Бусад эх сурвалж
Жирэмслэлтээс хамгаалах


“Жирэмслэлтээс хамгаалах,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 49?108?

“Жирэмслэлтээс хамгаалах,” Итгэлдээ үнэнч байх нь, 49

Жирэмслэлтээс хамгаалах

Гэрлэсэн хос бие махбодын хувьд хүүхэд төрүүлэх чадвартай бол Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдэд мөнх бус бие махбодтой болоход нь туслах онцгой боломж тэдэнд байдаг. Бурханы хүүхдүүдийг бие махбод хүлээн авч, мөнх бус амьдралыг үзэхийг зөвшөөрдөг аз жаргалын агуу төлөвлөгөөний нэг хэсэгт тэд үүрэг гүйцэтгэдэг.

Хэрэв та гэрлэсэн бол ханьтайгаа хүүхдүүдийг энэ дэлхийд авчрах, тэднийг зөв шударгад халамжлах ариун үүргийнхээ талаар ярилцах хэрэгтэй. Та ийн ярилцахдаа амьдралын ариун нандин чанар болоод утга учрыг эргэцүүлэн бодоорой. Гэр орондоо хүүхэдтэй байхын баяр баясгаланг тунгаан бод. Сайн үр удамтай байхын мөнхийн адислалуудыг эргэцүүлэн бод. Эдгээр зарчмын талаарх гэрчлэлтэйгээр, та ханьтайгаа хэзээ, хэдэн хүүхэдтэй байхаа залбирч шийдэхийн тулд бэлтгэгдэх болно. Ийм шийдвэр зөвхөн та хоёр болон Их Эзэний хооронд л байна.

Та энэхүү ариун нандин асуудлын тухай ярилцаж байхдаа, гэрлэсэн хүмүүсийн бэлгийн харьцаа тэнгэрлэгээр зөвшөөрөгдсөн гэдгийг санаарай. Ийм харилцааны нэг зорилго бол Бурханы хүүхдүүдэд бие махбод өгөх явдал байдаг бол өөр нэг зорилго нь нэг нэгэндээ хайраа илэрхийлэх, эхнэр, нөхөр хоёрыг үнэнч, шударга, анхаарал халамж, нэгдмэл зорилгод холбох явдал байдаг.