн нийгэмлэгийн эгчийн хувьд та Есүс Христэд сүсэг бишрэлтэйгээр нэгдсэн дэлхий даяарх эгч дүүсийн нэг билээ. Та итгэл, ариун журам, алсын хараа, энэрэл бүхий эмэгтэйн хувьд амьдралаа утга учиртай, зорилго, чиглэлтэй байдаг гэсэн лавтай мэдлэгтэйгээр Бурханы бусад охинтой нэгддэг. Халамжийн нийгэмлэгт хамрагдсанаар танд эгч дүүсийн нөхөрлөлд баясах, утга учиртай үйлчлэл үзүүлэх, гэрчлэл болон авьяас чадвараа хуваалцах, сүнслэгээр өсөх боломжууд байдаг.