Бусад эх сурвалж
Урьдчилсан томилолт


“Урьдчилсан томилолт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 204

“Урьдчилсан томилолт,” Итгэлдээ үнэнч байх нь, 204

Урьдчилсан томилолт

Бурхан мөнх бус байдлын өмнөх сүнсний дэлхийд зарим сүнсийг мөнх бус амьдралынх нь үед тодорхой үүрэг гүйцэтгүүлэхээр томилжээ. Үүнийг урьдчилсан томилолт гэдэг.

Урьдчилсан томилолт нь хувь хүмүүсийг тодорхой дуудлагыг эсвэл үүргүүдийг хүлээн авна гэсэн баталгааг өгдөггүй. Иймэрхүү боломжууд нь энэ амьдралд зөв шударга сонголтын үр дүнд, яг л мөнх бус байдлын өмнөх байдалд зөв шударгын үр дүнд урьдчилан томилогдсонтой адил ирдэг юм.

Есүс Христ Цагаатгалыг гүйцэлдүүлэхээр урьдчилан томилогдож, “ертөнцийн сууриас алагдсан Хонь” болсон (Илчлэл 13:8; 1 Петр 1:19–21-ийг үзнэ үү). Судруудад урьдчилан томилогдсон бусад хүний талаар өгүүлдэг. Бошиглогч Абрахам мөнх бус байдлын өмнөх сүнсний дэлхий дэх сүнснүүдийн дунд “нэр төртэй хийгээд агуу суутнууд” байсан үзэгдлийг үзэх үедээ өөрийн урьдчилсан томилолтын талаар олж мэдсэн. Тэрээр: “Мөн сайн байсан тэдгээр бодгалиудыг Бурхан харав, мөн тэрбээр тэдний дунд байлаа, мөн тэрбээр хэлэв: Эднийг би захирагчдаа болгох болно; учир нь тэрбээр сүнс асан тэдний дунд зогсож байв, мөн тэрбээр сайн байсан тэднийг харав; мөн тэрбээр надад хэлэв: Абрахам, чи тэдний нэг болой; чи төрөхөөсөө өмнө сонгогдсон билээ” хэмээн хэлсэн (Aбрахам 3:22–23). Иеремиад хандан Их Эзэний хэлсэнчлэн “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан. Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон” (Иеремиа 1:5). Иохан Баптист Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинуулалд хүмүүсийг бэлтгэхээр урьдчилан томилогдсон юм (Исаиа 40:3; Лук 1:13–17; 1 Нифай 10:7–10-ыг үзнэ үү).

Урьдчилсан томилолтын сургаал нь Аврагчид болон Түүний бошиглогчдод мөн Сүмийн бүх гишүүнд хамаатай. Дэлхийн үүслээс өмнө итгэлтэй эмэгтэйчүүдэд тодорхой үүргүүдийг өгч, итгэлтэй эрэгтэйчүүдийг санваарын үүргүүдэд урьдчилан томилсон ажээ. Хэдийгээр та тэр цаг үеийг санадаггүй ч Эцэгийн үйлчлэлд чухал ач холбогдол бүхий үүрэг даалгавруудыг биелүүлэхээр зөвшөөрсөн нь лавтай. Та өөрийнхөө зохистойг нотолбол тэр үед хүлээн авсан үүргээ биелүүлэх боломжууд танд өгөгдөх болно.