“Есүс Христ,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 87–89
“Есүс Христ,” Итгэлдээ үнэнч байх нь, 87–89
Есүс Христ
2000 оны 1-р сарын 1-нд Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга дараах тунхгийг гаргасан юм. “Амьд Христ” хэмээх гарчигтай энэхүү тунхаг нь Их Эзэн Есүс Христийг гэрчилж; Түүний өвөрмөц байдал, тэнгэрлэг үүргийг дараах байдлаар тоймлосон байдаг.
“Есүс Христийн хоёр мянган жилийн өмнө мэндэлснийг дурсан хүндэтгэхдээ бид Түүний зүйрлэшгүй амьдрал болон агуу их цагаатгах золиослолын хэмжээлшгүй ач тусын бодит үнэнийг гэрчилдэг. Дэлхий дээр амьдарч байсан ба амьдрах бүх хүмүүст ийм хүчтэй нөлөөг хэн ч үзүүлж байгаагүй.
Тэр бол Хуучин Гэрээний агуу Иехова, Шинэ Гэрээний Мессиа билээ. Тэр бол Эцэгийнхээ удирдлаган доор дэлхийг бүтээсэн Бүтээгч. ‘Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй’ (Иохан 1:3). Нүгэлгүй ч Тэрээр бүх зөв шударга ёсыг гүйцэлдүүлэхээр баптисм хүртсэн. Түүнийг ‘явж сайныг үйлдсэн’ (Үйлс 10:38)-ийх нь төлөө үзэн ядаж байсан. Түүний сайн мэдээ бол амар амгалангийн болон сайн сайхны захиас байсан. Тэр чин сэтгэлээсээ бүх хүнийг Өөрийнх нь жишээг дагахыг хүссэн билээ. Тэрээр Палестины замаар явж, өвчтэй нэгнийг анагааж, сохор нэгнийг хараатай болгож, үхсэн нэгнийг амилуулж байв. Тэрээр мөнх байдал, мөнх бус байдлын өмнөх оршихуйн бодит үнэнийг, дэлхий дээрх бидний амьдралын зорилго болон ирэх амьдрал дахь Бурханы охид, хөвгүүдэд өгөх боломжийн тухай заасан.
Тэрээр Түүний агуу их цагаатгах золиослолыг сануулахаар ариун ёслолыг тогтоосон. Түүнийг баривчилж, гүтгэлгээр яллаж, цугларагсдын бахыг ханган шийтгэж, мөн Калварийн загалмай дээр үхэх ял оноосон юм. Тэрээр бүх л хүн төрөлхтний нүглийг цагаатгахын төлөө амиа өгсөн. Энэ бол дэлхий дээр амьдрах бүх хүнд зориулсан Түүний бэлэг билээ.
Бүх хүн төрөлхтний түүхийн төв болж, Бетлехемд төрөхөөсөө өмнө, мөн Калвариас хойш амьдарч буй Түүний амьдралыг бид чин сэтгэлээсээ гэрчилж байна. Тэр бол Эцэгийн Ууган, махбод дахь Цорын Ганц Хүү, дэлхийн Гэтэлгэгч юм.
Тэр бол ‘нойрсогсдоос анхны үр жимс’ (1 Коринт 15:20) болохын тулд үхэгсдээс амилуулагдсан юм. Тэрээр амилсан Их Эзэний хувьд амьдралдаа хайрлаж байсан хүмүүс дээрээ ирсэн. Тэрээр бас эртний Америкт буй ‘бусад хониндоо’ (Иохан 10:16) тохинуулсан. Орчин үед эртнээс амласан ‘цаг хугацааны бүрэн дүүрэн эрин үе’ (Ефес 1:10)-ийг эхлүүлэхээр Тэр Эцэгтэйгээ хамт Иосеф Смит хүүгийн өмнө гарч ирсэн.
Амьд Христийн тухай бошиглогч Иосеф Смит бичихдээ: ‘Түүний мэлмий галын дөл лугаа адил байв; тэргүүнийх нь үс цэвэрхэн цас мэт цав цагаан байв; түүний төрх байдал нарны гэрлээс ч илүү хурцаар гялалзаж байлаа; мөн дуу хоолой нь агуу их ус хуйлрах мэт байв, бүр Иеховагийн дуу хоолой өгүүлэн;
‘Бибээр эхнийх мөн эцсийнх болой; Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө; бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ’ (C ба Г 110:3–4).
Түүний талаар бошиглогч мөн ийн тунхаглажээ. ‘Мөн эдүгээ, түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол бидний түүний талаар бидний өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!
‘Учир нь бид түүнийг бүр Бурханы баруун гар талд харсан билээ; түүнчлэн тэрээр Эцэгийн Төрсөн Ганц болой хэмээн гэрчлэх дуу хоолойг бид сонссон билээ—
‘Ийнхүү түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс, дэлхийнүүд бүтээгдсэн мөн бүтээгддэг ажгуу, мөн тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид нь бөлгөө’ (С ба Г 76:22–24).
Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь болж, төлөөлөгч, бошиглогчдын … суурин дээр босгогдсон’ (Ефес 2:20) Сүм болон санваар нь дэлхий дээр сэргээгдсэн гэдгийг бид чин сэтгэлийнхээ үгээр мэдэгдэж байна.
Түүнийг хэзээ нэгэн цагт дэлхий дээр эргэж ирнэ гэдгийг бид гэрчилж байна. ‘Ингээд ЭЗЭНий цог жавхлан илэрч, махбодтой бүхэн хамтдаа үзэх болно’ (Исаиа 40:5). Тэрээр Хаадын Хааны хувьд удирдаж, Эздийн Эзэний хувьд хаанчлах болно. Тэгээд Түүнийг шүтэн өвдөг бүхэн сөгдөж, хэл бүхнээр ярих болно. Хүн бүр Түүний өмнө хийсэн ажил хэрэг, зүрх сэтгэлдээ агуулсан хүслийнхээ дагуу шүүгдэх болно.
Бид Түүний албан ёсоор томилсон төлөөлөгчдийнх нь хувьд—Есүс бол амьд Христ, Бурханы үхэшгүй Хүү хэмээн гэрчилж байна. Тэр бол өнөөдөр Эцэгийнхээ баруун гар талд зогсож буй агуу Иммануэл Хаан. Тэр бол дэлхийн гэрэл, амь бөгөөд найдвар юм. Түүний зам бол энэ амьдралд аз жаргал руу хөтлөх зам бөгөөд ирэх ертөнцөд мөнх амьдрал руу хөтлөх жим юм. Тэнгэрлэг Хүүгийнх нь зүйрлэшгүй бэлгийнх нь төлөө Бурхандаа талархъя” (Ensign, 2000 оны 4-р сар, 2–3).