Бусад эх сурвалж
Илчлэлт


“Илчлэлт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 109–114

“Илчлэлт,” Итгэлдээ үнэнч байх нь, 109–114

Илчлэлт

Илчлэлт нь Бурханы хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа юм. Энэхүү удирдамж нь янз бүрийн арга замаар хувь хүн, гэр бүл, Сүмийн бүхэл хэрэгцээ, нөхцөл байдлын дагуу ирдэг.

Их Эзэн Сүмд Өөрийн тааллыг илчлэхдээ бошиглогчоороо дамжуулан ярьдаг. Судрууд нь эртний болон хожмын үеийн бошиглогчдоор дамжуулан Их Эзэний үгс болох олон илчлэлтийг агуулдаг. Өнөөдөр Их Эзэн Өөрийн хүслийг сонгосон үйлчлэгчдэдээ илчлэн, Сүмээ цаашид удирдсаар байна.

Бошиглогчид бол илчлэлт авдаг цорын ганц хүмүүс биш юм. Итгэлтэй байдлынхаа дагуу та онцгой хэрэгцээ, хариуцлага, асуултууддаа тусламж авахаар мөн гэрчлэлээ хүчирхэгжүүлэхээр илчлэлт хүлээн авч чадна.

Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт хүлээн авахад бэлтгэх

Судрууд үзэгдэл, зүүд, тэнгэр элчийн айлчлал зэрэг янз бүрийн илчлэлтийн талаар өгүүлдэг. Иймэрхүү арга замаар дамжуулан Их Эзэн Өөрийн сайн мэдээг хожмын өдрүүдэд сэргээж, мөнх бус байдлын өмнөх оршихуй, нас барагсдын гэтэлгэл мөн алдар суугийн гурван хаант улсын талаарх сургаалтай холбогдох үнэнийг илчилсэн. Гэсэн хэдий ч удирдагчид болон Сүмийн гишүүдэд өгөгддөг ихэнх илчлэлт Ариун Сүнсний шивнээгээр дамжин ирдэг.

Чимээгүй сүнслэг өдөөлтүүд онцгой үзэгдэл юм уу тэнгэр элчийн айлчлал шиг санагдахгүй байж болно. Гэхдээ тэдгээр нь илүү хүчтэй, үүрдийн бөгөөд амьдралыг өөрчлөхүйц юм. Ариун Сүнсний гэрч нь харж, сонсох ямар ч зүйлээс илүү ач холбогдол бүхий сэтгэгдлийг бодгальд төрүүлдэг. Та иймэрхүү илчлэлтээр дамжуулан сайн мэдээндээ үнэнч хэвээр үлдэх мөн үүнтэй ижил зүйлийг хийхэд бусдад туслах үүрдийн хүч чадлыг хүлээн авна.

Дараах зөвлөгөө нь таныг Ариун Сүнсний өдөөлтүүдийг хүлээн авахаар бэлтгэхэд туслах юм. Үүнд:

Удирдамж хүсэн залбир.

Их Эзэн: “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ” (Матай 7:7-8) хэмээсэн. Олж, хүлээн авахын тулд та эрж, хайж, асуух ёстой. Хэрэв та тогшихгүй бол, өөрөөр хэлбэл удирдамж авахын тулд Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирахгүйгээр илчлэлтийн хаалга танд онгойхгүй. Гэвч та Эцэгтээ даруухнаар залбирвал, улмаар “баяр хөөрийг авчирдаг, мөнхийн амьдралыг авчирдаг тэрхүү нууцууд хийгээд амар амгалангийн зүйлүүдийг мэдэж болохын тулд илчлэлт дээр илчлэлт, мэдлэг дээр мэдлэг хүлээн авч” (С ба Г 42:61) чадна.

Хүндэтгэлтэй бай.

Бишрэл хүндэтгэл нь агуу их хүндлэл, хайр мөн. Та бишрэл хүндэтгэлтэй, амар амгалан байдалд илчлэлтийг урьдаг. Тэр ч бүү хэл, таны эргэн тойрны бүх зүйл үймээн самуунтай байлаа ч та бишрэл хүндэтгэлтэй байж, Их Эзэнээс удирдамж авахад бэлтгэж чадна.

Даруу бай.

