Бусад эх сурвалж
Арван зарлиг


“Арван зарлиг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 22–25

“Арван зарлиг,” Итгэлдээ үнэнч байх нь, 22–25

Арван зарлиг

Арван зарлиг бол бидний мөнхийн өргөмжлөлд зайлшгүй хэрэгтэй мөнхийн сайн мэдээний зарчмууд юм. Их Эзэн тэдгээрийг Мосед эрт цагт илчилсэн (Гэтлэл 20:1–17-г үзнэ үү) бөгөөд тэдгээрийг хожмын үеийн илчлэлд дахин мэдэгдсэн (C ба Г 42:18–29; 59:5–13; 63:61–62-ыг үзнэ үү). Арван зарлиг нь сайн мэдээний чухал хэсэг юм. Эдгээр зарлигт дуулгавартай байх нь бусад сайн мэдээний зарчимд дуулгавартай байхын эхлэл болдог.

Арван зарлигийн дараах дүгнэлтэд эдгээр нь өнөөдөр бидний амьдралд хэрхэн хэрэгжиж байдаг талаар товч тайлбарыг агуулдаг.

  1. “Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй” (Гэтлэл 20:3). Бид “Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулан” (С ба Г 82:19) хийх ёстой. Бид Их Эзэнийг бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлаж, үйлчлэх ёстой (Дэд хууль 6:5; С ба Г 59:5-ыг үзнэ үү).

  2. “Өөртөө зориулан … ямар нэг дүрсийг бүү хий” (Гэтлэл 20:4). Энэхүү зарлигт Их Эзэн хиймэл шүтээнд сүсэглэхийг зэмлэдэг. Хиймэл шүтээн олон янз байдаг. Зарим хүн сийлсэн дүрс, чулуун хөшөөний өмнө бөхийдөггүй, харин мөнгө, материаллаг эд зүйлс, бодол санаа, алдар хүнд зэрэг бусад хиймэл шүтээнээр амьд Бурханыг орлуулдаг. Тэдний амьдралд “тэдний хөрөнгө нь тэдний бурхан” ба тэдний хөрөнгө нь “тэдэнтэй хамт түүнчлэн мөхөх болно” (2 Нифай 9:30).

  3. “Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд” (Гэтлэл 20:7). Энэхүү зарлигийн тайлбарыг “Бохир хэллэг,” 56-р хуудаснаас үзнэ үү.

  4. “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” (Гэтлэл 20:8). Энэхүү зарлигийн тайлбарыг “Хүндэтгэлийн өдөр” 217–218-р хуудаснаас үзнэ үү.

  5. “Эцэг эхээ хүндэл” (Гэтлэл 20:12). Бид өсөж том болсон ч энэ нь заавал дагаж мөрдөх зарлиг юм. Бид эцэг эхээ хүндлэх замыг үргэлж хайж байх ёстой.

  6. “Чи хүн бүү ал” (Гэтлэл 20:13). Дайнд явах шаардлагатай хүмүүст энэ зарлиг хэрхэн хамаардаг тухай тайлбарыг 82-р хуудасны “Дайн” гэдгээс үзнэ үү.

  7. “Чи бүү завхайр” (Гэтлэл 20:14). Хожмын үеийн илчлэлтэд Их Эзэн зөвхөн завхайрахыг буруутгаагүй, мөн “энэ мэт ямар ч зүйлийг” (С 6а Г 59:6) буруутгасан. Далдуур явалдах, ижил хүйстэнтэйгээ явалдах болон бусад бэлгийн харьцааны нүглүүд нь долоо дахь зарлигийг зөрчиж буй явдал юм. Нэмэлт тайлбарыг “Ариун явдал,” 35–40-р хуудаснаас үзнэ үү.

  8. “Чи бүү хулгайл” (Гэтлэл 20:15). Хулгай хийх нь шударга бусын нэг хэлбэр. Шударга байдал гэдгийн тайлбарыг  223-р хуудаснаас үзнэ үү.

  9. “Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий” (Гэтлэл 20:16). Худал мэдүүлэг өгөх нь шударга бус байдлын өөр нэг хэлбэр юм. Шударга байдал гэдгийн тайлбарыг 223-р хуудаснаас үзнэ үү.

  10. “Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна” (Гэтлэл 20:17). Өөр хүнд хамаарах зүйлст шунахайрах буюу атаархах нь бодгалийг гэмтээнэ. Энэ нь бидний бодол санааг үгүйрүүлж, байнгын аз жаргалгүй, сэтгэл ханамжгүй байдалтай болгоно. Энэ нь ямагт бусад нүглийг үйлдэхэд болон санхүүгийн өрөнд хүргэдэг.

Хэдийгээр Арван зарлигийн жагсаалт ихэнх зүйлийг бид хийх ёсгүй гэх боловч тэдгээр нь мөн бидний хийх ёстой зүйлсийг харуулж байдаг. Аврагч Арван зарлигаа—Их Эзэнийг хайрлах хайр болон бусдыг хайрлах хайр гэсэн хоёр зарчимд хураангуйлсан.

“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.

Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.

Удаах нь ‘Чи хөршөө өөрийн адил хайрла’” (Матай 22:37–39).