Бусад эх сурвалж
Ариун ёслол


“Ариун ёслол,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 25–27

“Ариун ёслол,” Итгэлдээ үнэнч байх нь, 25–27

Ариун ёслол

Есүс Христ цовдлуулахынхаа өмнөх орой төлөөлөгчидтэйгөө уулзаж, ариун ёслолыг танилцуулсан юм. “Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм” (Лук 22:19–20) гэжээ. Аврагч амилсныхаа дараа нифайчуудын дунд ариун ёслолыг танилцуулсан (3 Нифай 18:1–11).

Өнөөдөр бид Есүс Христийн цагаатгах золиосыг дурсан санаж, талх, уснаас хүртдэг. Энэхүү ёслол нь бидний сүсэг бишрэл болон сүнслэг хөгжлийн зайлшгүй нэг хэсэг юм. Үүний ач холбогдлыг илүү их тунгаан бодохын хэрээр бидний хувьд энэ нь илүү ариун болдог.

Аврагчийг болон Түүний Цагаатгалыг санах

Ариун ёслол нь Бурханы Хүүгийн амьдрал, үйлчлэл, Цагаатгалыг талархан санах боломжийг бидэнд олгодог.

Та хуваасан талхаар Түүний биеийг дурсан санадаг. Түүний бие махбодын зовлон шаналлыг, ялангуяа загалмай дээрх Түүний шаналлыг та бодож эргэцүүлж болно. Түүний нигүүлсэл, ач ивээлээр дамжуулан бүх хүн амилуулагдаж, Бурхантай хамт амьдрах мөнх амьдралыг хүлээн авах боломж өгөгдсөнийг та дурсан санаж болно.

Та жижигхэн аягатай усаар, Аврагч өөрийн цусыг асар хүчтэй сүнсний шаналал, зовлон зүдгүүрт Гетсеманийн цэцэрлэгээс эхлэн асгаруулсныг дурсаж чадна. Тэрээр “Сэтгэл минь үхтлээ зовж байна” (Maтай 26:38) гэж хэлсэн. Тэрээр Эцэгийн хүсэлд захируулан, бидний бодож байгаагаас ч илүү зовж шаналсан. “Арьсных нь сүв бүрээс цус шүүр[сэн] болно, өөрийнхөө хүмүүсийн ёс бус мөн жигшүүрт хэргүүдийн төлөөх түүний тарчлал ийм агуу бай[сан]” (Moзая 3:7). Түүний асгаруулсан цусаар дамжуулан, та Есүс Христ таныг болон бүх хүнийг сударт өгүүлдэгчлэн Адамын зөрчлийн “анхны гэмээс” аварсныг дурсан санаж чадна (Moсе 6:54). Наманчилж, сайн мэдээгээр амьдардаг хүмүүст нүглийн ангижралыг олгон, Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн нүгэл, уй гашуу хийгээд өвчний төлөө хэрхэн зовж шаналсныг нь та санаж чадна (2 Нифай 9:21–23-ыг үзнэ үү).

Гэрээгээ шинэчлэх болон амлагдсан адислалууд

Та ариун ёслолоос хүртэхдээ, Бурханы Хүүг санан дурсах байдал тань тэрхүү нандин ёслолын богино хугацаанаас цааш үргэлжилнэ гэдгийг Бурханд гэрчилдэг. Түүнийг үргэлж дурсан санана хэмээн та амладаг. Есүс Христийн нэрийг өөртөө авч, зарлигуудыг нь дагах хүсэлтэй байгаагаа та гэрчилдэг. Та ариун ёслолоос хүртэж, эдгээр амлалтыг өгснөөр баптисмын үеэр байгуулсан гэрээгээ шинэчилдэг (Мозая 18:8–10; С ба Г 20:37-г үзнэ үү).

Та баптисмын гэрээгээ сахиснаар агуу адислалуудыг хүлээн авдаг. Таныг гэрээгээ шинэчлэх үед, нүглийг тань уучилна гэсэн амлалтаа Их Эзэн шинэчилдэг. Нүглээсээ цэвэршсэнээр та “түүний Сүнсийг [өөртэйгөө] үргэлж хамт байлга[х]” боломжтой болно (С ба Г 20:77). Сүнсний байнгын нөхөрлөл бол мөнх бус байдалдаа таны хүлээн авах хамгийн том бэлгүүдийн нэг юм. Сүнс таныг Есүс Христ болон Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдрал руу хөтлөх зөв шударга байдал хийгээд амар амгалангийн зам руу удирдах болно.

Ариун ёслолоос зохистой хүртэх

Долоо хоног бүр ариун ёслолд бэлтгэхдээ амьдралаа хянан үзэж, нүглээ наманчлах цаг гарга. Та ариун ёслолоос хүртэхдээ төгс төгөлдөр байх шаардлагагүй ч даруу сүнстэй мөн зүрх сэтгэлдээ наманчлалтай байх хэрэгтэй. Долоо хоног бүр харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр энэ нандин ёслолд бэлтгэх хэрэгтэй (3 Нифай 9:20).

Хэрэв та ариун ёслолд бишрэл хүндэтгэлтэй, баяр хөөртэй хандвал, долоо хоног бүр өөртөө дүн шинжилгээ хийх, наманчлах, дахин онцгойлон адислах боломж буюу хүч чадал болон Аврагчийн Цагаатгалын байнгын дурсан сануулагч эх сурвалж болдог.