Даруу төлөв байдал нь бишрэл хүндэтгэлтэй нягт холбоотой. Даруу төлөв байхдаа та өөрийгөө Их Эзэнээс хамааралтай гэдгээ ойлгох болно. Бошиглогч Мормон: “Мөн даруу байдал хийгээд зүрх сэтгэлийн хүлцэнгүй чанарын улмаас, найдвар хийгээд төгс хайраар дүүргэх Тайтгаруулагч болох Ариун Сүнсний айлчлал нь ирдэг” (Моронай 8:26) хэмээн заасан.

Зарлигуудыг сахь.

Та зарлигуудыг сахиснаар Ариун Сүнсний өдөөлтүүдийг дагах, таних, хүлээн авахад бэлтгэгдэж чадна. Их Эзэн “Гэвч миний зарлигуудыг сахидаг түүнд бибээр хаант улсынхаа нууцуудыг өгнө, мөн мөнхүү эдгээр нь үүрдийн амьдрал уруу урсагч амьд усны худаг түүнд байх болно” (C ба Г 63:23) хэмээн амласан.

Ариун ёслолоос зохистойгоор хүрт.

Ариун ёслолын залбирал нь Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг хэрхэн хүлээн авч болохыг заадаг. Ариун ёслолоос хүртэх үед та Бурханд Түүний Хүүгийн нэрийг өөртөө авах хүсэлтэй байгаагаа мөн Түүнийг болон Түүний зарлигуудыг үргэлж санан дурсаж байгаагаа гэрчилдэг. Таныг эдгээр гэрээгээ биелүүлэх аваас Ариун Сүнс тантай үргэлж хамт байна гэдгийг Тэнгэрлэг Эцэг амладаг. (C ба Г 20:77, 79-ийг үзнэ үү.)

Судруудыг өдөр бүр судал.

Судруудыг хичээнгүйлэн судлах юм бол та Их Эзэний илчилсэн хүслийг дагасан учраас амьдрал нь адислагдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээнээс суралцдаг. Мөн та амьдралдаа Ариун Сүнсийг ихээр хүлээн авч чадна. Уншаад тунгаан бодвоос судрын тодорхой нэг хэсэг танд хэрхэн хүрч байгаа эсвэл Их Эзэний тантай ярилцахыг хүсэж байгаа зүйлсийн талаар илчлэлт хүлээн авч чадна. Судрын уншлага таныг хувийн илчлэлт хүлээн авахад тусалдаг учраас та өдөр бүр судраас суралцах хэрэгтэй.

Тунгаан бодох цаг гарга.

Та сайн мэдээний үнэнийг тунгаан бодох цаг гаргаснаар бодол санаа, зүрх сэтгэлээ Ариун Сүнсний удирдаж буй нөлөөллийн зүг нээдэг (1  Нифай 11:1; С ба Г 76:19; 138:1–11-ийг үзнэ үү). Тунгаан бодох нь дэлхийн чухал бус зүйлсээс бодлыг тань салгаж, Сүнстэй ойр авчирна.

Тодорхой удирдамж эрэлхийлэхдээ уг асуудлыг оюун санаандаа судал.

Зарим үед Их Эзэний харилцаа зөвхөн бодол санаандаа судлан авч үзсэний дараа ирэх болно. Их Эзэн Мормоны Номын ихэнх орчуулгад Иосеф Смитийн бичээчээр үйлчилж байсан Оливер Каудерид энэхүү явцыг тайлбарлажээ. Хэдийгээр Оливер Каудерид орчуулах бэлэг өгсөн боловч Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан, Оливер Мормоны Номыг орчуулах боломжгүй байсан шалтгааныг тайлбарлан хэлэхдээ: “Болгоогтун, чи ойлгосонгүй; чи надаас асуухаас өөрөөр санаа тавиагүй байхад чинь, би үүнийг чамд өгөх юм шигээр чи бодсон байна. Гэвч, болгоогтун, би чамд хэлнэ, чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой, мөн энэ нь зөв аваас цээжин биеийг чинь чиний дотор шатахаар болгоно би; тиймийн тул, энэ нь зөв юм байна гэдгийг чи мэдрэх болно” (C ба Г 9:7–8) гэсэн.

Бурханы тааллыг тэвчээртэй эрэлхийл.

