Бусад эх сурвалж
Аароны санваар


“Аароны санваар,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 3–4

“Aaроны санваар,” Итгэлдээ үнэнч байх нь, 3–4

Аароны санваар

Бошиглогч Иосеф Смит Мормоны Номыг орчуулж байхдаа нүглээс ангижрахын тулд хүртэх баптисмыг дурдсан байсныг олж мэджээ. 1829 оны 5-р сарын 15-нд тэрээр өөрийн бичээч Оливер Каудеригийн хамт Их Эзэнээс баптисмын талаар асуухаар ой руу явав. Тэднийг залбирч байх үед “тэнгэрээс нэгэн элч гэрэлт үүлэн дотор доош буун иржээ.” Тэрхүү элч олон зууны тэртээ Есүс Христэд баптисм хүртээсэн бошиглогч болох Иохан Баптист байв. Одоо амилуулагдсан бие болох Иохан Баптист Иосеф, Оливер хоёр дээр гараа тавин, хоёуланд нь Аароны санваар хүртээсэн бөгөөд энэ нь Их уналтын үеэр дэлхийгээс авагдсан байв. Энэ эрх мэдлээр Иосеф, Оливер хоёр бие биедээ баптисм хүртээх боломжтой болжээ. (Иосеф Смит–Түүх 1:68–72-ыг үзнэ үү.)

Өнөө үед Сүмд зохистой эрэгтэй гишүүд 12 настайгаасаа эхлэн Аароны санваар хүлээн авч болдог. Тэд ариун санваарын ёслолуудад оролцох, үйлчлэх олон боломжийг хүлээн авдаг. Тэд үүргээ зохистойгоор биелүүлэхдээ сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад нь бусдад туслахын тулд Их Эзэний нэрээр үйлддэг.

Аароны санваарын алба нь бишоп, прист, багш, дикон юм. Дикон нь тэргүүлэх санваарын удирдагч (ихэвчлэн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч)-ийн зөвшөөрлөөр ариун ёслолыг түгээдэг. Үйлчлэл хийх, мацгийн өргөл цуглуулах зэрэг зарим ажилд дэмжлэг үзүүлэх замаар Сүмийн гишүүдийг харж хандахад нь бишопт эсвэл салбарын ерөнхийлөгчид тусалдаг. Багш нь диконы бүх үүргийг гүйцэтгэж болох бөгөөд түүнчлэн үйлчлэх бусад боломжийг хүлээн авдаг. Тэд ариун ёслолын талх, усыг бэлдэн, гэрийн багшаар үйлчилдэг. Прист нь багш, диконы бүх үүргийг гүйцэтгэж болно. Тэргүүлэх санваарын удирдагчийн зөвшөөрлөөр тэд ариун ёслолыг адислан, баптисм хүртээж, бусдыг прист, багш, диконы албанд томилж болно.

Аароны санваар нь “дээд буюу Мелкизедек санваарын хавсралт” юм (С ба Г 107:14). Үүнийг ихэнхдээ бэлтгэл санваар гэдэг. Аароны санваарт үйлчилдэг санваартан нь Мелкизедек санваарыг болон ариун сүмийн адислалуудыг хүлээн авах, бүрэн цагийн номлолд үйлчлэх, хайраар дүүрэн нөхөр, эцэг байх, Их Эзэнд амьдралынхаа туршид үргэлжлүүлэн үйлчлэх зэрэгт бэлтгэдэг.