Бусад эх сурвалж
Аравны нэг


“Аравны нэг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 21–22

“Аравны нэг,” Итгэлдээ үнэнч байх нь, 21–22

Аравны нэг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байхын нэг адислал бол аравны нэг төлөх боломж юм. Та аравны нэгийн хуулийн дагуу амьдарснаар дэлхий дээрх Бурханы хаант улсыг байгуулахад оролцдог.

Аравны нэгийн зорилго ба тодорхойлолт

Та аравны нэгээ бүрэн төлөхийн тулд орлогынхоо арав хуваасны нэгийг Их Эзэнд Түүний Сүмээр дамжуулан өгдөг. Та бишопын эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнд аравны нэгээ өгдөг.

Орон нутгийн удирдагчид аравны нэгийн сангаа шууд Сүмийн удирдах алба руу шилжүүлдэг бөгөөд зөвлөл тэрхүү ариун санг ашиглах тодорхой арга замыг шийддэг. Энэхүү зөвлөл нь Тэргүүн 3өвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, Тэргүүлэх бишопын зөвлөлөөс бүрдэнэ. Тэд илчлэлтийн дагуу үйлдсэнээр Их Эзэнээр удирдуулан шийдвэр гаргадаг. (С ба Г 120:1-ийг үзнэ үү.)

Аравны нэгийн сан нь үргэлж Их Эзэний зорилгуудад, тухайлбал ариун сүм болон цуглааны байр барих, засварлах, номлолын ажлыг дэмжих, дэлхий дахинаа Сүмийн ажлыг явуулахад хэрэглэгддэг.

Аравны нэгийг бүрэн төлөхийн адислал

Аравны нэгийн хууль золиос шаарддаг хэдий ч хууль дахь таны дуулгавартай байдал золиосолж байсан зүйлээс тань агуу адислал авчирдаг. Бошиглогч Малахи:

“Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна” (Малахи 3:10) гэж заасан.

Эдгээр адислал үнийн дүн нь маш бага байсан ч гэсэн орлогынхоо арван хувийг бүрэн төлдөг хүмүүст ирдэг юм. Энэ хуулийг дагаснаар Их Эзэн таныг сүнслэг, материаллаг аль ч байдлаар адисалдаг.

Аравны нэг төлөх амлалт өгөх

Хэрэв та хараахан аравны нэгээ тогтмол төлөх дадлыг суулгаагүй байгаа бол танд орлогынхоо аравны нэгийг өгөх боломжтой байдаг гэдэгт итгэхэд хүндрэл учирч болно. Гэвч итгэлтэй аравны нэг төлөгчид аравны нэгээ төлөхгүй байж чадахгүй гэдгийг мэдэж авдаг. Маш бодит, гайхалтай арга замаар тэнгэрийн цонх нээгдэж, адислал тэдний дээрээс асгардаг.

Аравны нэг төлөх нь их мөнгө төлөхдөө бус, итгэл байгаа учраас гэдгийг сана. Их Эзэнд итгэ. Тэр зарлигуудыг бидний тyсын тулд өгсөн бөгөөд дагалдах амлалтуудыг нь өгсөн. “Их Эзэний зарлигуудыг сахихдаа итгэлтэй байцгаая; учир нь болгоогтун тэрээр бүхий л дэлхийнхээс илүү чадалтай” (1 Нифай 4:1) хэмээн хэлсэн Нифайн итгэлд хүч чадлыг эрэлхийл.