Бурхан Өөрийгөө “өөрийнх нь цагт, мөн түүний өөрийнх нь замаар, мөн түүний өөрийнх нь тааллын дагуу” илчилдэг ( С ба Г 88:63–68-ыг үзнэ үү). Магадгүй илчлэлт нь танд “шат шатаар, дүрэм дүрмээр” ирж болно (2  Нифай 28:30 мөн Исаиа 28:10; С ба Г 98:12-ыг үзнэ үү). Сүнслэг зүйлсийг бүү хүчил. Ийм маягаар илчлэлт ирдэггүй. Их Эзэний цаг хугацаанд итгэж, тэвчээртэй бай.

Ариун Сүнсний өдөөлтүүдийг танин мэдэх

Өнөөгийн дэлхий ертөнцийн олон дуу чимээ болон олон элч дундаас та Ариун Сүнсний шивнээг ялган таньж сурах ёстой. Ариун Сүнсний бидэнтэй харилцдаг зарим үндсэн арга замыг доор үзүүлэв.

Тэр бидний зүрх сэтгэл хийгээд оюунд намуухан зөөлөн дуугаар ярьдаг.

Их Эзэн “Тийм ээ, болгоогтун, чамд ирж мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно. Эдүгээ, болгоогтун, энэ бол илчлэлтийн сүнс болой” (С ба Г 8:2–3) хэмээн заасан. Зарим үед Ариун Сүнс сайн мэдээний үнэнийг ойлгоход эсвэл “оюун бодлыг [тань] эзэмдэж мөн [таны] бодол санааг хүчтэйгээр эзэмдэх” ( С ба Г 128:1) өдөөлт өгөхөд туслах болно. Хэдийгээр иймэрхүү илчлэлт танд хүчтэй нөлөө үзүүлж чадах ч энэ нь бараг үргэлж “намуухан аниргүй дуу хоолой”-гоор ирдэг (1 Хаад 19:9–12; Хиламан 5:30; С ба Г 85:6-г үзнэ үү).

Тэрээр бидний мэдрэмжүүдээр дамжуулан өдөөлт өгдөг.

Хэдийгээр бид Сүнсний харилцааг дуу хоолой мэт ихэнхдээ дүрсэлдэг ч тэрхүү дуу хоолойг бид сонсохоосоо илүүтэй мэдэрдэг. Ариун Сүнсний шивнээг бид “сонсон” ярих зуур үргэлж сүнслэг өдөөлтүүдийг “би … мэдэрлээ” гэж тайлбарлан хэлдэг. 34-р хуудсан дээр ярилцсан Сургаал ба Гэрээний 9-р хэсэгт Оливер Каудерид өгсөн Их Эзэний зөвлөгөө энэхүү зарчмыг заадаг. Гэхдээ энэ зөвлөгөө зарим үед буруугаар ойлгогддог. Тэрхүү хэсгийг уншсан Сүмийн зарим гишүүн Ариун Сүнсний өдөөлтийг хэзээ ч хүлээн аваагүй хэмээн айсандаа төөрөлддөг. Учир нь хэзээ ч тэдний цээж шатах мэт мэдрэмжийг мэдэрч байгаагүй байдаг. Сургаал ба Гэрээний 9:8-д Их Эзэний хэлсэн сүүлчийн үг болох “Тиймийн тул, энэ нь зөв юм байна гэдгийг чи мэдэх болно” гэснийг анхаар. Судрын тэр хэсэгт дүрсэлсэн “шатах” гэсэн үг нь тайтгарал, амар тайван мэдрэмжийг чухалчилж байгаа ба дулаан мэдрэмж байх албагүй. Амьдралдаа Их Эзэний хүслийг дагахаар үргэлжлүүлэн эрэлхийлэх үед Ариун Сүнс хэрхэн биечлэн нөлөөлж байгааг таних болно.

Тэрээр амар амгаланг авчирдаг.

Ариун Сүнсийг ихэнхдээ Тайтгаруулагч гэж нэрлэдэг (Иохан 14:26; С ба Г 39:6-г үзнэ үү). Их Эзэний хүсэл зоригийг Тэрээр танд илчлэхдээ, “чиний оюунд амар амгаланг ярих болно” (С ба Г 6:23) гэжээ. Түүний өгдөг амар амгалан худал сургаал юм уу дэлхийн хуурамч нөлөөллөөр хууран мэхлэгдэж чадахгүй. Энэ нь Тайтгаруулагчаа илгээнэ хэмээн шавь нартаа батлан хэлэхдээ Аврагчийн амласан амар амгалан юм. “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ” (Иoхан 14:27) хэмээн Тэр хэлсэн.