“Сонгох эрх,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 173–175
“Сонгох эрх,” Итгэлдээ үнэнч байх нь, 173–175
Сонгох эрх
Тэнгэрлэг Эцэг танд өөрийнхөө төлөө сонгох, үйлдэх чадвар болох сонгох эрхийг өгсөн. Сонгох эрх бол авралын төлөвлөгөөний чухал хэсэг юм. Үүнгүйгээр та суралцах, өсөж хөгжих, Аврагчийг дагах чадваргүй байх байсан. Та үүгээр “бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан, эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвээс чөтгөрийн хүч мөн боолчлолын дагуу, боолчлол болон үхлийг сонгох эрхтэй” (2 Нифай 2:27).
Бүр төрөхөөсөө өмнө танд сонгох хүч байсан. Мөнх бус амьдралын өмнөх Тэнгэр дэх зөвлөл дээр Тэнгэрлэг Эцэг сонгох эрхийн зарчмыг багтаасан төлөвлөгөөгөө танилцуулсан. Люсифер бослого гаргаж, “хүмүүний сонгох эрхийг устгахыг эрэлхийлсэн” (Moсe 4:3). Үүний үр дүнд Люсиферийн болон түүний дагагчдын мөнх бус бие махбодыг хүлээн авах онцгой эрх няцаагджээ. Энэ дэлхий дээр таны оршин буй нь та Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагах сонгох эрхээ ашигласан гэдгийг тань баталж байгаа хэрэг юм.
Мөнх бус амьдралд та үргэлжлүүлэн сонгох эрхтэй. Энэ бэлгийг ашиглах нь энэ болоод ирэх амьдралд тохиох аз жаргал, уйтгар гунигийг тодорхойлдог. Та сонгох, үйлдэх эрх чөлөөтэй ч хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг сонгож чадахгүй. Үр дагавар нь тэр дороо илрэхгүй ч хэзээ нэгэн цагт заавал гарах болно. Сайн болоод зөв шударга сонголтууд нь аз жаргал, амар амгалан, мөнх амьдрал руу хөтөлдөг байхад нүгэл, хилэнцийн сонголтууд уй гашуу, зовлон зүдгүүрт хүргэдэг.
Та гаргаж буй шийдвэрүүддээ өөрөө хариуцлага хүлээдэг. Хэрэв та Бурханы зарлигийг дагахгүй байхыг сонговол нөхцөл байдал, гэр бүл, найз нөхдөө буруутгах ёсгүй. Та агуу хүч чадалтай Бурханы хүүхэд мөн. Нөхцөл байдал ямар байгаагаас үл шалтгаалан танд шударга ёс, аз жаргалыг сонгох чадвар бий.
Та Тэнгэрлэг Эцэгийн өгсөн авьяас, чадваруудыг хөгжүүлэх үүрэгтэй. Та нар авьяас чадвараа юунд ашигласан, цаг хугацаагаа хэрхэн зарцуулсныхаа төлөө Түүний өмнө хариуцлага хүлээнэ. Цагаа дэмий үрэн бүү залхуур. Шаргуу хөдөлмөрлөх хүсэлтэй бай. Өөрийнхөө хүслээр олон сайн зүйл хийхээр сонго.